Хан Юун Шян: Бид аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон хөгжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Хан Юун Шян: Бид аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон хөгжүүлсэн

Хан Юун Шян: Бид аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон хөгжүүлсэн

ӨМӨЗО-ны хэсэг сэтгүүлч Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажилласан тэр жилийн зуныг санав. Цэлийн өнгөрөх тал нутаг минь тэдний сэтгэлийг их хөдөлгөж билээ. Эзгүй хээр, тал нутгийн үзэсгэлэнг харах бүртээ уулга алдаж, сайхныг нь бишрэх бүрт энэ сайхан нутгийн эзэн нь болж төрсөндөө бахархах, омогших сэтгэл төрж байсныг нуух юун. “Одон” телевизийн зураглаач залуу “Ямар уудам юм бэ. Монголын тал нутаг. Ямар уужуу юм бэ монгол хүний ухаан” гээд л дуулж явсныг тодхон санаж байна. Энэ үед “Өвөрмонголчууд Монголоо гэсэн сэтгэлээр дүүрэн юм даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Аялалын автобусанд дуулж явсан тэд гэнэт “Энэ сайхан тал нутаг, онгон тансаг байгалийг үзэх гэж олон жуулчин Монголыг зорьдог байх. Манай Өвөрмонгол аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаардаг. Ялангуяа Ордос хот. Тэнд Чингисийн онгоныг үзэх гэсэн жуулчид жил бүр хэдэн мянгаараа ирж байна” гээд л ярьж билээ. Үнэхээр ӨМӨЗО аялал жуулчлалаараа тэргүүлэх орны нэг болжээ. Монгол үндэстний түүх соёлыг харуулсан байшин барилга, хөшөө дурсгал нь жуулчдыг татах “өгөөш” аж. Ялангуяа сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, том төсөл боловсруулан агуулга, цар хүрээгээ өргөжүүлж, Өвөрмонголыг хөдөө нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх стратегийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна. 2010-2015 онд давхардсан тоогоор нийт 342 сая хүн Өвөрмонголд аялж, 748 тэрбум юаний орлого оруулсан байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх аялал жуулчлалын салбарын орлогын хэмжээ анх удаа 11.8 хувьд хүрсэн явдал болжээ.

ӨМӨЗО-НЫ ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ШОУ БОЛНО

Хятад улс аялал жуулчлалын салбараа бод­ло­готойгоор хөгжүүлэх зорилгоор дэлхийн олон оронд соёл урлагаа сурталчлах, аялал жуулчлалын өдрүүдийг уламжлан болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ирэх сарын 4-8-ны хооронд “Хятад орныг танин мэдэх”-Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахаар болжээ. Соёлын өдөрт нийт 158 гаруй хүн хоёр улсаас оролцох юм байна. Өдөрлөгийн гол арга хэмжээ нь аялал жуулчлал, үндэсний хувцас, ӨМӨЗО-ны үндэсний хоолны шоу, улс орноо танилцуулах зэрэг зорилготой арга хэмжээ юм. Үүнээс гадна энэ оноос эхлэн сургууль хоорондын солилцоо буюу хамтарсан үзэсгэлэн, шинжлэх ухааны инновацийн сэдэвт лекц уншихаар болжээ. Энэхүү соёл, аялал жуулчлалын өдрүүдийн тухай ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Хан Юүн Шянтай ярилцлаа.

–Хятад, Монгол улс олон жилийн турш найрамдалт, хөршийн харилцаатай байж ирсэн. ӨМӨЗО-той ч аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллаад багагүй хугацааг үлдсэн байна?

-Манай хоёр улс уул, усаар зааглагдсан сайн найз, сайн хөршийн харилцаатай. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилж, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгох шат ахиулсан. Энэ үеэс хоёр улсын бүх салбар дахь хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна. Үүнийг дагаад боловсрол, аялал жуулчлалын салбарт ахиц гарч, олон ажлыг амжилттай зохион байгуулж байгаагийн хамгийн ойрын жишээ нь “Хятад орныг танин мэдэх”-Хятадын Өвөр­монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд юм.

–Соёлын өдрүүдийн хүрээнд олон сонирхолтой хөтөлбөр байгаа бололтой?

-Энэ жилийн соёл, аялал жуулчлалын өдөрт бид онцгой анхаарал хандуулж байна. Зөвхөн танилцуулга, тоглолт зохион байгуулаад зог­сохгүй оюутан солилцоо, шинжлэх ухааны сэдэвтэй сонирхолтой илтгэл болон эмнэлгийн үнэгүй оношилгоо, зөвлөгөө гээд салбар бүрт хүрэхийг зорьсон.

–Үнэгүй оношилгоо гэхээр олон хүн хамрагдах байх. Ямар чиглэлээр үзүүлж, зөвлөгөө авах боломжтой вэ?

-Монголын уран зургийн галерейд есдүгээр сарын 5-ны өдөр Өвөрмонголын эмч нар бүх төрлийн өвчнийг үнэгүй оношилж, зөвлөгөө өгнө. Дараагийн өдөр нь Чингис хаан зочид буудалд монгол анагаах ухаан, эм бэлд­мэлийн мэргэ­жилтнүүд сонир­холтой лекц унших юм.

–Аливаа соёл, урлагийн арга хэмжээг урлаг, урансайхангүйгээр төсөөлөхийн аргагүй?

-Хятад улс 5000 жилийн баялаг түүхтэй ард түмэн. Үндэсний соёл урлаг нь өнөөгийн их гүрний тусгаар тогтнолыг бататгасан гэдэг. Энэ удаагийн соёлын өдрийн уран сайхны хөтөлбөрт Бээжин бүжиг, Сычуань жүжиг, цирк, уран бичлэг, гээд Хятад гүрний түүхийг харуулсан үндэсний үзүүлбэрүүд багтсан.

–Өвөрмонгол хүмүүс монгол үндэстний нэгээхэн хэсэг. Тэгэхээр монгол уламжлалыг харуулсан үзүүлбэр хэр их байгаа вэ?

-Хятадын 56 үн­дэстний ээрмэл, буд­мал, сүлжмэл, хатгамалаас гадна Соёлын биет бус өвийн үзэсгэлэн, монгол үндэсний хувцас, гоёлын шоу, монгол анагаах ухааны эм бэлдмэлийн соёлын үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндэсний хувцасны шоугаар орчин үеийн монгол үндэстний хувцас гоёлын гоо зүйг хүмүүст ойлгуулах, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Үүнээс гадна Монголын жуулчдын сонирх­лыг татах үндэсний хоолны шоу хамгийн со­нир­холтой нь байх болов уу.

–Хоолны шоу. Сонир­холтой сонсогдож байна шүү?

-Хоолны соёл гэдэг тухайн үндэстний хамгийн том баялаг юм. Тиймээс Хятад үндэстний хоолыг сурталчилан, таниулах зорилготой хөтөлбөртөө багтаасан. Энэ үеэр Өвөрмонголын зочид буудлын ахлах тогооч нар авьяасаа үзүүлнэ. Сонирхуулахад Баяннуурын пүнтүүзэн онцлогт зууш, Улаанхадны мах хавчуулсан гамбургер, гурилан хүйтэн зууш, гүнжидтэй бөөрөнхий мах, хос өнгийн махан бин гээд үндэсний хоолны гайхалтай амтыг мэдрүүлэх болно.

–ӨМӨЗО-ны Ордос хотыг жил бүр олон мянган жуулчин зорьж байна. Танай хот аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ямар бодлого хэрэгжүүлж байна?

-Бид аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон хөгжүүлснээр сүүлийн жилүүдэд тус салбар эрчимтэй хөгжиж байна. Ингэснээр жуулчдын тоо, тэдний оруулсан орлого жил бүр 30-40 хувиар өссөн үзүүлэлт гардаг. Ялангуяа Ордос, Алшаа аймаг ӨМӨЗО-ны аялал жуулчлалын үлгэр жишээ бүс болтлоо хөгжсөн. Бид энэ хоёр хотынхоо нутгийн онцлогийг ашиглан хөгжүүлж байгаа нь шинэ гарц юм.

–Хөлөнбуйр хот эртнээс аялал жуулчлалаараа алдартай?

-Өвөрмонголын зүүн захын Хөлөнбуйрын хээр тал гадаад, дотоодын жуулчдын эртний танил нутаг юм. Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хот өөрийн нэрийн хуудас болсон хээр талдаа түшиг­лэн газар нутаг, үндэс ястны онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж