“Дотоодын хэрэгцээг хангахуйц хэмжээний ургац авна”

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

“Дотоодын хэрэгцээг хангахуйц хэмжээний ургац авна”

“Дотоодын хэрэгцээг хангахуйц хэмжээний ургац авна”

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас /ХХААХҮЯ/ өнөөдөр /2018.08.24/  ургацын урьдчилсан балансын талаар мэдээлэл хийлээ. Энэ онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Хаврын тариалалтын дараа цаг агаарын байдал тогтворгүй байсан. Таримал ургамалд хамгийн их чийг шаардагдах хугацаа буюу тавдугаар сарын сүүл зургадугаар сарын эхний долоо хоногоос газар тариалангийн төвийн бүс нутгуудын зарим хэсгээр хур тунадас багатай байсан учраас нилээд талбай энэ жилийн тухайд тэжээл рүү шилжсэн үзүүлэлт гарч байна. Тухайлбал, цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 8.1 мянган га талбайд ургац алдаж, 17.6 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 25.7 мянган га талбайн ургац хураагдах боломжгүй болсон.

Нийт хурааж авах буудайныхаа хуваарилалтыг мөн хийсэн байгаа. Нийтдээ 425.8 мянган тонн буудай хурааж авна. Дараа жилийн  тариалалтын үрийг нөөцлөхөөр аж ахуй нэгж, иргэд 51.2 мянган тонн үрийг нөөцлөхөөр төлөвлөж байна. Үрийн зориулалтаар борлуулах 14.9 мянган тонн буудайны хэмжээ гарч ирж байгаа. Энэ жилийн тухайд ОХУ-аас зургаан мянган тонн элит үр, хоёр мянган тонн сортын үр нийтдээ тариалан  эрхлэлтийг дэмжих сангаас 31 мянган тонн үрийн буудайн дэмжлэг үзүүлсэн. Тэжээл үйлдвэрлэлд 18.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11.1 мянган тонныг хуваарилагдаж, гурил үйлдвэрлэлд нийтдээ 303.4 мянган тонн буудай нийлүүлэгдэх тооцоо гарч байна.  Бид төлөвлөснөөрөө тариалалтаа авч чадах юм бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл үүснэ. Цаг агаарын байдал тогтвортой байвал ургацаа дээрх заасан хэмжээнд алдагдалгүй хураагаад авах бүрэн бололцоо техник тоног төхөөрөмж хүн хүч бий” гэв.

Тэрбээр цааш нь хаврын тариалалттай холбоотой хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар дараах  мэдээлэл өгсөн юм.

  • Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2017-2018 оны гурилын хэрэгцээнд зориулж хүнсний 215 мянган тонн, арван мянган тонн үрийн улаан буудайг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр гурилын үнэ хангамжийг тогтворжуулах нөхцөлийг бүрүүлж ажилласан.
  • Энэ жил тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  шийдвэрийг үндэслэж, Сэлэнгэ, Төв аймаг, Дархан, Булган, Архангай ,Өвөрхангай, Хэнтий зэрэг долоон аймгийн 60 сумын 113 багийн нутгийг хамруулан тариалангийн бүс нутгийг тогтоосон шийдвэрийг гаргасан. Орон нутагт хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа.
  • ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригийн шийдвэрээр тариалангийн бүс нутаг болгож зарласан долоон байршилд нийтдээ 4.1 тэрбум төгрөгийг өртөг бүхий 430 км хашаа барих ажлыг аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтын тендер зарлаж ажлаа эхлүүлээд байгаа.
  • Тариаланчдад шаардлагатай шатахууны дэмжлэгийг үзүүлсэн байгаа. Нийтдээ тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж 11.6  тэрбум төгрөгийн өртөг бүхий зургаан сая литр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулж 1100 аж ахуй нэгжүүдэд 50 хувийн урьдчилгаа нөхцөлтэйгөөр олгосон байна.

Есдүгээр сард  дулаан байх төлөвтэй байна

Цаг агаарын ерөнхий төлөвийн талаар Цаг уур орчны шинжилгээний албаны дарга Ч.Сарантуяа “2018 оны зуны улирал Монгол орны нутгаар өөрчлөлт ихтэй  байлаа. Зуны  эхний сарууд монгол улсын нийт нутгаар гантай байсан бол сүүлийн саруудад  өнтэй зуншлагатай болж өнгөрч байна. Зарим  тал хээрийн нутгаар 31-36 градус , хөрсөн дээрээ 58 градус  хүртэл халж байлаа. Тариалалтийн  бүс нутгаар олон жилийн дунджаас дулаахан байсан. Харин долдугаар сар харьцангуй хур бороо ихтэй сэрүүхэн болж өнгөрлөө.

Тухайлбал, Сэлэнгэ аймагт  гэхэд 73-106 мм, Хэнтийн тариалангийн бүс нутгаар 110-245 мм бороо орсон. Долдугаар сарын хур бороо олон хоног үргэлжлэн орсон. Ингэхдээ орж байгаа борооны эрчимшилт  өндөр буюу богино хугацаанд эрчтэй усархаг ширүүн орсон нь  үер буух  шалтгаан  болсон. Тариалангийн бүс нутаг  болох  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд энэ жил 43 жилд тохиолдоогүй 153 мм бороо орсноороо ихээхэн  онцлог байлаа.. Үүний өмнө 1975 онд л ийм хүчтэй бороо орж байсан юм. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр  есдүгээр сар бүхэлдээ дундаж буюу 35-40мм хур тундастай байх төлөвтэй байна’ гэв.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж