Хүн дүрст роботуудын зах зээл үйлдвэр, худалдаа, эрүүл мэнд зэрэг өргөн хүрээний салбаруудаас хальж айл гэрийн амьдрал руу орж ирэх цаг ойртжээ. Хиймэл оюун ухааны хөгжлийн явцад хүн дүрст роботууд алхдаг, бүжиглэдэг, тулалддаг, ярьдаг болсон. Тэгвэл одоо тэд өдөр тутмын, энгийн гэрийн ажилд оролцох болж байна. Дэлгүүр, оффис, айл гэрт энгийн хүний нэгэн адил ажиллаж чадах робот бүтээхийг үйлдвэрлэгчид зорьж байна.
Энэхүү мөрөөдлийн ажилд хэрэг болох зүйл гэвэл ердөө толгойд зүүдэг бэхэлгээ, ухаалаг утас, бас хийх ажлын жагсаалт.
Роботуудыг ойр зуурын гэрийн ажилд сургахад “нэгдүгээр хүний өнцгөөс авсан бичлэг” буюу “эгосентрик өгөгдөл” гэдэг зүйлийг ашиглана. Өөрөөр хэлбэл, та аяга угаах, тоос арчих зэрэг үйлдлүүдийг хийж буйгаа бичлэгээр баталгаажуулснаар “эгосентрик өгөгдөл” бий болно. Сүүлийн үед стартап компаниуд энэ хэрэгцээг хангахын тулд дэлхий даяарх олон мянган гэрээт ажилчдаар дамжуулан бичлэг цуглуулж байна.
"Micro1" компанийн роботын өгөгдөл хариуцсан дэд ерөнхийлөгч Ариан Садеги хэлэхдээ "Үйлдвэрлэл, агуулах, жижиглэн худалдаа, асрамжийн газар, эмнэлэг гээд ер нь бараг бүх орчинд ийм төрлийн өгөгдөл хэрэгтэй болно. Учир нь хөдөлгөөн бүр өөр байдаг" гэжээ.
Тус компани өнгөрсөн жилээс эхлэн алсаас ажиллах баг бүрдүүлж эхэлсэн байна. Ажилчдад камер тогтоох толгойн хэрэгсэл, бичлэг хийх заавар, мөн хоол хийх, цэвэрлэгээ хийх, цэцэрлэгжүүлэх, амьтан асрах зэрэг ажлуудын жагсаалтыг өгдөг. Тэд янз бүрийн даалгавруудыг ээлжлэн хийж, долоо хоногт дор хаяж 10 цагийн бичлэг илгээх ёстой. Одоогоор бичлэгүүд ихэвчлэн гэрийн ажлууд дээр төвлөрч байгаа ч, ирээдүйд роботуудыг шинэ орчин, шинэ үүрэгт илүү хурдан дасан зохицоход тус болохуйц зүйлсийг туршиж бичихийг компанийн зүгээс ажилчдадаа зөвлөдөг аж.
ТЭРБУМ ЦАГ
"Micro1" компани Калифорни мужийн Пало-Алтод байрладаг. Гэхдээ тэдний 4000 орчим ажилтан дэлхийн 71 орноос ажиллаж байгаа бөгөөд сар бүр 160 мянга гаруй цагийн бичлэг тэднээс ирдэг. Их тоо шиг сонсогдож магадгүй ч энэ нь хангалтгүй аж. Төгс төгөлдөр роботтой болохын тулд магадгүй тэрбум цагийн бичлэг хэрэгтэй гэдгийг Ариан Садеги хэлэв.
Тэрбээр "Бид одоохондоо харилцааны чадвар луу ороогүй байна. Энэ бол ердөө л энгийн гэрийн ажил шүү дээ" гэжээ.
Робот үйлдвэрлэлийн салбарт өгөгдлийн эрэлт нэмэгдэж буй нь "ChatGPT" зэрэг хиймэл оюун ухаант чатботуудын эхэн үеийн хөгжилтэй төстэй. "ChatGPT" бол интернетээс цуглуулсан хэдэн зуун тэрбум үгэн дээр суурилж бүтсэн алгоритм. Үүнээс хойш хиймэл оюун ухааны загварууд зөвхөн бичвэрт суурилах бус цахим орчинд бэлэн байгаа материалд тулгуурлан зураг, бичлэг үүсгэх чадвартай болсон.
Гэвч гэрийн ажил хийдэг роботуудын хувьд илүү нарийн, тусгай төрлийн сургалтын өгөгдөл хэрэгтэй бөгөөд өмнөх тохиолдлууд шиг бэлэн сан тэдэнд байхгүй.
Судалгааны байгууллагуудын тооцоолсноор өгөгдөл цуглуулах зах зээл жилд дунджаар 30 хувиар өсч байна. Энэ өсөлт үргэлжилсээр 2030 он гэхэд дор хаяж 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамаг байна.
Өгөгдөл цуглуулах ажилд олон янз байдал, бүс нутгийн ялгаатай байдал маш чухал. Яагаад гэвэл энэтхэг айлын гал тогоо Америкийнхаас тэс өөр. Хог шүүрддэг шүүр нь хүртэл өөр. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс өгөгдөл цуглуулах шаардлагатай.
РОБОТЫГ ХЭРХЭН СУРГАХ ВЭ?
Роботуудыг олон 10 жилийн турш голчлон алсын удирдлага ашиглан даалгавар гүйцэтгэж сургадаг байсан. Гэвч энэ нь их хэмжээний үнэтэй тоног төхөөрөмж шаарддаг. Сүүлийн үед программ хангамж ашиглан виртуал нөхцөл байдлыг дуурайлган сургах болсон ч энэ нь бодит биеттэй харилцах үйлдлүүдэд үр дүн багатай байдаг.
Робот үйлдвэрлэгчид саяхнаас л хүмүүсийн бичлэгийг ашиглан робот сургах аргыг хамгийн боломжийн, дундаж шийдэл гэж үзэж эхэлсэн. Учир нь энэ арга нь камер ба хямд хөдөлмөр л шаарддагаараа давуу талтай. Япон, Өмнөд Солонгост Хятадтай адил өгөгдөл цуглуулах төвүүд байдаг ч гэлээ хямд ажиллах хүчийг нь ашиглахын тулд тэд Зүүн өмнөд Азид бизнесээ байршуулдаг.
Өндөр технологийн салбарт төрийн хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж буй Хятад улс робот сургах дор хаяж 60 төвийг орон даяар байгуулахаа зарласан. Одоогоор тус улсад үйлдвэрлэж буй роботуудыг сургалт, судалгааны зорилгоор л ихэвчлэн ашиглаж байна.
Гэхдээ мэргэжлийнхний хэлж буйгаар робот сургах ганцхан зөв арга гэж байхгүй. Нэг л аргад найдаж болохгүй. Ирэх гурван жилдээ “эгосентрик өгөгдөл”-д анхаарах нь зайлшгүй шаардлага боловч энэ чиг хандлага удаан үргэлжлэхгүй байх магадлалтай. Учир нь ирээдүйд хиймэл оюун ухааны тусламжтайгаар "YouTube"-ийн бичлэгийг “эгосентрик өгөгдөл”-д хөрвүүлэх боломжтой болж магадгүй.
Роботын лабораториуд ч 12 сарын дараа ямар өгөгдөл хэрэгтэй болохыг сайн мэдэхгүй байна.
Ерөнхий зориулалтын роботод ийм их сургалт хэрэгтэй байдгийн нэг шалтгаан нь гэрийн орчин маш тогтворгүй байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, айлд байдаг тавилга хэрэгсэл, хүмүүс байнга л хөдөлж, байршилаа өөрчилж байдаг. Хоол хийх, цэвэрлэх зэрэг өдөр тутмын ажлыг робот хийдэг болох нь магадгүй автоматжуулалтын хамгийн сүүлийн шат байх болов уу.
3,576.02





















































Холбоотой мэдээ