Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /08.23/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ноён Ван И уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлаад, ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад хариу мэндчилгээг нь уламжлахыг хүсээд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн үр өгөөжтэй хөгжүүлэх талаар тодорхой саналуудаа илэрхийлсэн юм. Монгол Улсаас хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлоход татварын дэмжлэг үзүүлэх болон ОХУ-БНХАУ-ыг холбосон дэд бүтцийг Монгол Улсын нутгаар дамжуулахад тус улсыг анхаарахыг хүслээ. Мөн ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо, энэ ойг угтсан бодит үр дүнтэй ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын хамтын ажиллагаа ирээдүйд бүхий л салбарт үр дүнтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад, БНХАУ үйлдвэрлэл, хөдөө, аж ахуй болон төмөр замын салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг ирэх жилүүдэд үр дүнтэй хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж байгаа албан айлчлалд амжилт хүслээ.

Эх сурвалж: president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!