Цалин нэмэхийг эсэргүүцэж ажил хаях тэмцлийг Монголоос л олж харах нь

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Цалин нэмэхийг эсэргүүцэж ажил хаях тэмцлийг Монголоос л олж харах нь

Цалин нэмэхийг эсэргүүцэж ажил хаях тэмцлийг Монголоос л олж харах нь

МҮЭХ-ноос өнөөдрөөс буюу 2018 оны наймдугаар сарын 24-ний дотор “нийгэмд буй болсон бодит хүлээлтэд хариу болохуйц хариуцлагатай шийдвэр, санал гаргахгүй, цалин нэмэх хэлэлцээрт ажил хэрэгч хандахгүй бол есдүгээр сарын 1-нээс ажил хаяна гэсэн шийдвэрийг Засгийн газарт хүргүүлээд гурав хонов. Шаардлага хүргүүлсэн гурав хоногт юу болов?

Шаардлагыг наймдугаар сарын 21-нд хүргүүлсэн бол 22-нд Засгийн газрын хуралдаанаас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд багш, эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлж буйг онцлон тайлбарласан. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчдын цалинг ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран явуулсан ажлын байрны үнэлгээнд үндэслэн тогтоож, ажлын байран дахь ажлын ачаалал өндөр, уртасгасан цагаар ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг нь харгалзан бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг 12,3-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу ийм шийдвэр гаргах нь инфляцын хүлээлт үүсгэдэг онцлогтой улирлын хувьд амаргүй байсныг ОУВС-тай албан бичгээр харилцсан МҮЭХ-ныхон сайн мэдэж байгаа биз ээ.

Шаардлага хүргүүлсний хоёрдох хоногт буюу МҮЭХ-г ч “сайн ажиллаж үр дүнд хүрлээ”, одоо Засгийн газартай гар барьж хөтөлгөө морь шиг ажилчин ангийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах байх” хэмээн анхааралтай ажиглаж байв.

Гэтэл хичээлийн шинэ жилээр ажил хаяна гэсэн хэвээрээ байгаагаа зарлаж байна. Засгийн газраас цалин нэмэх шийдвэр гарсны маргааш МҮЭХ мэдэгдэл хийж “Цалин нэмэхийг дэмжихгүй” гэх нь тэр. Учир нь Хөдөлмөрийн маргаанаа үргэлжлүүлье, багш нарт олгох урамшууллын мөнгийг цалин хэлбэрт оруулж нэмэгдүүлсэн болгож өгөх гэж байгаа тул энэ шийдвэрийг эсэргүүцнэ гэнэ. Мөн тэд Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдэгдэж байна гэлээ.

Цалин нэмэх шийдвэр Засгийн газраас гаргасан нь төрийн албан хаагчид, тэр тусмаа багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр анхаарч байгаагийн дохио болохоос МҮЭХ-ноос айсандаа ОУВС-тай хэлэлцээр хийгээд, багш олдохгүй болчихно гэж багш нартаа илүү онцолж хандсан хэрэг биш. МҮЭХ болон Багш нарын цалин нэмүүлэх түр хороо зэргээс багш нар ичиж эхэлсэн гэдгийг нийслэлийн аль ч сургууль дээр очоод сонсож болно. Жинхэнэ багш нар тэднээс болж өнөөдөр шавь нараасаа ичиж байна. Өрөндөө дарагдсан, өрөвдмөөр амьдардаг, материаллаг баялгийг шүтдэг дүрийг шавь нарынхаа өмнө бүтээхийг ямар ч багш хүсдэггүй юм.

Хоосон хоносон ч өглөө эртлэн автобусаар ажилдаа очдог, дуртай ажилдаа хайртай шавь нартайгаа умбан жаргаж хариад хоосон хонох байсан ч түүнийгээ нуугаад инээж чаддаг багш нартай “мөнгө улаан нүд цагаан” гэгчээр ажлаа, сурагчдаа мөнгө болгож хардаг, амьдралын хэмжүүрээ цалингаас гадуурх мөнгө болгосон тэр “багш” нарыг харьцуулбал өрөөсгөл болох болов уу.

Цалин нэм гэж шаардахаар нь хүссэн шийдвэрийг нь гаргахад “Цалин нэмлээ” гэж эсэргүүцэж ажил хаяна гэхээр өөр юу гэж ойлгох вэ. Юу хүсэхээрээ шаардлагын хариу нь биелэхэд сэтгэл нь ханадаггүй, бараг цалин нэмснийг эсэргүүцэж ажил хаях гээд байна вэ. Багшийн цалин нэмснийг эсэргүүцэж ажил хаяхад хүрвэл мэргэн оюунт багш нар минь дэмжиж ажил хаях уу. Шавь нь “Багшаа та яагаад ажил хаяж байгаа юм бэ” гэвэл, “Засгийн газар цалинг минь нэмэх шийдвэр гаргачихлаа, арай ч дээ” гэх үү.

МҮЭХ-ныхон одоо гишгэсэн зам мөрөө эргэж нэг харах хэрэгтэй. Багшийн цалин ойрын 20 гаруй жилд байгаагүйгээр нэмэгдлээ. Салбарын сайд нь Засгийн газраа, Засгийн газар нь ОУВС эсвэл УИХ-аа гуйж царайчилсаар цалин нэмүүлэхээр хөөцөлддөг ч энэ удаагийнх шиг үр дүнд хүрч байсан нь ховор. Гэтэл одоо МҮЭХ хаанаас, яаж нэмэх, ер нь нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг “заах” юм гэнэ. Гоё юмыг гоё гэж хэлж чадахгүй бол гажиг эмгэг болж харагддагийн жишээ энэ. МҮЭХ-ныхныг ч, өнөөх хэцүүхэн түр хорооныхныг ч дэмжиж алга ташсан багш, эмч нар зөндөө байтал хэрээс хэтэрч цалин нэмлээ гэж ажил хаявал тэдэнд төрийн албыг тасралтгүй үргэлжлэхэд саад учруулсан гэхээс эхлээд хариуцлага тооцох шалтгаан мундахгүй олдох байх. Эсвэл цалин нэмсэн нь тэдний өөр зорилготой төлөвлөгөөг нураачихав уу. Тэдний сүүлчийн мэдэгдэл бараг л тэгж ойлгогдсон. Ямартай ч хөдөлмөр эрхэлж буй хүн бүхний эрх ашгийг хамгаалдаг сайхан түүхтэй МҮЭХ эдүгээ хүнээр бол тамтаггүй шуналтай, намаар бол туйлбаргүй, мөрийн хөтөлбөргүй итгэж үл болох байгууллага болсноо харууллаа. Энэ сайхан түүхт байгууллагын “малгай” дор дуртайяа нэгдэх нь гишүүдийнхээ ахуй амьдралд, ажлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхлэх магадлалтай болжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж