Шинжлэх ухааны философи хийгээд Томас Кун

Шинжлэх ухааны философи хийгээд Томас Кун

Шинжлэх ухааны философи хийгээд Томас Кун

(КУНИЙ НОМЫН МОНГОЛ ХЭВЛЭЛИЙГ ЭРХЛЭН ГАРГАГЧДААС)

Б.Батчулуун миний бие хэдэн жилийн өмнөөс www.news.mn сайтад "Либертари булан", "Философийн булан" гэсэн хоёр булан хөтөлж ирсэн. Энэ удаа "Философийн булан"-даа МУИС-ийн Философийн тэнхмийн дэд профессор, доктор Ц.Нямсүрэнгийн англи хэлнээс орчуулсан Т. Куний Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц номыг суртачилангаа дашрамд нь Шинжлэх ухааны философи гэж юу болох тухай товч танилцуулах зорилго тавьсан эсээгээ нийтлүүллээ.


Ц.Нямсүрэн бээр АНУ-ын Хьюстон хотын Райсын Их сургуулийн Философийн тэнхимд яг энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлж байсан нь Кунтэй “ноцолдоход” хүргэсэн бололтой.

Монголд, философи тун чиг “өвөрмөц” байдлаар хөгжиж ирсэн байдаг. 1921 он хүртэл шашны нөмрөгөн доор, 1921 оноос хойш үзэл суртал, тэр тусмаа коммунист, марксист үзэл суртлын хүрээнд “хөгжиж ирсэн” хэмээн хэлж болно. Энэ тухай түүх өгүүлье хэмээвээс инээдтэй, эмгэнэлтэй, тун багахан тохиолдолд жинхэнэ философи үнэртсэн хэдэн боть зохиол болно. Энэ бүхнийг хөндөхгүй, ор тас орхиж Шинжлэх ухааны философийн тухай товч эсээгээ толилуулъя.

Философийн салбар ухаанууд дотроос Монголд хамгийн бага, “туниа муутай” хөгжиж ирсэн салбар бол яах аргагүй Шинжлэх ухааны философи юм. Тэгвэл юутай ч энэ салбар дахь нөлөө бүхий сэтгэгчийн цууд гарсан бүтээл орчуулагдан гарлаа.

Кун руу орохоосоо өмнө тухайн салбарын тулгын чулуу болсон хэдэн сэтгэгчийн тухай дурдъя.

Карл Поппэ (1902-1994 он). Австри-Английн философич энэ хүн 1934 онд бичсэн Шинжлэх ухааны нээлтийн логик бүтээлээрээ алдаршсан. Уг бүтээлд хөгжүүлсэн фальсификацийн зарчим нь түүнээс Шинжлэх ухааны философид оруулсан гол хувь нэмэр болно. Үүнийг нь бид “няцаан шалгах” хэмээн хөрвүүлэв. Уг нь эртний грек, латин гаралтай нэр томьёог тэр бүр орчуулаад байх нь тийм хүсүүштэй зүйл биш л дээ. Учир нь, бичгийн хэл хэлбэрээр үлдсэн эдгээр хэл одоо ч шинжлэх ухааны хэл хэмээн нэрлэгддэг. Гэхдээ бидний орчуулга уншигчдад анхнаасаа уг нэр томьёоны утгын талаар төсөөлөл өгөх магадлалтай гэсэн санаагаар ийм монгол нэр томъёо зохиосон хэрэг.

Поппэ шинжлэх ухааныг таамаглал болоод няцаалтын явцаар хөгждөг гэж үзсэн. Бид шинжлэх ухааны хуулиудын үнэн гэдгийг баталж чадахгүй, харин худал байвал баталж чадна – энэ бол фальсификаци. Фальсификацид орохгүй бол шалгагдахгүй, эс шалгагддаг юм бол шинжлэх ухааны мэдлэг биш байх нь. Ноёрхож буй онолын эсрэг баримт гэдэг бол шинжлэх ухаанд маш чухал, учир нь онол түүнийг бүрэн хамарч чадаагүй байж. Тэгээд шинжлэх ухаан өөр боломжит онолыг эрж хайна, мөн энэ шинэ онолдоо зөрчилдөх шинэ баримтыг бас эрэн хайж байдаг. Нэг асуудлыг шийдсэнээр өөр шинэ асуудал босч ирдэг аж.

Поппэгийн нийгэм, улс төрийн үзэл нь “Нээлттэй нийгмийн” тухай үзэл санаагаар нь илэрдэг. 1945 онд бичсэн “Нээлттэй нийгэм түүний дайснууд” бүтээл нь бараг монгол руу орчуулагдсан байх шүү. Поппэгийн шавь тэрбумтан, санхүүч Жорж Сорос Монголд “Нээлттэй нийгмийн” хүрээлэнгээ лав л байгуулсан юм даг.

Пол Фэйэрбанд (1924-1994 он). Австри-АНУ-ын энэ философичийг Шинжлэх ухааны философийн салбарынхан үл тоомсорлодог, эсвэл эс тоосон царай гаргадаг ч, энэ салбараас хамгийн их алдаршсан, хамгийн олон дэмжигчтэй нь энэ сэтгэгч болов уу.

Фэйэрбанд Шинжлэх ухааны философийн бас нэг төлөөлөгч Имре Лакатостай нөхөрлөж байсан, гэхдээ философийн үзэл бодол нь зөрөөтэй байв. Анх философийн үзэл бодол нь Поппэгийн нөлөөн доор төлөвшсөн, шавь нь байсан гэж ч хэлж болно. Гэхдээ Куний бүтээл гарсны дараа Поппэгээс салж, Куний парадигмын шилжилтийн үзэл санааг хүлээн авсан. Тэгснээ Кунээс бүр цаашилж, түүний арга зүйд эргэлзэх болов.

Шинжлэх ухааны философид оруулсан гол хувь нэмэр нь 1975 онд хэвлүүлсэн Аргын эсрэг: мэдлэгийн тухай анархи онолын зураглал хэмээх бүтээл болно. Энэ зохиолдоо тэрээр шинжлэх ухааны “дээрэлхүү зангийн” (өөрийнх нь үгээр) эсрэг босож, танин мэдэхүйн анархизмынхаа үндсийг тавилаа. Түүний өгүүлснээр, шинжлэх ухааны ойлголт, терминүүд байнга өөрчлөгддөг, тэгэхээр шинжлэх ухаанд  тогтсон утга гэж байхгүй.

Ингээд шинжлэх ухааны аливаа арга, түүний дотор Куний аргад ч эргэлзэх болов. Кунийг монист онол барьдгаараа шинжлэх ухаанд хор учруулдаг гэв. Танин мэдэхүйн монизм гэдэг бол шинжлэх ухаан, танин мэдэхүйд харш зүйл, энд плюрализм хэрэгтэй. Энэ санаагаа илэрхийлсэн “онолын олон ургальч байдал” гэсэн нэр томьёотой.

Шинжлэх ухааны философчид интуитив танин мэдэхүй, шашны “танин мэдэхүй”, Кантын априори (апостриори биш) мэдлэг, иррациональ мэдлэгт нэг их анхаарал хандуулдаггүй бол Фэйэрбанд л анархист эпистемологийнхоо хүрээнд хамгийн ихээр анхаарал тавих байсан болов уу.

Түүний үзлээр, шинжлэх ухаан хэзээ ч хатуу дүрмийн дагуу хөгждөггүй, ийм дүрэм байдаг бол шинжлэх ухааны хөгжилд саад л болно. Нэгэнт дүрэмгүй юм бол анархи зүйл.

Анархист эпистемологи. Шинжлэх ухааны бүх арга хязгаарлагдмал хүрээнд байдаг, тэгэхээр байхгүйтэй адил. Өрсөлдөгч онолуудыг дэмжих ёстой, “шинжлэх ухаан, домог хоёр олон талаар давхацдаг” гэх мэтийн санаа гаргаж байв.

Манай эсээний гол дүр Томас (Самуэль) Кун (1922-1996 он).  Коперникийн хувьсгал (1957 он); Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц (1962 он); Мөн чанарын зөрчил (1977 он); Хар биетийн онол ба квантын тасалдал (1978 он) гэсэн бүтээлүүдээрээ Шинжлэх ухааны философийн салбарт хувь нэмрээ оруулсан. Хамгийн алдаршсан нь энэхүү Бүтэц хэмээх ном. Нийт 13 бүлэг (зохиогчийн өөрийнх нь үгээр бол 13 хэсэгтэй), хамгийн сүүлийн хэвлэл нь тухайн салбарын зонхилох мэргэжилтний маш том удиртгал болоод төгсгөлд нь үндсэн санаагаа хураангуйлсан дүгнэлт бүлэг бүхий бүтээл. Номыг формаль логикийн хэлээр голдуу “бодит ойлголт” бус, “хийсвэр ойлголтын” хүрээнд бичсэн тул уншиж судлах үед нэлээн эргэцүүлэн бодож, хийсвэрлэн сэтгэх шаардлага гарна.

Орчуулгын тухайд товч. Энэ бүтээл философийн ойлголт, категори, терминээс гадна байгаль шинжлэл, тэр тусмаа физикийн нэр томьёо ихтэй. Мөн дэлхий нийтэд шинжлэх ухааны хэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн эртний грек нэр томьёо ч цөөнгүй. Бас дээр нь маш олон нэр томьёог Кун өөрөө зохиосон тул тэр бүхнийг орчуулагч анх удаа монгол хэлнээ буулгаж байгаа хэрэг. Тэдгээр нэр томьёог монголчилсон байдлыг харахад бас чиг нэлээн ончтой болсон мэт санагдсан.

Орчуулагч текстээ номын хэлбэрт оруулахдаа бидний “научный аппаратур” гэж ярьдаг эшлэл, зүүлт, автор болон бүтээлүүдийн он цаг, огноо, утгын заалт зэргийг “номын” дагуу хийжээ.

Мэдээж, орчуулга хийдэг хүн бүхэнд тохиолддог бага сага дутагдал, бэрхшээл гарсан байсныг хамтран зөвшилцөж, засаж янзалсан болно.  Англи дээрх ном, өгүүлэл, нийтлэлийн жишгийг баримталсан байсныг монгол жишигт оруулах, зарим өгүүлбэрийн найруулга, үгийн сонголт, силлогизмын субъект-S, предикат-P хоёрын байр англи логиктой байсныг монгол хэлний логикт оруулан янзлуулав. Гэхдээ энд дурдагдсан бага сага бэрхшээл уг орчуулгын бүтээлийн үнэ цэнийг огтхон ч бууруулахгүй.

Кунийн номын агуулга. Номд 1/ шинжлэх ухааны түүхэн дэх эргэлтийн үеүд; 2/ шинжлэх ухааны хувьсгал хэрхэн явагддаг тухай гэсэн хоёр гол асуудлыг авч үзсэн болохыг та бүхэн уншиж судлаад эхлэхээрээ өөрсдөө мэдрэх болно. Мөн бүтээлдээ Поппэгийн үзлийг “хөөрхөн чимхээд” авсан тал ч бий.

Шинжлэх ухааны дэвшил, Дарвины эволюци онолд өгүүлсэн шиг байнга аажмаар хувьсах маягаар явагддаг гэсэн үзэл Куний дургүйг хамгийн их хүргэсэн. Тиймээс дараах санаагаа шулуухан илэрхийлэв: шинжлэх ухааны судалгааны үе хооронд радикал, хоорондоо төсгүй тасалдал байдаг.

Шинжлэх ухааны түүхэнд “хэвийн үе”, “хямралын үе” хоёр ээлжилж байдаг аж. Тогтчихсон парадигмын хүрээнд судалгаа хэвийн явж байх үед ер бусын жижиг сажиг нээлтүүд хуримтлагдсаар улмаар хямралд хүрч, парадигмын шилжилт явагдана. Жишээ нь, Птолемейн онолыг Коперникийн онол, Ньютоны онолыг Эйнштейний онол халсан шиг (гео төвт үзлийг гелио төвт үзэл, эсвэл орон зай, цаг хугацааны тухай Ньютоны онолыг Эйнштейний харьцангуйн онол халсан лугаа гэсэн үг).

Кунд парадигмын талаар 20-иод тодорхойлолт байдаг. Хамгийн товч бөгөөд ончтой нь “Шинжлэх ухаан бүхэлдээ хараат байдаг, ертөнцийг үзэх суурь үзэл” гэсэн тодорхойлолт болно. Өрсөлдөгч парадигмуудын алинд ч хамаардаггүй шинжлэх ухаан, баримт гэж үгүй.

Парадигмын шилжилт гэдэг бол ерөөсөө л шинжлэх ухааны хувьсгал. Шинжлэх ухааны хувьсгал явагдахаас өмнө хямралын үе тохионо. Энэ үед гарч ирсэн олон тооны асуудал, асуулт хуучин парадигмыг байр сууриа тавьж өгөн жагсаалаас гарахад хүргэдэг. Шинэ парадигм руу хандсанаар хямрал төгсгөл болж шинжлэх ухаан хэвийн байдалдаа орно.

Тэгэхээр “хэвийн шинжлэх ухаан” гэдэг бол тодорхой парадигмын хүрээнд байр суурьтай судалгаа шинжилгээ байх нь. Парадигм нь тухайн шинжлэх ухааныг практик, дүрэм, стандартаар хангадаг.

Бүтээлийн агуулгыг ганц өгүүлбэрээр илэрхийл гэвэл ШИНЖЛЭХ УХААН ГЭЖ ЮУ БОЛОХ, ТҮҮНИЙ ДЭВШИЛ ХЭРХЭН ЯВАГДДАГИЙГ ХАРУУЛСАН БҮТЭЭЛ хэмээн хэлж болно.

Энэхүү товч эсээнд дээрх гурвыг бодвол арай бага нөлөөтэй  Уайтхэйд, Карнап, Куин, Лакатос нарын тухай дурдах төдий оруулав.

Альфрэйд Норт Уайтхэйд (1861-1947 он. Англи): “Материализм бол математикчдын тусын тулд математикчдын зохиомжилсон схем”. Ийм схем шинжлэх ухааны тайлбарлахуйн үнэт чанар, утга, зорилгын асуудлыг бүр мөсөн орхигдуулдаг. Гэтэл шинжлэх ухааны түүх нь соёл, нийгэм, улс төрийн орчноос саланги байж чаддаггүй гэх мэт санаа гаргав. Олон бүтээлтэй, философийн гол бүтээл нь Үйл явц ба бодит байдал (1929 он). Өөрийн шавь агсан Б.Рассэльтэй (Нобелийн шагналт, мөнөөх алдарт философич, математикч, логикч, нийтлэлч) хамтарч Математикийн зарчмууд хэмээх жинтэй бүтээл гаргасан.

Рудольф Карнап (1891-1970 он). Германы философич Карнап верификацийн зарчмыг тууштай баримталсан. Энэ зарчмаар, мэдлэгт хувь нэмэр болох бүх зүйлийг ажиглалт, туршлагаар тайлбарлаж болно. Бид верификацийг “нотолж шалгах” буюу “шалгагдах чанар” хэмээн нэлээн дурамжхан орчуулсан билээ. Илэрхийллийг шалгахдаа хэлний логик позитивист болон бусад эмпирик аргыг ашиглана. Энэ үзлээр илэрхийлэл болон хэллэгийн үнэн юм уу худал болохыг эмпирик баримт ашиглан шалгах бололцоотой. ХХ зуунд олон логик позитивист болон эмпиристүүд верификаци буюу шалгагдах чанарыг мэдлэгийн шаардлага болгож байв.

Уиллард Ван Орман Куин (1908-2000 он. АНУ). Түүний философийн гол санаа: “Шинжлэх ухаан бол үнэний эцсийн арбитр (шүүгч)”. Ертөнц гэж юу болохыг зөвхөн шинжлэх ухаан л хэлж чадна. 1951 онд хэвлүүлсэн Эмпиризмийн талаарх хоёр хэвшмэл үзэл хэмээх өгүүлэл түүнд алдар цуу авчирсан. Түүний найз, зөвлөх Карнап ч энэ өгүүллийг хамгаалж, сайтар сурталчилсан байдаг.

Имре Лакатос (1922-1974 он). Унгар гаралтай Английн философич маань Баталгаа ба няцаалт бүтээлдээ Поппэ, Кун хоёрыг эвлэрүүлэхийг оролдсон.

Энэхүү бэсрэг эсээг уншсан хүнд Шинжлэх ухааны философийн талаар бага ч гэсэн төсөөлөл үлдсэн хэмээн найдаж байна.

Хоёрт, үеэл ахын маань зээ хүү (Э.Жавхлан) 2 шүлгийн ном хэдийнээ хэвлүүлж, үргэлжилсэн үгийн нэг номоо “Нэпко”-гийн хэвлэлд өгөөд явж байгаа юм байна. Гурвууланг уншлаа, А.Шопенгауэр, Ф.Ницше, С.Кьеркогэр, Ф.Кафка, А.Камю, товчхондоо экзистенциализм ханхлах шиг. Мартир (Martyr гэсэн энэ үгийг үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ золиос буюу зовон тарчлагч хэмээн ойлгож болно), Хоосон, Мазохист (Masochist өөрийгөө зовоон тарчлаагч) гэсэн эдгээр номыг уншсан хүнд “хэт пессимист юм” гэсэн сэтгэгдэл төрж болно. Пессимизм гэснээс “энэ хачин ертөнцөд” тэнэгүүд л хамгийн оптимист байдаг гэсэн санааг Роттердамын Эразм хэлсэн байдаг. Ер нь, орчин үеийн психологид (гэхдээ Монголын болон Оросын биш, Барууны психологид) пессимистүүд оптимистуудаасаа арай ухаалаг, объектив сэтгэдэг учраас пессимист байгаа юм гэсэн санаа гаргадаг. Философи уншдаг хүмүүс мэднэ дээ, энэ ертөнцийг “абсурд, пессимист мөн чанартай” гэж олон сэтгэгч хэлж байсныг.

Эдгээр номыг зохиогч Э.Жавхлангийн өвөө, миний үеэл ах болох тэр хүн тун өвөрмөц хүн байсан юм, надаас 10 гаруй насаар ах, тухайн үедээ НАХЯ-ны (До Яамны) хараанд байдаг.

Тухайн үе гэдэг маань 1970-аад он, жинхэнэ коммунизм, яг одоогийн Хойд Солонгосынх шиг үе гэсэн үг. Үеэл ах маань англи хэл бие даан үзээд, Английн ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга гэсэн байх, нэг залуутай  маш дотно танил болж (Түүнийг Боб гэж дууддаг байсан санагдаж байна, бүтэн нэр нь Роберт хэн гэдэг байсан юм, бүү мэд. Архив сөхвөл Роберт … гэдэг хүн Английн ЭСЯ-нд ажиллаж байсан тухай Английн бүү хэл, Монголын ГХЯ-ны архивын бичиг баримт дотор байж л таарна), тэр найзтайгаа байнга уулзахаар үл барам бие тулгар эхнэрээ дагуулан 2-3 Барууны орны ЭСЯ-даар орж улс төрийн орогнол хүссэн байдаг. Энэ бүхэн нь НАХЯ-ны хараанаас гарна гэж юу байхав. Ахын маань тэр хүсэлт биелээд Англи, Япон юм уу, аль нэг Барууны оронд гарчихвал Монголын улс төр, хүн ардын амьдрал, социализм, коммунизмынх нь талаар юу ярих нь тодорхой … Ах маань НАХЯ-ны хараанд орж, байн байн дуудагдан сануулга авдаг байсан ч тэр бүхнийг тоодоггүй байсан учраас идэр залуудаа “шангаа хүртсэн” болов уу гэж бодогддог.

Э.Жавхлангийн номнуудыг уншиж байхад өвөөтэйгөө тун адил өвөрмөц сэтгэлгээтэй залуу юм даа гэж бодогдсон шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 85.93.1.13

😉 Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Тийм шүү 2026-04-10 202.21.106.213

Тийм шүү, Батчулуун багш болон түүний нөхөд л ийм бүтээлийг барьж авч чадна. Цаана нь гарч чадна

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.160.117

Батчулуун л манайдаа овоо ориг философч юм даа!

Avatar

Тийм шүү 2026-04-10 202.21.106.213

Тийм шүү, Батчулуун багш болон түүний нөхөд л ийм бүтээлийг барьж авч чадна. Цаана нь гарч чадна

Avatar

Алдартай бүтээл шүү дээ 2026-04-10 103.212.118.35

Овоо шүү дээ, тун алдартай бүтээл шүү дээ

Avatar

өөрийн 2026-04-10 66.181.161.173

бидний Монголчууд одоохондоо бичихдээ, аль нэг салбарын алдартай хүн, домог, агуу нтр гээд өгүүлдэг, бичдэг… үнэхээр тийм эрхэмүүд нь гадны хүн бдаг… бидэнд өөрийн "алдартай" хүн бхгүй тийм цаг үед явж бн… саяхан л хоёр со нар хоорондоо байлдаад ширхэг будаа гээхгүй савхдаж явсан нь өмнөд со ийн хувьд хэдхээн жилйин өмнөх түүх… тэгтэл өмнөдүүд маш хурдацтай хөгжив… урд хөрш маань саяхан л бас бөөдийсөн хөвөнтэй өмд өссөн, ярзайсан шар шүдтэнгүүд л бсандаа… одоо ямар бгаа билээ…

Avatar

өөрийн 2026-04-10 66.181.161.173

тэдний хөгжлийн гол суур нь боловсрол… хүний хөгжлийн сүүлийн 500 жилд хуримтлуулсан ш\у -ны суурь боловсролыг "жинхэнэ" утгаар нь хүүхдүүдэд, оюутнуудад ойлгуулж хөгжихөөс өөр арга бхгүй… сурч, боловсрох 20 хүртэлх хамгийн сайхан нас нь хоосон өнгөрчихөөр бидний хөгжих боломж улам алсарсаар бн…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж