“Адууны төлийг юу гэдэг билээ” гэхэд “унага” гэж нэгэн дуугаар зэрэг хариулж, багшийн хэлэхийг анхааралтай сонсож асуулт бүрд ам уралдан хариулна. Эдгээр хүүхдүүд бол нийслэлийн … дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн. Тэд өнөөдөр хотоос зүүн тийш 60 орчим километр зайд байрлах Хөх морьт морь уналгын төвд ирж монгол ахуй соёл болоод таван хошуу малын төлтэй танилцахаар ирээд байгаа нь энэ юм.
Тус төв нь адуу болон адууны соёлоор дамжуулан хүүхэд багачуудад монгол ёс заншил, аж ахуйн соёл, боловсролыг олгож буй. Дээрээс нь монголд анх удаа таван хошуу малын төлийг таниулах, малтай зөв харьцах мэдлэгийг түгээж байгаа гэдгээрээ онцлог.
Энэ төвд очсон хүүхэд бүрт монгол ахуй, соёлын тухай сургалт ордог байна. Биднийг очиход сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байлаа.








Анзаараад байхад хүүхдүүдэд сургалт орж буй зургаан ханатай эрээн монгол гэрийг монголчуудын эдэлж хэрэглэж байсан бүхнээр засч тохижуулжээ. Тухайлбал, гэрийн баруун урд хананд шилбүүр өлгөж түүнээс жаахан дээх нь талд айргийн хөхүүр байршуулжээ. Мөн тэмээний ноос болон адууны дэл сүүлээр томсон бүслүүр, суран бугуйл, хазаар ногт зэргийг цаханд өлгөсөн байв.
Түүнээс гадна гэрийн хоймор хэсэгт эртний хийцтэй хоёр авдар байх ба тулганд аргал дүүргэсэн байх аж. Гэрийн зүүн хойно эмээл байх бөгөөд морины зүсийг нэрлэсэн зургуудыг мөн өлгөжээ.
Хүүхдүүд монгол ахуйн сургалтаас таван хошуу малын төл, морины зүс, нас, эмээлийн тоноглол гээд гэрт байгаа дээр нэрлэсэн бүхнийг нэрлэж сурдаг байна. Мөн шагай тоглуулж шагайг нэрлэж сургахын зэрэгцээ шагайн наадгайн утга учрыг нь тайлбарлаж өгдөг ажээ.

Сургалтаа дууссаны дараа тэд төл малыг бодитоор харж, барьж үзэж нэрлэж үзсэн хичээлээ бататгана. 30 орчим минут хичээлд суусан хүүхдүүд хурга ишгийг харж дуу нь чангарч нүд нь гялалзаж малын хашаа руу хурдлан гүйлдэнэ. Зарим нь тэднийг барьж өхөөрдөн илж эрхлүүлэх бол зарим нь эвэртэй туулай үзсэн юм шиг гайхах, айх зэрэгцэж холоос ажиглан зогсох ажээ. Хөтөч багш Б.Сэргэлэн, В.Дамдинсүрэн нар тэдэнд хурга ишгийг хэрхэн тэврэхийг зааж мал тус бүрийн төлийг нэрлэж өгнө. Хүүхдүүд хөтөч багшийн хэлснийг анхааралтай сонсож түүний зааврыг нэг бүрчлэн дагах нь өхөөрдмөөр.
Хүүхэд бүрийн асуултад төвөгшөөлгүй нэг бүрчлэн хариулж, малтай хэрхэн зөв харьцахыг заах энэ хүн бол В.Дамдинсүрэн. Тэрбээр, ярих бүртээ адуу, адууны соёлын тухай ярих аж. Түүний хувьд анх 2018 онд Хөх морьт морь уналгын төвийг үүсгэн байгуулжээ. В.Дамдинсүрэн барилгын инженер мэргэжилтэй ч хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт хойч үедээ монгол ахуй соёл, өв уламжлалаа морины соёлоор дамжуулан түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй нэгэн. Анх франц улсаас ирсэн нэгэн найз нь "Монголчууд яагаад морио тэгж их шүтдэг юм бэ. Яагаад төрийн сүлдэнд нь морь байдаг юм бэ" гэх асуултаас энэ талаар илүү судалж үзэх хүсэл сохирхолдоо автсан байна. Улмаар өөрөө сонсж мэдэж, судалсныхаа дараа энэ бүх мэдсэн сурснаа хойч үедээ өвлүүлэж, таниулах зорилгоор энэхүү төвөө нээж өдгөө арваад жил болж байгаа ажээ.
АДУУНЫ ТУХАЙ, МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТАЛААР МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ТҮГЭЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Тэрбээр, “Монголчууд адуугаа гурван төрлөөр хүндэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн сүлдэндээ залж нэг хүндэтгэсэн. Хоёрдугаарт, Адуунд үндсэн 16 төрлийн зүс байдаг. Үүнийг 600 гаруй төрлөөр зүсэлж хүндэтгэдэг. Тухайлбал, саарал зүсмийн адууг саарал халзан, будан, борлог, алаг гэх мэтчилэн 600 гаруй зүсээр зүсэлдэг. Адуугаа ингэж олон төрлөөр зүсэлдэг улс Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Гуравдугаарт, монголчууд төрийн наадамдаа зургаан насны морь уралдуулж олон удаа түрүүлсэн мориндоо төрийн цол олгодог. Нэг түрүүлсэн моринд Түмэн эх, хоёр түрүүлсэн мориндоо Даян түмэн эх, гурав түрүүлсэн мориндоо Дархан түмэн эх гэж төрийн цол өгдөг. Тэр битгий хэл 1962 онд Адууны яам гэж байгуулж байсан улс шүү дээ. Энэ бүхэн бид мориндоо хэчнээн хайртайг илтгэж байгаа явдал. Монголчууд мориор дэлхийн талыг эзэлсэн ард түмэн. Монгол хүнийг адуугүйгээр төсөөлөхийн аргагүй байгаа биз. Тиймээс л энэ төвөө байгуулаад хүүхэд багачууддаа адууны тухай, монгол өв соёлын талаар мэдлэг боловсрол түгээхийг зорьж байна даа” хэмээн хуучилна.
Тус төвийг өдөрт 100 орчим хүүхэд зорьж ирдэг байна. Тодруулбал, иргэд гэр бүлээрээ ирэхээс гадна цэцэрлэг, сургуулийн багш нар танхимын бус сургалтын үеэр энэхүү төвийг зорьж ирж хүүхдүүдээ төл мал, монгол ахуйтай танилцуулдаг аж. Тэр дунд малыг нэг ч удаа харж байгаагүй хүүхдүүд хүртэл ирдэг гэнэ. Анх ирсэн хүүхдүүд малыг мэдэхгүй учир нохойн гөлөгтэй андуурах явдал ч гардаг гэдгийг хөтөч багш нар хэлж байсан юм.

Хөтөч багш Б.Сэргэлэнбаатар тэрбээр, “Хамгийн анх ирж байгаа хүүхдүүд хурга, ишгийг өхөөрдөөд хамгийн түрүүнд барьж авдаг. Хэрвээ хүүхэд айгаад ойртохгүй байвал аюулгүй гэдгийг нь хэлж ойлгуулж, илүүлж дасгадаг. Харин морийг аюултай гэдгийг мэдэхгүй учир шууд гүйж очих гээд байдаг. Гэхдээ цэцэрлэгийн хүүхдүүдийг тэр бүр морь унуулдаггүй. Харин моринд хамаагүй ойртвол аюултай. Мордохдоо зүүн талаас нь морддог. Энэ тохсон байгаа зүйлийг нь эмээл гэдэг. Гээд эмээлийн хэрэгсэл бүрийг зааж өгдөг. Сургуулийн хүүхдүүдэд харин хэрхэн унахыг зааж, мордуулж хөтөлж явж дасгадаг. Ер нь нь ирж байгаа хүүхдүүд эндээс маш их мэдээлэлтэй болж буцдаг” гэв.
"ЗАРИМ ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ ТАВАН ХОШУУ МАЛЫНХАА ТАЛААР БҮРЭН МЭДДЭГГҮЙ"

“Техник технологи хурдтай хөгжихийн хэрээр монгол ахуй соёл маань мартагдаж байна. Зарим эцэг эх өөрсдөө ч таван хошуу малынхаа тухай мэдэхгүй байх тохиолдол бий. Зарим ээж аавууд ирчхээд “тэр зулзагыг аваад ир” гэдэг. Хурга, ишиг, ботго, тугал, унагыг төл гэж нэрлэнэ. Хүн бүр малчин болохгүй ч таван хошуу мал, монгол ахуй соёлоо мэддэг байх ёстой гэж боддог. Хүүхдүүд энэ бүгдийг мэдэхгүй байгаа нь тэдний буруу биш. Харин томчууд бид зааж сургах нь зүйтэй” гэж боддог гэдгээ В.Дамдинсүрэн хэлж байсан юм.
“Хөх морьт” морь уналгын төвөө 2018 онд үүсгэн байгуулснаас хойш 2023 он хүртэл зөвхөн морь унуулж морин аялал зохион байгуулдаг байсан бол 2023 оноос эхлэн таван хошуу малыг таниулах, монгол ахуй соёлыг таниулах хөтөлбөрийг зохион байгуулж эхэлжээ. Ингэхийн тулд говиос тэмээ хүртэл авч ирсэн байна. Хүүхдүүд хурга ишиг, тугалыг мэддэг ч ихэнх хүүхдүүд ботгыг тэр бүр мэддэггүй учир маш их гайхдаг гэнэ.










"30 минутын сургалтаар хүүхэд бүрт монгол ахуй, соёлын талаарх мэдлэгийг бүрэн дүүрэн олгож чадахгүй ч гэлээ өдрөөс өдөрт монгол ахуйгаасаа алсарч байгаа энэ үед бага ч болов монгол ахуй, өв соёлоо мэдээд, таниад нэрлээд явааж байгааг харах маш сайхан байдаг. Энэ их завгүй амьдралын хэмнэлд тэр бүр хөдөөг зорьж очиж чадахгүй айлууд манай төвд ирж монгол ахуй, соёлтойгоо танилцах боломжийг олгохыг зорьж байна даа. Хүүхдүүд энд ирээд бүтэн өдрийн турш үндэстнийхээ онцлог, зан заншил, өв соёлыг бодитоор харж оролцоонд тулгуурлан мэдэж авна. Дээр хэлсэн хүн бүр малчин болохгүй ч мэддэг байх хэрэгтэй. " гэдгийг В.Дамдинсүрэн хэлж байлаа.
"Хөх морьт" адуу морь уналгын төв нь жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд морин аялал зохион байгуулдаг байна. Мөн ирсэн зочдоо өрөмтэй боорцог сүүтэй цай, цуйван, хуушуур зэргээр дайлдаг ажээ.
3,576.02


















































Ганаа 2026-04-13 66.181.181.213
Монгол ахуйг бол хүүхдүүдэд төр анхаарч бодлогоор өвлүүлэн үлдээх ёстой
Зочин 2026-04-13 66.181.181.213
Бага байхдаа хөдөө явж хурданы морь унах гээд яардаг байлаа. Одоо хөдөө ч номхон морьгүй болсон үед маш хэрэгтэй ажил бна даа. Амжилт
Нэргүй 2026-04-13 85.118.165.90
🙂 Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
жирийн иргэн 2026-04-13 59.153.115.236
Маш их сэтгэл хөдөллөө. Би хөдөө явах их дуртай. Багадаа зуны амралт эхлэвүү үгүй юу аав, ээжийгээ шалсаар байгаа хөдөө ахындаа очиж зуны 3 сарыг өнгөрөөдөг байсан. Аав маань дүү бид хоёрыг замын машинд суулгаад л явуулчихдаг байсан, 50, 60-аад он шүү дээ. Одоо ач зээ нараа бас хөдөө гаргах их сонирхолтой. Дамдинсүрэн, Сэргэлэнбаатар нартаа амжилт хүсье, сайн үйлс дэлгэрэх болтугай. ЭНэ ажлаа маш сайн сурталчилаарай. Телевизээр сурталчилмаар байна. Надаас эхлээд одоо лмэдэж байна шүү дээ.
Сэргэлэн 2026-04-13 66.181.181.213
Баярлалаа
Зочин 2026-04-13 202.21.107.9
хүн үнэмшиж магадгүй юм худлаа яриач дээ
Zochin 2026-04-13 66.181.161.10
za hudlaa yatuad bn,
Зочин 2026-04-13 122.201.31.201
Хүндэтгэл нь ямар гоё гээч
Зочин 2026-04-13 202.126.88.103
Адуу аж ахуйн хэрэглээнээс бараг бүрэн шахагдчихлаа даа, нэгэнт хэрэглээ байхгүй бол хичнээн адуу2 гээд нэмэргүй л болох байх даа, махыг нь идэх, уралдуулах зэрэг нь аж ахуйн хэрэглээ биш л дээ, ядахдаа хонь малдаа явахдаа морь унадаг бол гэж
Зочин 2026-04-13 122.201.31.201
Монгол адуу өөрөө гайхалтай л даа
Цагаан баавгай 2026-04-13 66.181.182.134
Адууны яам байгуулсан он 1962 гэж андуурчээ. Хубилай хаан 1363 онд байгуулсан шиг санагдах юм.
Аригбах 2026-04-13 122.201.31.83
Хжбилай гэж Монголын эзэнт гүрнээс урвасан урвагч хаанцар 1294 онд амиа тавьсан бөлгаө
Аригбах 2026-04-13 122.201.31.83
Хжбилай гэж Монголын эзэнт гүрнээс урвасан урвагч хаанцар 1294 онд амиа тавьсан бөлгөө