Монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөө, бие даасан байдлаа хангаж, хөгжил дэвшилд хүрэх арга зам хэмээн ардчиллыг сонгон замнаснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хоёр их гүрний дунд өвөрмөц байрлалтай онцлогоо харгалзан парламентын тогтолцоог гол тулгуур болгож, энэ хэрээр хууль тогтоох эрх мэдлийн хараат бус, бие даасан ажиллагаа, товчоор хэлбэл түүний дархлааг хүндэтгэн бөхөлж ирэв.
Парламентын дархлаа гэдэг уг институц ард түмнийг төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориусан онцгой эрхийн цогц билээ. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүнд олгож буй эрх түүнд өөрт нь, хувь хүнд нь биш, харин түүний төлөөлөх чанарт эдлүүлж буй хамгаалалт юм. Иймд уг хамгаалалтыг хувийн ашиг сонирхолдоо бус, зөвхөн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгод ашиглах ёстой. Эс тэгвээс парламентын дархлааг сулруулсан үйлдэл болно. Энэ нь даамжирвал хэн нэгэн гишүүн, тухайн үеийн парламент төдийгүй ерөөс парламентат ёсонд иргэдийн итгэл алдарч, хүлээн зөвшөөрөгдөх байдал буюу легитим чанар сулрах эрсдэлтэй.
Ардчилсан улсын парламент ард түмнийхээ үзэл санаа, хүсэл зоригийн тусгал байх ёстой. Парламентын гишүүд сонгогчдын хүсэл зориг, санаа бодлыг нь тээнэ, төлөөлнө хэмээн анх сонгогдож, үүнийгээ батлан тангараг өргөдөг. Харин сонгогдсон хойноо энэ үүрэг, амлалтаа умартаж “холбоо тасарвал” тэднийг эргүүлэн “байранд нь тавьдаг”, хариуцлага тооцдог механизм байх ёстой.
Ард түмнийг төлөөлж хууль тогтоох эрх мэдлийг нь хэрэгжүүлж буй бол сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээдлэх учиртай. Төрийн түшээд ёс зүйн алдаа гаргачихаад "буруу нь шүүхээр тогтоогдоогүй" гэх нэрээр хариуцлагаас зугтдаг байх нь ардчиллын зарчим биш. Ард түмэн өөрсдийгөө төлөөлөх нэгнийг сонгож болж буйтай адил бас хариуцлага тооцдог тогтолцоо байх ёстой.
Өнөөдөр дэлхийн олон улсад парламентын гишүүн ёс зүйн зөрчил гаргаж, хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах, бүрэн эрхийг нь цуцлах механизм хэдийн тогтоод байна. Парламентын засаглал төлөвшсөн орнуудад парламентын гишүүнийг эгүүлэн татах нь хууль тогтоох засаглалд халдаж буй зүйл огтхон ч биш, харин парламентын нэр хүндийг хамгаалах хөшүүрэг гэж үзэж байна.
Тухайлбал, парламентын засаглалын сонгодог загвар болох Их Британи Улсад 2015 онд "Парламентын гишүүдийг эгүүлэн татах тухай хууль" (Recall of MPs Act) батлагдсанаар ёс зүйн алдаа гаргасан гишүүнд сонгогчид шууд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдсэн. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш Крис Дэвис, Питер Боун зэрэг хэд хэдэн гишүүнийг сонгогчдын гарын үсгээр эгүүлэн татсан.
Парламентын засаглал төлөвшсөн оронд ёс зүйгүй, буруу үйлдэл хийсэн л бол хариуцлагаас ангид байх нь үгүй. Улс төрчид гаргасан алдаа, ёс зүйн дутагдлаа ухамсарлаж, институцийнхээ нэр хүндийг эрхэмлэн сайн дураараа огцрох соёл хэдийнээ тогтжээ. ХБНГУ-ын Бундестагийн гишүүд бусад орныхтой харьцуулахад нэлээд сайн “хамгаалагдсан” байдаг ч алдаа дутагдлаа ухамсарлан хариуцлага хүлээх улс төрийн соёл нь түүнээс хавьгүй өндөр. Жишээлбэл, 2014 онд Себастиан Эдати гэх гишүүн насанд хүрээгүй хүүхдэд холбогдох зүй бус видео бичлэг хадгалсныхаа төлөө гишүүнээс татгалзаж байв. 2021 онд цар тахлын үеэр амны хаалт худалдан авах ажиллагаанд нөлөөлсөн, оролцсон гэгдэж Марк Хауптманн гэх залуухан гишүүн ажлаа өгчсөн. Тэд зөвхөн гишүүний суудлаас буугаад зогсохгүй улс төрөөс холджээ.
Япон, Өмнөд Солонгос, Сингапурт улс төрчийн нэр хүнд бол карьерынх нь амин сүнс бөгөөд "итгэл алдсан бол огцрох" зарчим бичигдээгүй хууль мэт үйлчилдэг. Тухайлбал, Японд 2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Юко Обучи улс төрийн санхүүжилтийн зарцуулалттай холбоотой эргэлзээ, зөрчлийн улмаас огцорсон бол мөн онд Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгогчдод сурталчилгааны сэнс тараасан нь сонгуулийн хууль болон ёс зүйн шаардлагад нийцээгүй гэж тооцогдон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Мөн Өмнөд Солонгост 2019 онд Хууль зүйн сайд Чо Күк гэр бүлдээ давуу тал үүсгэсэн гэх дуулианд нэр холбогдож ажлаа өгсөн. Сингапур Улсад төрийн албанд “тэг хүлцэл” зарчим үйлчилдэг бөгөөд 2024 онд Тээврийн сайд С. Ишваран авлигын хэргээр шүүхэд татагдсаны дараа сайдын албан тушаал болон парламентын гишүүний статусаасаа татгалзсан. Энэ бүх үйл явдал Япон, Өмнөд Солонгос, Сингапурын парламентын дархлааг үгүй хийсэн зүйл үгүй. Харин ч парламентаа хамгаалсан, нэр хүндийг нь хадгалсныг бид харж байна.
Төрийн өндөр албан тушаалтанд холбогдох ёс зүйн зөрчил улс төрийн тайлбар, намын хамгаалалтаар бус, шуурхай хариуцлагын тогтолцоо, институцийн цэвэр байдлаар шийдэгдэх ёстой. Ийм тогтолцоог төлөвшүүлж чадвал итгэл алдсан бол сайн дураар огцрох жишиг ч тогтоно.
Дээр дурдсан жишээнүүд “хууль зөрчсөн нь эцэслэн тогтоогдохыг хүлээх” бус, “олон нийтийн итгэлийг алдсан эсэх” нь улс төрийн хариуцлагын бодит шалгуур болдог. Жирийн ажилчин хүн ажлаасаа хоцроход л тохирох шийтгэлээ хүлээдэг атал ард түмний төлөөлөл, хариуцлага, ёс зүйн үлгэр жишээ байх ёстой гишүүд тааваараа, эсвэл хувийн ашиг сонирхлоо дагаж хуралдаанд оролцдог байж таарахгүй. Парламентын арвин түүхтэй оронд ч ирцийн асуудлаар эрхээс нь татгалзуулдаг жишиг байна. Австри улсын Үндэсний зөвлөлийн гишүүн шалтгаангүйгээр удаан хугацаанд хуралдаа суугаагүй бол тайлбарлах боломж өгөх, тодорхой хугацаа заах зэргээр шат дараатай сануулж, эцэст нь мандатыг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг ажээ.
Эдгээр олон улсын жишээнээс харахад парламентын гишүүн гэдэг нь зөвхөн халдашгүй эрхээр тодорхой хугацаанд хамгаалагдсан албан тушаалтан биш, харин ард түмний итгэл, ёс зүйн хэм хэмжээг үргэлж сахиж, хамгаалах хариуцлага хүлээсэн албан тушаалтан гэх ойлголт зонхилж байна.
3,576.02






















































Нэргүй 2026-04-13 85.118.165.90
)))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom