"Шатахуун 4500 төгрөг болбол инфляци 11–15 хувь болно"

"Шатахуун 4500 төгрөг болбол инфляци 11–15 хувь болно"

"Шатахуун 4500 төгрөг болбол инфляци 11–15 хувь болно"
Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 6. Эдийн засаг судлаач Р.Даваадорж. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Шинэ Засгийн газар байгуулагдлаа. Энэ Засгийн газрыг эдийн засгийн ямар эрсдэл хүлээж байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хэд хэдэн үзүүлэлтээр тайлбарлъя.  Инфляцийн төсөөлөлд тодорхой бус байдал өндөр байна. Хэдийгээр 2026 оны эхний хоёр сарын статистик үзүүлэлтээр инфляци 6.5 хувьтай гэж зарласан. Гэвч зах дээр махны үнэ 30 мянган төгрөг давж, шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдлээ. Тиймээс инфляци ирэх улирлуудад өсөх, ялангуяа хүнсний үнэд үзүүлэх нөлөө өндөр байх хүлээлттэй байна. Гадаад орчин болон газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаатай холбоотой тодорхой бус байдал, эрсдэл маш өндөр байна.

Оюутолгой төсөл бүтээн байгуулалтын үе шатандаа байх үед их хэмжээний гадаад зээл авч, тэр нь Монгол руу капиталын орлого хэлбэрээр орж ирдэг байсан тул төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансанд эерэг нөлөө үзүүлж байсан. Харин 2026 оноос уурхайн хөрөнгө оруулалтын оргил үе дуусч, олборлолт тогтворжихын зэрэгцээ зээлийн үндсэн төлбөрийг эргэн төлөх үе шат эхэлж байна. Энэ нь урсгалын чиглэлийг эргүүлж байна гэсэн үг.

Өмнө нь гадаадаас орж ирж байсан мөнгө одоо эсрэгээрээ гадагш урсаж эхэлж байна. Тухайлбал, энэ жилд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын үндсэн төлбөр, дээр нь 693 сая ам.долларын хүү гадагш төлөгдөхөөр байгаа нь нийтдээ бараг 2.7 тэрбум ам.долларын валютын гарах урсгал бий болсон гэсэн үг.

Ингэснээр, экспорт өсөж байгаа ч санхүүгийн дансанд гарч буй энэ том хэмжээний төлбөр нь нийт төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, Оюутолгой валют “олдог” төсөл боловч нэгэн зэрэг валют “гадаадад гаргадаг” том эх үүсвэр болж хувирч байна. Нэг өгүүлбэрээр хэлбэл, Оюутолгойн экспортын өсөлт валютын орлогыг нэмэгдүүлж байгаа ч зээлийн үндсэн болон хүүгийн их хэмжээний төлбөр эхэлснээр тэр орлогын том хэсэг нь гадагш урсаж, төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансыг алдагдал руу түлхэж байна.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 2027 онд 1.5 тэрбум ам.доллар, арилжааны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 1.1 тэрбум ам.долларыг төлөхөөр байгаа. Нийслэл болон банкуудын том дүнтэй гадаад өрийн эргэн төлөлтүүд 2027 онд хийгдэхээр хүлээгдэж байна.

Нийслэлийн гадаад бондын 500 сая ам.доллар, МИК-ийн бондын үлдэгдэл 160 сая ам.доллар болон банкуудын гадаад бондын 890 орчим сая ам.долларын үндсэн төлбөр төлөгдөх хуваарьтай.

Оюутолгой хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 2028 онд 1.6 тэрбум ам.доллар, арилжааны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 756 сая ам.долларыг төлөх төлөвлөгөөтэй. Банкууд болон хувийн секторын гадаад өрийн эргэн төлөлтүүд 2028 онд мөн хүлээгдэж байна. Хөгжлийн банкны бондын үндсэн төлбөр 500 сая ам.доллар болон банкуудын гадаад бондын 460 орчим сая ам.долларын үндсэн төлбөр төлөгдөх хуваарьтай байгаа. Өөрөөр хэлбэл, их өрүүд төлөгдөх хугацаа хаяанд иржээ.

Төлбөрийн тэнцэл өнгөрсөн гурван жилд ашигтай гарсан боловч ирэх оноос алдагдалтай гарах төсөөлөлтэй байна. Урсгал дансны алдагдал ирэх жилүүдэд үргэлжлэн өндөр хадгалагдах бол Оюутолгойн хөрөнгө оруулалт буурах, гадаад зээл, бондууд болон худалдааны зээлийн томоохон төлбөрүүд хүлээгдэж байгаатай холбоотой 2026-2028 онд нийтдээ 1.9 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарах төлөвтэй байна. Ийнхүү валютын гарах урсгал нэмэгдэх нь валютын нөөц буурах, валютын ханш сулрах болон инфляци эрчимжих дарамт бодитоор үүсээд байна.

Төсөв тодотгох нь цаг хугацааны асуудал болсон. Энэ оны эхний хоёр сарын дүнгээр харахад татварын орлого нь 2024 оны эхний хоёр сартай харьцуулахад нэг их наяд төгрөгөөр сох дутсан харагдаж байна. Бүр тодорхой хэлбэл, 2024 оны хоёр сард татварын орлого 4.8 их наяд төгрөг байсан бол энэ онд 3.6 их наяд төгрөг байна. Төсвийг бүрдүүлэгч аж ахуй нэгж, иргэдийн орлогын албан татвар өмнөх оныхоос 109 тэрбум 2024 оныхоос 750 тэрбумаар дутаж байна гэдэг аюулын харанга. Энэ бүхэн дээр Ойрхи Дорнодын дайнтай холбоотой гадаад орчин эрс хүндэрчихлээ.

-Персийн буланд дайн үргэлжлэх тусам нефтийн хомсдол ердөө мөсөн уулын орой, өөр олон асуудлууд ч нэмэгдэх талаар ярьж эхэлжээ. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-1970-1980-аад онд Персийн булангийн орнууд дэлхийн улс орнуудад голчлон нефть экспортолдог байв. Тэр үеэс хойш дэлхийн улс орнууд нефтийн хамаарлаа бууруулахын тулд шинэ олборлолт, стратегийн нөөц, сэргээгдэх эрчим хүч, занарын нефть зэрэг олон аргатай болсон. Гэвч дэлхий өөр нэг шинэ хамааралтай болжээ. Персийн булан өнөөдөр этиленгликоль, гелий, хүхэр, метанол, аммиак, карбамид, шингэрүүлсэн хий зэрэг өнөө үеийн үйлдвэрлэлийн чухал түүхий эдийн гол нийлүүлэгч болон хувирчээ. Жишээлбэл, LPG (Liquefied Petroleum Gas) шингэрүүлсэн хий(пропан-бутан) тасалдвал Энэтхэгт айл өрх, хоол хийх боломжгүй болно. Харин Хятадад хуванцар, электроникийн үйлдвэрлэлийн өртөг огцом өсөх эрсдэлтэй. Тиймээс өнөөгийн хямралыг зөвхөн нефтийн үнээр хэмжих нь өрөөсгөл.

Жинхэнэ эрсдэл нь аж үйлдвэрийн химийн түүхий эдийн нийлүүлэлт дээр байгаа. Ийм нөөц ихэнхдээ хэдхэн долоо хоногийн хэрэглээтэй байдаг. Хэрэв Ормузын хоолой удаан хугацаанд хаагдвал дэлхийд үйлдвэрлэлийн томоохон саатал үүсч, шатахууны үнэ, инфляц өсөх асуудал хоёрдугаар зэрэгт очиж мэдэх юм.

Бас нэг том асуудал мандсан. Энэ нь Ираны дайн зун хүртэл үргэлжилбэл 45 сая хүртэл хүн хоол хүнсний хомсдолд орох эрсдэлтэй гэж анхааруулж байна. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр нөхцөл байдал аль хэдийн сүйрлийн босгон дээр хүрч, өлсгөлөнд нэрвэгдэгчдийн тоо 319 саяас давж болзошгүй байна. Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн бордооны экспорт ойролцоогоор 50 хувь зогсож, энэ нь хөдөө аж ахуйд шууд цохилт өгч эхэллээ. Үүний улмаас Европ, Азийн тариалалтын ажил доголдож, цаашлаад ургац буурах бодит эрсдэл үүсэж байна. Бордооны үнэ аль хэдийн 30 хувиар өссөн нь хүнсний үнийн дараагийн давалгааг дагуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Дайн гэдэг зөвхөн байлдааны талбарт өрнөдөг зүйл биш. Дайн дэлхийн зах зээл, тариалангийн талбай, эцэст нь айл бүрийн ширээн дээрх хоолонд хүртэл нөлөөлж байна.

-Дэлхий нийтийг донсолгох үйл явдлыг тооцож болоогүй юм байхдаа. Ойрхи Дорнодын нефть экспортлогчдын нийлүүлэлттэй холбоотой ийм хүнд нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан шүү дээ?

-Аливаа дайн, зөрчилдөөн бүрийн цаана зөвхөн улс төрийн уриа биш, харин маш бодит эдийн засгийн тооцоо, ашиг сонирхол дагалдаж байдаг. Трампын “Америкийг дахин агуу болгоё” гэсэн уриа ч цэвэр улс төрийн лоозон байгаагүй, харин АНУ-ын эдийн засгийн ноёрхлыг сэргээх, дэлхийн зах зээл дээрх тэнцвэрийг өөрчлөх зорилготой бодлогын илэрхийлэл байсан. Түүний сонгуулийн кампанит ажлын үеэр Хятадын эдийн засаг АНУ-д дарамт учруулж байна, дэлхий нийтээрээ АНУ-ын эдийн засгийг “ашиглаж” байна гэсэн шүүмжлэл хүчтэй яригдаж, энэ нь түүнийг сонгогдоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Ерөнхийлөгч болсныхоо дараа Трамп тарифын дайн эхлүүлж, ялангуяа Хятад руу чиглэсэн худалдааны шахалтыг эрчимжүүлсэн ч Хятадын эдийн засаг тэр дороо сулраагүй, харин өсөлтөө тодорхой хэмжээнд хадгалж үлдсэн. Үүний дараа өрнөсөн үйл явдлуудыг илүү өргөн хүрээнд харах шаардлагатай болж байна. 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Мадурог баривчилсан ажиллагаа, түүнээс хойш Венесуэлийн газрын тосны урсгалд АНУ нөлөөлөх болсон явдал, мөн хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн Ираны эсрэг цэргийн ажиллагаа нь цаг хугацааны хувьд 56 хоногийн зайтай давхцаж байна.

Эдгээр үйл явдлыг зөвхөн “ардчилал хамгаалах” өнцгөөс тайлбарлах боломжтой ч нөгөө талаас нь харвал дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг онилсон эдийн засгийн шийдвэрүүд байж болохоор харагддаг.

Учир нь Хятад өдөрт ойролцоогоор 14 сая баррель түүхий нефть боловсруулдаг бөгөөд үүний тодорхой хэсгийг санкцтай, хямд эх үүсвэрээс хангаж ирсэн. Тухайлбал, Венесвэлээс өдөрт 0.5 сая баррель, Иранаас 1.5 сая баррель орчим нефть авдаг байсан нь нийт боловсруулалтынх нь бараг 15 хувийг бүрдүүлж байв.

Хэрэв энэ урсгал огцом тасалдвал хамгийн түрүүнд Хятадын Шандун муж дахь жижиг, хувийн нефть боловсруулах үйлдвэрүүд  шууд доголдолд орно. Эдгээр үйлдвэрүүд хямд, санкцтай нефть дээр тулгуурлан ажилладаг тул нийлүүлэлт тасрах нь шууд үйлдвэрлэлийн бууралтад хүргэнэ. Үүний үр дагавар нь зөвхөн дотоодын зах зээлд биш, харин экспортын бодлогод ч нөлөөлж, Хятад богино хугацаанд нефтийн бүтээгдэхүүний гадаад гарцыг хязгаарлах, дотоод хангамжаа хамгаалах алхам хийхээс өөр сонголтгүй байдалд хүрч байна.

Иймээс дээрх үйл явдлуудыг зөвхөн улс төр, хүний эрхийн хүрээнд бус, харин Хятадын эрчим хүчний хангамжийн 15 орчим хувийг чиглэсэн стратегийн эдийн засгийн дарамт гэж харвал илүү бодит дүр зураг гарч ирж байна.

-Ам.доллар 3550, түүхий нефть баррель 110 $ байхад Монголд ОХУ орж ирэх шатахууны үнэ яг ямар ханштай байх вэ? Өчигдөрхөн түүхий нефтийн дэлхийн зах зээлийн ханш 110 ам.долларт байсан? 

-Нэг баррель гэдэг нь 159 литр гэсэн үг. Ингэхээр нэг литр түүхий нефть нь ойролцоогоор 0.69 ам.доллар, төгрөгөөр бол ойролцоогоор 2,460 төгрөг болж байна. Гэхдээ Монголд ОХУ-аас орж ирдэг нь түүхий нефть биш, аль хэдийн боловсруулсан бензин, дизель байдаг. Тиймээс энэ дээр зөвхөн нефтийн үнэ биш, боловсруулах үйлдвэрийн зардал, экспортлогчийн ашиг, тээвэр, агуулах, логистикийн зардал давхар сууна. Хэрэв боловсруулах болон үйлдвэрийн нэмэгдэл зардлыг литр тутамд 0.18-0.25 ам.доллар, тээвэр логистикийн зардлыг 0.07-0.10 ам.доллар гэж үзвэл Монголын хил дээрх татваргүй импортын бензины үнэ литр нь ойролцоогоор 0.94-1.04 ам.долларын хооронд гарна. Үүнийг 3,550 төгрөгийн ханшаар үржүүлэхэд ОХУ-аас Монголд орж ирэх шатахууны татваргүй үнэ литр тутамд ойролцоогоор 3,345-3,700 төгрөг болж байна.

Өөрөөр хэлбэл, баррель нефть 110 ам.доллар, доллар 3,550 төгрөгийн ханштай үед Монголд орж ирэх шатахууны бодит татваргүй өртөг дунджаар 3,500 төгрөг орчим байх тооцоо гарч байна.

Хэрэв үүн дээр гааль, НӨАТ, дотоод түгээлт, шатахуун түгээх станцын зардал, тухайн аж ахуй нэгжийн ашиг зэргийг нэмбэл жижиглэнгийн үнэ үүнээс нэлээд өндөр буюу ойролцоогоор 4 мянгаас дээш төгрөгт хүрэх магадлалтай байна гэж ойлгож болно.

-Дизель түлш литр нь Увс аймагт 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгт хүрчээ. Мөн АИ-95 автобензиний үнэ литр тутамд 4100 төгрөгт хүрсэн талаар ярьж байна. Манайд цаашид шатахууны үнэ нэмэгдэх үү?

-Таны дурдсан шатахууны үнэ бол зах зээлийн бодит өртөг рүү дөхөж эхэлж байгаагийн шинж гэж харж болно. Учир нь өмнөх тооцоогоор нефтийн үнэ баррель нь 100-110 ам.доллар, ханш 3,500 төгрөг орчим байхад Монголд орж ирэх шатахууны татваргүй өртөг аль хэдийн 3,300-3,700 төгрөгт хүрч, татвар болон дотоод зардлыг нэмбэл 4,000 төгрөгөөс дээш гарах суурь бүрдсэн.

Ийм нөхцөлд одоогийн зах зээл дээр харагдаж байгаа өндөр үнэ нь шинэ зүйл биш, харин өмнө нь баригдаж байсан үнийн “жинхэнэ өртөг ил гарч” эхэлж байна гэж ойлгох нь илүү зөв. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ гэнэт өсөөд байгаа биш, харин өмнө нь бодит өртгөөс доогуур баригдаж байсан зөрүү аажмаар арилж байна гэсэн үг.

Цаашид үнэ өсөх эсэх нь гурван гол зүйлээс шууд хамаарна. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр хэвээр байвал импортын суурь өртөг буурахгүй. Хоёрдугаарт, төгрөгийн ханш сулрах тусам литр тутмын өртөг шууд нэмэгдэнэ. Гуравдугаарт, дотоодод үнийг барих бодлого сулрах эсвэл алдагдлыг даах боломж багасвал үнэ бодит түвшиндээ дөхөж өснө. Иймээс одоогийн мэдээллүүдийг нэгтгэж харвал шатахууны үнэ цаашид өсөх магадлал өндөр бөгөөд энэ нь зах зээлийн логикоор бол аль хэдийн 4,000 төгрөгөөс дээш түвшинд байх ёстой өртөг бодитоор илэрч эхэлж байна гэсэн үг.

-Тэгвэл шатахууны үнэ 4500 төгрөгт хүрвэл инфляци хэд болох вэ?

-Хэрэв шатахууны үнэ литр нь 4500 төгрөгт хүрвэл инфляцад үзүүлэх нөлөөг энгийнээр ингэж ойлгож болно.

Одоогийн түвшингээс харахад бензин, дизель дунджаар 2,600-3,100 төгрөгийн хооронд байна гэж үзвэл 4,500 төгрөгт хүрэх нь ойролцоогоор 40-60 хувийн өсөлт гэсэн үг. Шатахуун нь хэрэглээний үнийн индексэд шууд өндөр жин эзэлдэггүй ч (ойролцоогоор 5-7 хувь), эдийн засгийн бүх салбарын суурь зардал учраас дам нөлөө нь маш хүчтэй байдаг.

Шууд нөлөөгөөр нь тооцвол шатахуун 50 орчим хувиар өсөхөд инфляцад 2.5-3.5 нэгж хувийн нэмэгдэл үүсгэнэ. Гэхдээ үүгээр дуусахгүй, тээврийн зардал өсөхөөр хүнсний үнэ, барилгын материал, импортын бараа, үйлчилгээний өртөг дагаад өсдөг.

Энэ дам нөлөө ихэвчлэн шууд нөлөөнөөсөө дор хаяж 1-2 дахин их байдаг.

Иймээс нийт дүнгээр шатахууны үнэ 4,500 төгрөгт хүрэх нь инфляцийг ойролцоогоор 5-8 нэгж хувиар нэмэгдүүлэх хэмжээний нөлөө үзүүлэх боломжтой. Хэрэв инфляци анх 6.5 орчим хувьтай байсан бол энэ өөрчлөлтийн дараа 11-15 хувьд хүрэх эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ энэ миний хийж буй ойролцоо тооцоолол шүү. Энд дизель түлш хамгийн их нөлөөтэй, учир нь бүх ачаа тээвэр, уул уурхай, хүнсний нийлүүлэлт дизель дээр тулгуурладаг тул дизель өсөх нь шууд утгаараа хүнсний инфляцийг хөөрөгдөж эхэлдэг. Ер нь шатахууны үнэ 4500 төгрөгт хүрэх нь зөвхөн шатахууны асуудал биш, харин бүх бараа үйлчилгээний үнийг дагуулж өсгөдөг тул инфляцийг мэдэгдэхүйц өндөр түвшинд хүргэх системийн дарамт болно.

-Сүүлийн хоёр Ерөнхий сайд баялгийн сангийн асуудлыг хөндөж ярьсан. Бид Норвегийн баялгийн санг олон удаа олон дарга нар явж судалсан боловч бодитой өөрчлөлт огт хийгдсэнгүй?

-Шавхагдах баялгийг шууд идэх үү, эсвэл шавхагдашгүй санхүүгийн хөрөнгө болгох уу гэдэг бол бодлогын сонголт. 1969 онд Экофиск орд илэрснээр Норвеги улс газрын тосны том үйлдвэрлэгч болсон ч бусад баялагтай орнууд шиг инфляци, авлигын “нөөцийн хараал”-д автаагүй. 1990 онд тэд Засгийн газрын тэтгэврийн сангаа байгуулж, газрын тосны бүх орлогоос жил бүр зөвхөн өгөөжийнх нь ойролцоогоор 3 хувь ашиглаж, үлдсэнийг нь дэлхий даяар хөрөнгө оруулдаг хатуу дүрэм тогтоосон. Үүний үр дүнд өнөөдөр тус сангийн хэмжээ ойролцоогоор 1.5-1.7 их наяд ам.долларт хүрч, нэг иргэнд дунджаар 270,000-300,000 ам.доллар ногдож байна. Хамгийн чухал нь сангийн өсөлтийн талаас илүү хувь нь газрын тосноос бус, хөрөнгө оруулалтынхоо өгөөжөөс хүртдэг. Гайхамшиг гэж толгой сэгсрэхээс өөр яахав.

Манай баялгийн сангийн хувьд төсвийн цоорхойгоо нөхчихдөг.

Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй төрийн алдааг баялгийн сангаар нөхөөд зогсохгүй асар их хэмжээний гадаад өртэй болчихоод явж байна. Иймээс тэмээ, ямаа шиг тэс хоёр бодлогыг харьцуулж ярих нь инээдэмтэй юм.

-Ойрын жилүүдэд манай эдийн засгийг зэсийн экспорт тэтгэх тухай эерэг мэдээлэл байсан. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлах боломж бий юу? Манай эдийн засгийг зэс, нүүрс гэсэн бүтээгдэхүүнийг авч явдаг. Зэсийн үнэ өсөх болсон гол шалтгаан нь юу вэ?

-Үнэн. Зэсийн зах зээлийн 2026 оны төлөв огцом эргэж, өмнө нь таамаглаж байсан илүүдэл бус харин тодорхой хэмжээний хомсдол руу шилжиж байна. Олон улсын Зэс судлалын бүлэг (ICSG) өмнөх таамгаа өөрчилж, 2026 онд ойролцоогоор 150 мянган тонн зэсийн дутагдал үүснэ гэж албан ёсоор мэдэгдсэн бол JP Morgan илүү их хомсдол буюу 330 мянган тонн хүрнэ гэж үзэж байна. Энэ өөрчлөлтийн гол шалтгаан нь хиймэл оюун ухаанд суурилсан гипер хэмжээний дата төвүүдийн огцом өсөлт бөгөөд 2026 онд зөвхөн энэ салбар дангаараа 475 мянган тонн орчим зэс хэрэглэх төлөвтэй байна. Зарим шинэ дата төвүүд, тухайлбал өндөр хүчин чадлын Nvidia HGX системүүдийг ашигладаг байгууламж нь бүр 50 мянган тонн хүртэл зэс шаарддаг нь зах зээлд огцом эрэлт үүсгэж байна. Нөгөө талаас нийлүүлэлт хангалттай өсөж чадахгүй хэвээр байна.

Томоохон уурхайнуудын үйл ажиллагааны доголдол, удаан хугацааны зогсолт, ялангуяа Индонезийн Грасберг уурхайн зарим хэсгийн хаалт 2026 оны хоёрдугаар улирал хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа нь зах зээлд нийлүүлэх ёстой зэс дутагдана гэсэн үг.

Мөн Чили дэх Anglo American компанийн олборлолт буурч, 2025 оны сүүлчээр 390-420 мянган тонн болж багассан нь нийлүүлэлтийн эрсдэлийг улам нэмлээ. Хэдийгээр Чили улсын нийт үйлдвэрлэл 5.5 сая тонн орчимд тогтвортой мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр нийлүүлэлт бага болж байгаа. Дээр дурдсан хүчин зүйлс нийлээд зэсийн зах зээлд “хомсдол” бий болгож байна. Хэдийгээр 150-330 мянган тонн гэдэг нь дэлхийн нийт 28.7 сая тонн зах зээлийн дөнгөж 0.5-1.1 хувьтай тэнцэх бага хэмжээ мэт харагдавч түүхий эдийн зах зээл дээрх үнэ “сүүлийн нэг тонн”-оор тогтдог. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт бага зэрэг дутахад л үнэ огцом өсдөг онцлогтой. Тиймээс энэ жижиг мэт харагдах хомсдол бодит байдал дээр зэсийн үнийг түүхэн дээд түвшинд хүргэж, “зэс элбэг үе дуусч магад” гэх дохиог зах зээлд өгч байгаа учраас үнэ өссөн хэрэг.

-Тэгвэл манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 онд 40 хувиар буурсан. Экспортын нүүрсний ирээдүй ойрын жилүүдэд ямар байх бол?

-Хятадын кокс хамгийн их үйлдвэрлэдэг Шаньси, Өвөр Монгол, Шиньжян зэрэг таван бүс 2026 оны эхний хоёр сард 46.12 сая тонн кокс үйлдвэрлэсэн нь тус улсын нийт үйлдвэрлэлийн 55.9 хувийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь Хятадын аж үйлдвэрийн “зүрх” хэвийн цохилж байгааг харуулах тоо. Кокс гэдэг нь ган үйлдвэрлэлийн үндсэн түлш учраас ийм хэмжээний үйлдвэрлэл байна гэдэг нь гангийн салбар сулраагүй, эрэлт тодорхой хэмжээнд хадгалагдаж байгаа юм. Мөн үйлдвэрлэл цөөн бүсэд төвлөрч байгаа нь санаандгүй зүйл биш. Эдгээр бүсүүд нь нүүрсний нөөц, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, гангийн үйлдвэрүүд төвлөрсөн стратегийн бүсүүд. Өөрөөр хэлбэл, Хятадын аж үйлдвэрийн суурь яг эдгээр газрууд дээр тулгуурлаж байна гэсэн үг. Нөгөө талаас энэ нь дэлхийн зах зээлд ч тодорхой дохио өгдөг. Хятад кокс их үйлдвэрлэж байна гэдэг нь гангийн үйлдвэрлэл идэвхтэй байна. Харин гангийн үйлдвэрлэл идэвхтэй байвал төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий эдийн эрэлт өндөр хэвээр байгааг харуулдаг. Энэхүү тоо бол зүгээр нэг статистик биш. Харин Хятадын аж үйлдвэр унтраагүй, харин ч тогтвортой явж байгааг илтгэж байгаа юм. Нүүрсний хулгай гарахгүй байвал манай улсын хөгжилд хэрэг болох аятайхан мэдээ байгаа биз.

-Засгийн газар Бортээгийн ордын тендерийн талаар саяхан нэг мэдээ гарсан. Тухайн ордын тендерт 7 компани өрсөлдөж, 1 тэрбум ам.долларын урьдчилгаа авах санал ирсэн, Монголын тал 51%-иас багагүй өгөөж авах юм гэсэн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Ийм мэдээлэлд алга таших арай эрт байна. Тодруулах асуудлууд байна. Монголын тал 51 хувь өгөөж авна гэдэг нь лав цэвэр ашиг биш байх! Жинхэнэ ашиг нь дараах зүйлээс шалтгаална.  Олборлолт, борлуулалтын зардлыг яаж тооцох вэ, нүүрсийг ямар үнээр зарах вэ, зээлийн нөхцөл ямар байх вэ гээд олон асуултын дараа тодорхой болох ёстой.

Хэрэв эдгээрийг буруу тохирвол 51 хувь гэдэг нь цаасан дээр л үлдэнэ шүү. Урьдчилгаа мөнгө ч бас анхаарах зүйл. Өнөөдөр мөнгө авч байна гэдэг маргаашийн орлогоосоо урьдчилж зарж байна гэсэн үг.

Асуудал нь 7 компанид биш, 51 хувьд биш, харин Монголын тал гэрээг яаж зөв хийх вэ гэдгээс шалтгаална. Оюутолгой шиг эцэс төгсгөлгүй мэтгэлцээн болчихгүй байгаасай гэж л бодож байна. Ер нь бидний их талцал гадаад хөрөнгө оруулалтыг их үргээж байгаа.

-Эцэст нь нэг сонирхсон асуултаа асуумаар байна. Дэлхийн банкны Засгийн газрын үр ашиг (Government Effectiveness) үзүүлэлтээр Монгол Улс нэлээд хойгуур, тодруулбал социалист Куба улстай ойролцоо дүнтэй гарсан мэдээ байсан. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Монгол Улс дэлхийн дунджаас доогуур 100 онооноос 34 оноотой хойгуур бичигдэж байгаа нь манайд төрийн үйлчилгээний чанар, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх чадвар сул байгааг илтгэж буй үзүүлэлт юм. Энэ нь нөөц бололцоо дутсанаас илүүтэй бодлого тогтворгүй, хэрэгжилт сул, төрийн алба улс төрөөс хэт хамааралтай байгаатай холбоотой бөгөөд хууль, шийдвэр гардаг ч бодит амьдрал дээр үр дүн нь хангалтгүй хэвээр байна. Иймээс асуудал нь төр байхгүйдээ биш, харин төрийн гүйцэтгэл сул байгаад оршиж байгаа бөгөөд энэ нь Монголын хөгжлийн гол саадын нэг гэж би үздэг.

Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд үзэл суртал ярьж, зах зээлийг буруутгаж, төр данхайсны гор гэж хэлнэ. Бид зах зээлийг хязгаарлаж, татаасаар эдийн засгаа барих гэж оролдож эцэст нь төрийн үр ашиг нэн сул, хувийн хэвшил дарамттай, иргэдийн боломж хумигдсан орчинд орлоо. Хамгийн ёжтой нь коммунизм байгуулж байгаа улс биш хэрнээ, коммунист системтэй улстай ижил түвшинд хүрсэн нь олон улсын дунд бид ямар үнэлгээтэй байгааг харуулж буй үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гайгүй ч хэвтэнэ дээ 2026-04-08 202.9.46.109

Иргэд ААН-үүд тэртэй тэргүй ажилгүй, ядуурал ба өр зээлийн дарамтанд живчихсэн, худалдан авах чадвар 0 заачихсан тул үнэ яаж ч өсгөж хэлсэн авч дийлэхгүй. 8 нэрийн дэлгүүрүүд хэдэн ч хар дэвтэрт бичээд зай завсаргүй, байцаа таллаж, сонгино ширхэглэж, тос граммлаж байна. 10 жил яваад эцэст нь улныхан шал руугаа шавар шавхай руу шигдэж хоцорвоо хөөрхий..

Avatar

Нэргүй 2026-04-08 138.252.29.3

хэрэглэгчид худалдан авалтаа эрс багасгаж, бүсээ чангалж хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-08 103.229.121.92

нефт огцом унцаан

Avatar

Нэргүй 2026-04-08 138.252.29.3

нефть буцаад буусан. 95 доллар болсон байна.

Avatar

Нэргүй 2026-04-08 43.242.242.59

Шатахууны үнэ нэмэгдэж л байвал АН-д ашигтай. АН-ын эдийн засагч гэх Даваадорж, Отгочулуу нар сайхан далимдуулж хэтрүүлэн ярьж байна.

Avatar

Нэргүй 2026-04-08 103.168.34.177

нефтийн шаар гэдэг технологийн нэр томьёо бүхий бүтээгдэхүүнээр хуванцар бордоо гэх мэт химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хийдэг болохоос Баярын ярьсан шиг АИ-92 үйлдэрлэдггүй.. Энэ хүний тооцоггор бол ОХУ манайд маш хямдаар бензин нийлүүлдэг нь тодорхой боллоо. Баярлалаа хойд хөршдөө!!!

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.160.101

шуналтай малчдыг хэт халамжилж байна

Avatar

Нэргүй 2026-04-08 202.55.188.33

манай үнийн өсөлт аль хэдийн мах нь дээр 20%давсан ноолуурыг төрийн мөнгөөр хэт өндөр үнэтэй авч байна энэ нь эдийн засагт маш муу нөлөөтэй малчид залуурч халамж харж архидан тусламж нэхэн суух билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж