Баруун бүсийн салбарын зөвлөгөөн амжилттай болж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн салбарын зөвлөгөөн амжилттай болж байна

Баруун бүсийн салбарын зөвлөгөөн амжилттай болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баруун бүсийн зөвлөгөөн Увс аймагт (2018.08.23-24) болж байна. Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналтын газрын дарга Б.Болдбаатар болон яамны ахлах мэргэжилтнүүд, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцож байгаа юм.

Баруун бүсийн зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж хэлсэн үгэндээ: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж амжилттай хэрэгжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгохын төлөө улам хичээн ажиллах шаардлагатай байна. Энэ ажилд манай аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудын идэвх санаачилга, хичээл зүтгэл маш чухал. Шинээр болон шинэчлэн оруулж буй хууль, тогтоомжийн төслүүдэд та бүхний санал үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэв.

Тэрбээр, Засгийн газрын 01 албан даалгавар, 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд салбар яам төдийгүй орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг чиглэл, зөвлөмж өгснийг цохон тэмдэглээд, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын манаанд зогсож, ган, зуд, үер усны гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад ямагт бэлэн байж, үүрэгт ажлаа өндөр түвшинд, алдаа мадаггүй, хариуцлагатай хийхийг нэхэн сануулж, баруун бүсийн зөвлөгөөний ажилд амжилт хүслээ.

Найм, есдүгээр сар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд намрын ургацыг технологид хугацаанд амжилттай хураан авах бэлтгэл хангах, ургацаа хураах, хадлан, тэжээлээ бэлдэх, өвөлжөө бууцаа эмхлэх гээд хагас цэргийн зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдлыг шаарддаг үе. Тиймээс ч энэ л үед салбарын бүсийн зөвлөгөөнөө зохион байгуулж, энэ оны зорилтын хэрэгжилт, эрчимжүүлэх шаардлагатай ажлууд, өвөл, хаврыг өнтэй давах тактикаа боловсруулж, газар зүйн байршил, орон нутгийн онцлог ойролцоо аймаг, сумдаас туршлага судлах боломжийг олгодог гэдэгтэй зөвлөгөөнд оролцогчид санал нэг байна.

2018 оны салбарын гол ололт бол Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг тус тус хангах ажлыг зохион байгуулж, Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр эмхэллээ. Мөн Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг орон даяар амжилттай өрнүүлж, Мах, сүүний анхдугаар аян, Атар 60 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн ‘Үйлдвэржилт 21:100’, ‘Ноолуур’, ‘Хүнсний ногоо’, ‘Жимс жимсгэнэ’ зэрэг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чанартай, эрүүл хүнсээр хангах зорилготой хөтөлбөрүүдийн гарааны жил байв. Одоо салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Бэлчээрийн тухай хуулийн төслийг тус тус УИХ-аар батлуулан, ‘Эрүүл хүнс, эрүүл монгол хүн’, ‘Монгол малчин’, ‘Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх’, ‘Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр’-ийг боловсруулах гээд хийх ажил их бий.

Тиймээс л шат шатандаа өндөр зохион байгуулалт дор ажиллаж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, бүтээлч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, дэд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй яамны удирдлагууд салбарын нийт албан хаагч, ажиллагсдад хандан уриалж байгаа юм. Өнөөдрийн зөвлөгөөнөөр ХХААХҮЯ-ны газрын дарга, яамны ахлах мэргэжилтнүүд хариуцсан асуудлынхаа хүрээнд Засгийн газар, яамны бодлого, хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, нэн ялангуяа баруун бүс рүү чиглэсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулсан бол аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар одоогоор хийгээд байгаа ажлууд тэр дундаа өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа тухайгаа илтгэлээ.

Зөвлөгөөний төгсгөлд, асуулт хариулт өрнөсөн бөгөөд аймгууд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгаагаар хангах, хөдөлмөрийн нөхцөлийг тооцож, хариу арга хэмжээ авах нь зүйтэй талаар саналаа хэлсэн юм. Мөн мал эмнэлгийн тогтолцоо, орон нутгийн мал эмнэлгийн бүтэц, орон тоо, малын үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх, газар тариалангийн салбарын дэмжлэг зэрэг асуудлаар яамны холбогдох албаны хүмүүсээс тайлбар мэдээлэл авсан юм. Бүх илтгэл, мэдээлэл, орон нутгийн нөхцөл байдалтай анхааралтай сонсож, ажигласан Дэд сайд Ж.Сауле зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг даалгавар өглөө.

Тодруулбал, зөвлөгөөний шинэ соргог мэдээлэл, зайлшгүй анхаарах асуудлыг орон нутагтаа хүргэх, салбарын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангаж, тайлангаа үнэн зөв мэдүүлдэг байх, төсвийн сахилга батыг анд мөрдөх, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг даалгалаа. Мөн халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлж, голомттой бүсээс мал, мах оруулахгүй, өвс, тэжээл бэлдэхгүй, авахгүй байх, малын угаалга, вакцинжуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахыг үүрэгдсэн. Ийнхүү Наймдугаар сарын 2-ноос эхэлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвлөгөөн зүүн бүс Сүхбаатар аймаг, төвийн бүс Өвөрхангай, хангайн бүс Өмнөговь, баруун бүс Увс аймагт амжилттай зохион байгуулж, нийт 1000 гаруй хүнийг хамарлаа. Дараа жилийн зөвлөгөөн олон сэдвээр баяжигдана гэдэгт итгэлтэй байна.

Зөвлөгөөний үеийн онцлох мэдээлэл, илтгэлийг хүргэе.

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа Салбарын нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр шинээр болон шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөл, дунд хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүд, салбарын төсөв, мал аж ахуйн суурь хуулиудыг дагалдан гарах захиргааны хэм хэмжээний актууд зэргийг танилцууллаа.

2018 оны тухайд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, малын ашиг шимийг сайжруулах, үржүүлгийн ажил, үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, малын эрүүл мэндийг хамгаалах, гоц халдварт, халдварт өвчингүй тайван бүс, нутгийг баталгаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах зэрэг зорилт дэвшүүлэн, хэрэгжилтийг хангахын тулд тодорхой ажлууд хийж байна гэж ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Хүрэлбаатар мэдээллээ.

Ургацын урьдчилан баланс гарч, ургац хураалтын ажил эхэлж байгаа энэ үед хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, ургацыг байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс хамгаалан, үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийж, зам, гүүрээ засварлахыг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд зөвлөлөө. Газар тариалангийн газрынхан таримал ургамлын нэр төрлийг нэмэгдүүлэх, үр сортын шинэчлэл хийхийг дэмжих, үрийн аж ахуйн чадавхийг сайжруулах байгальд ээлтэй усалгааны технологи, услалтын системийг бий болгох, тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр дорвитой алхмууд хийж байгааг илтгэлдээ дурдлаа.

10 сарын хугацаанд олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, аймаг, орон нутгаас санал авсны үр дүнд Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаагаа ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал хэллээ. 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт малын тэжээл, хатгамлын, Хөвсгөл аймагт хуурай сүүний, Дархан-Уул аймагт шингэн бордооны үйлдвэр байгуулсан. Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймагт тус тус хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил дуусаад байна. Мөн Баянхонгорт аймагт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад орууллаа. Увс, Орхон, Говь-Алтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажлыг эхэлж, Өвөрхангай аймагт шинээр мах боловсруулах үйлдвэр байгуулах юм.

Энэ онд тус салбарт хамаарах Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан бөгөөд хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил хийж байна. Мөн ‘Мах, сүүний анхдугаар аян’-ыг өрнүүлж, ‘Махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт’, ‘Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн’ үндэсний хөтөлбөр, ‘Органик хүнсний тухай’ хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгааг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох мэдээллээ.

Жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар олгож байгаа зээлийн уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. Мөн “Загвар хоршоо” байгуулахад анхаарч, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн орон нутгийн бүтээгдэхүүний худалдааны төв, зам дагуух борлуулалтын цэг байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээнд дотоодын үйлдвэрийг хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах гэх зэргээр салбарын цаашдын зорилтын талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Энхтөр танилцуулгадаа дурдсан юм.

Байгууллагууд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэмжиж болохуйц, бодитой, хэрэгжих эхлэх, дуусах хугацаатай, шалгуур үзүүлэлт нь бодитой төсөл, хөтөлбөр боловсруулж, ажлын гүйцэтгэл, тайлангаа үнэн зөв, алдаа мадаггүй ирүүлж байхыг ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн С.Сонгууль анхаарууллаа.

Шинээр эмхлэн байгуулсан Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц, орон тоо, чиг үүргийн талаар танилцууллаа. Үүний дараа баруун таван аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар аймагтаа хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийг хангах базааж байгаа тухай болон тэргүүн туршлагаа бусадтайгаа хуваалцлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж