"Монголд 3200 жилийн өмнө адууны шүд эмчилж байсан"

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

"Монголд 3200 жилийн өмнө адууны шүд эмчилж байсан"

"Монголд 3200 жилийн өмнө адууны шүд эмчилж байсан"

Одоогоос 3200 жилийн өмнө Монголын газар нутагт адууны шүдийг эмчилж байсан талаарх археологийн судалгаа “CNN” болон “National Geographic”, “Proceedings of the National Academy of Sciences” зэрэг дэлхийн томоохон сэтгүүл, хэвлэлээр саяхан гарсан. Уг судалгааны ажлын талаар Германы Максбланкийн хүрээлэнгийн археологич Вильям Тайлор хэлэхдээ “Монголын тал нутагт 3200 жилийн өмнөх маш олон хэрэгсүүр байсан. Үүнд, адууны тахилга байсан. Бид 100 гаруй адуутай тахилга олсон. Эндээс гарсан адууны ясыг судлахад 3200 жилийн өмнө Монголд амьдарч байсан малчид малын шүдний эмчилгээ хийж байсныг тогтоосон. Жишээ нь, адууны илүү ургасан шүд нь амгайнд тээглэдэг байсан тул түүнийг авдаг байсан. Энэ нь малын шүдний дэлхийн хамгийн анхны эмчилгээ. Өмнө нь малын шүдний эмчилгээг Хятад, Грек зэрэг тариалангийн аж ахуйтай улсад хийсэн гэж үздэг байсан. Судалгааны ажлын хүрээнд Монголд амьдарч байсан нүүдэлчид малын шүдний эмчилгээг хийсэн гэж тодорхойлсон. Мөн эдгээр морь нь 6-12 настай, том биетэй, шандастай байсан тул дайнд ашиглаж байжээ гэж үзэж байгаа. Ясны өөрчлөлтөөс нь харахад байнга унадаг, ашигладаг байсан гэж үзэж байна. Гаднынхан уг судалгааг их сонирхон хүлээн авсан. Одоо Монголын талаар илүү сонирхох болсон” гэлээ.

Энэ бол Монголын Үндэсний музейн археологичдын судалгааны үр дүн. Энэ мэт 2018 онд хийж хэрэгжүүлж буй олон олдвор, археологийн судалгааны талаар өнөөдөр /2018.8.24/ мэдээлэл хийлээ. Монголын Үндэсний музейн судлаачид энэ онд АНУ, Олон улсын Түрэг академи, БНСУ, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтран археологийн зургаан төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймаг дахь шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, хүннү, сяньби, түрэгийн үеийн дурсгалыг малтан судалжээ.

“Баруун Монгол” төслийн хүрээнд нүүдлийн мал аж ахуй хаана бүрэлдэн бий болсон зэрэгт судалгаа хийжээ. Хүрэл зэвсгийн үед хаагуур, хэрхэн нутаглаж байсан, Монгол адууны үйлдэр угсаа, бие бялдрын онцлог зэргийг судалсан байна. Энэ хүрээнд Монголын газар нутагт 3200 жилийн тэртээ адууны шүдийг эмчилж байсан нь дэлхийд анхдагч болоод байгаа юм.

“Шийтэр” төслийн хүрээнд Төв аймгийн Цээл сумын Шийтэрээс нэг дараасаас гурван оршуулга олсон байна. Үндсэн оршуулга нь дүнзэн бунхан, банзан австай байсан бол хажууд нь хоёр хүүхдийн булш байжээ. Оршуулгыг тахилын үеийн оршуулга уу, ураг төрлийн холбоотой хүмүүсийг нэг дараас дотор цаг хугацааны хувьд ялгаатай оршуулсан байна уу зэргийг он цаг, генетикийн судалгаагаар тогтоох юм байна. Мөн тус хэсгээс Нийтийн тооллын өмнөх I, Нийтийн тооллын II зуунд хамаарах тагтай хүрэл сав олжээ. Хүрэл савын дотор байгаа шороог хөндөөгүй байгаа бөгөөд дээж авч, лабораторид судалсны дараа хүнсний зүйл хийдэг байсан эсэхийг тогтоох юм байна.

“Айрагийн гозгор” төслийн хүрээнд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газар  малтлага явуулж 100 гаруй булш бүртгэснээс 16-г нь судалжээ. Энэ үед булшнууд нь Өвөр Монголын өөртөө засах орны нутгаас олдсон Сяньбичүүдийн оршуулгатай адил байжээ. Ингэснээр Монголын газар нутгаас Сяньби нарт холбогдох дурсгалыг анх удаа илрүүлжээ.

“Хэрлэн” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Түрэгийн тахилын онгон, барилгын туурь, хүн чулуун хөшөө зэргийг судалжээ. Судалгаагаар VI-VII зууны үеийн үед Төв Азийн нутагт төр улсаа мандуулж байсан Түрэгийн улс төр, эдийн засгийн байдал, газар нутгийг нарийвчлан тогтоох зэрэг олон сонирхолтой зүйлийг судалжээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж