УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2018.08.24/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болохоор товлогдсон. Шүүх хурал өнгөрсөн баасан /2018.08.17/ гаригт товлогдсон боловч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулаад байсан юм.
Хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Ш.Амарсанаа, шүүгдэгч нар оролцож байна. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа түүний өмгөөлөгчөөр Р. Мэргэн нар оролцож байгаа юм. Нэмж мэдээллэхэд, хурал товлосон цагтаа эхэлсэн ч хариуцагч буюу Д.Гантулгын талаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хурал ирэх есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшиллоо.
Хурал хойшилсон шалтгаан нь Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй тул шүүх шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн авсан байна.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заагаад байгаа билээ.
Э.Ариун