Майкрософтын хамтран үүсгэн байгуулагч Билл Гейтс энэ оны зургадугаар сард АНУ-ын Конгрессын өмнө мэдүүлэг өгнө. Тэрбээр бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй харилцаа холбоотой байсан талаараа мэдүүлэх юм байна. Эпштейний буруутай үйлдлийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо шалгаж байгаа бөгөөд түүнтэй холбоотой байсан хүмүүсийг ээлжлэн сонсголд дуудаж байна. Гейтс энэ талаар хэлэхдээ "Чухал ажлыг дэмжиж, хамтран ажиллахын тулд хорооны бүх асуултад хариулахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Сонсгол зургадугаар сарын 10-нд товлогдсон. Одоогоор Эпштейний хохирогчдоос Гейтсийг буруутгаж байгаа хүн байхгүй бөгөөд мөрдөн байцаалтын материалд оруулсан нь ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй гэсэн үг биш юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Конгресс Эпштейнтэй холбоотой мөрдөн байцаалтын бүх материалыг нийтлэхийг Хууль зүйн яамнаас шаардаж, хууль тогтоомж боловсруулсан.
Үүнд Дональд Трамп гарын үсэг зурснаар хэргийн материалыг ил болгож, Эпштейн болон Гейтсийн харилцаа, холбооны талаарх мэдээлэл ил болсон. Гейтс мөн өмнө нь өөрийн буяны сангийн ажилтнуудтайгаа уулзах үеэрээ бэлгийн хүчирхийлэгчтэй холбоотой байсан гэдгээ дурдаж, үйлдэлдээ хариуцлага хүлээсэн гэж хэлж байжээ. "Билл илэн далангүй ярьж, хэд хэдэн асуултад дэлгэрэнгүй хариулсан" гэж Гейтсийн сангийн мэдэгдэлд тухайн уулзалтын талаар дурдсан байсан юм.
"Wall Street Journal" сонины мэдээлснээр Гейтс ажилтнуудаасаа уучлалт гуйж, Эпштейний танилцуулсан орос эмэгтэйчүүдтэй холбоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн бэлгийн хүчирхийлэгчтэй хамтарч хууль бус зүйл хийгээгүй гэдгээ тайлбарласан юм. Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо гуравдугаар сарын 3-нд Гейтсээс мэдүүлэг авахыг хүссэн захидал гаргасан байжээ. Өмнө нь ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар хоёрдугаар сард мэдүүлэг өгсөн юм.
Худалдааны сайд Ховард Лутник, ерөнхий прокурор асан Пэм Бонди нар ирэх долоо хоногуудад мэдүүлэг өгөх төлөвтэй байна.
3,569.17






















































Холбоотой мэдээ