
-Төмөр замын тендер гэдэг бол дэлгүүр ажиллуулах, талх зарах тендертэй зүйрлэшгүй их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддагаараа, дэлхий дээр цөөн хэдхэн байгууллага гүйцэтгэдгээрээ онцлог. Саяхан манай улс Концессийн хуулиа баталлаа. Энэхүү хуулийн дагуу ВОТ,ВТ гэсэн хоёр нөхцөлийн аль нэгээр сонгон шалгаруулалт зарлагдана. ВОТ гэдэг нь гүйцэтгэгч мөнгө гаргаж төмөр зам байгуулаад тодорхой хугацаанд ашигласныхаа дараа төрд хүлээлгэн өгөх хэлбэр юм. Харин ВТ нь барьж байгуулмагцаа төрөөс зардлаа аван хүлээлгэн өгөх хэлбэр юм. Манай улсын хувьд ВОТ хэлбэр нь илүү тохиромжтой гэж үзэж байгаа. Тендерийг яг төдийд эхэлнэ гэж хэлэхэд эрт байна.
-Сонгон шалгаруулалтыг ямар улс илүү сонирхож байна вэ?
-Хөрш орнуудын сонирхол өндөр байна. Солонгос, Японд ч мөн сонирхол байгаа. Сонирхсон улс орны уулзалтуудыг хийж байна. Сонирхогчдыг консерциум болон оролцох болов уу гэсэн таамаг ч бий гэлээ.
Шинээр тавигдах төмөр зам нь говийн бүс нутагт тавигдах учраас хөрс, ус, замын судалгааг нарийвчлан хийж эхэлжээ. Тэгэхээр сонгон шалгаруулалтын эхлэл хэдийнэ тавигдсан гэж сайд онцолж байлаа. Эхний удаа тавих 1100 км төмөр зам нь Даланзадгадаас Тавантолгой хүртэлх 450 км, Цагаан суваргаас Зүүнбаян хүртэлх 400 км,Сайншандаас Баруун-Уотын чиглэлд 350 км, Баруун-Уотаас Хөөт хүртэлх 140 км, Хөөтөөс Чойбалсан хүртэлх 160 км зам байх ажээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг 2,5 жилд багтаан гүйцэтгэхийг санал болгож байгаа бөгөөд цаад талын хугацааг дөрвөн жилээс хэтрүүлэхгүй юм байна. Харин дараагийн 900 км төмөр замыг 2012 оноос тавьж эхлэхээр төлөвлөжээ. Шинээр тавих төмөр замын цариг нь 1520 мм буюу өргөн цариг байх юм.
Д.Цээнэ