Хүний эрхийн сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн сэдэвт сургалт боллоо

Жендер болон хүний эрхийн сэдвээр  хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Хөх морьт” цогцолборт боллоо. Фокус ТББ-аас зохион байгуулсан энэхүү сургалтыг ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийн олон нийтийн мэдээлэл, сургалт сурталчилгааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Сургалтад телевиз, радио, сонин сэтгүүл зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг төлөөлсөн сэтгүүлч, редактор болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын мэдээллийн ажилтнууд хамрагдсан.
Энэхүү сургалтыг жендер ба хүний эрхийн зөрчлүүд, тэгш байдлыг хангах хэрэгцээ шаардлага, олон нийт болон шийдвэр гаргагчдын дэмжлэг бий болгох зэрэг асуудлаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө мэдээлэл өглөө. Харин нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх үүрэг, гэр бүл төлөвлөлт болон эрсдэлтэй зан үйлд өртөх магадлалтай иргэдийг ХДХВ/ДОХ –оос сэргийлэх, аюулгүй бэлгийн харилцааны арга зам зэрэг асуудлаар  Азийн хөглийн банкны дэд бүтцийн төслүүд ба уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төслийн Эрүүл мэнд, сургалт хариуцсан зөвлөх Б.Цэвэлмаа мэдээлэл өгсөн юм.
Сургалтын үеэр оролцогчид олон нийт болон шийдвэр гаргагчдад зориулсан мэдээ мэдээллийг боловсруулахад хүний эрхийн асуудлыг хэрхэн харгалзан үзэх, үнэн зөв, хүртээмжтэйгээр түгээхэд анхаарах, мөн баг болон ажиллаж, хэлэлцүүлэг, мэдээ мэдээлэл, сурвалжлага зэргийг бэлтгэн дадлага хийв. Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг хэлэлцэн, батлуулах хэрэгцээ шаардлагыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэсэнээр шийдвэр гаргагчдад нөлөөлөхөд оршиж байгаа ажээ.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж