“Дүнжингарав” уулзвар дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барих ажлыг 2026 оны тавдугаар сараас эхлэх бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөж байгаа талаар албаныхан мэдээллээ. “Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр хоёр жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Нийслэлээс 2026 онд 207 дугаар байрыг шинээр барихад 8.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд нийтдээ 16.5 тэрбум төгрөгөөр байрыг дахин барихаар төлөвлөсөн байна.
Өмнө нь галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөнө гэж албаныхан мэдээлж байсан бол төсөв нь 4 тэрбумаар нэмэгджээ.
Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолсон.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай энэ талаар өмнө нь мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 63 айлын 207 дугаар байрны оршин суугчид газ дэлбэрэлтэд өртсөн харамсалтай хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Нийслэлээс энэ асуудлыг орхигдуулаагүй. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон Ерөнхий сайдын нөөц хөрөнгөөс иргэдийн хохирол болон түрээсийн байрны асуудлыг шийдвэрлэж байна. Саяхан 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр 207 дугаар байрыг бүрэн нурааж дууссан. Зураг төслийн тендер зарлаж, батлах үе шатандаа явж байна. Шинэ байрны загварын талаар оршин суугчдаас санал авсан. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр барилга угсралтын тендер зарлагдаж, 2026 оны нийслэлийн төсөвт 8.7 тэрбум төгрөгийг тусгасан. Тендер амжилттай болох юм бол иргэдээ шинэ байранд нь оруулахад анхаарч ажиллана" гэсэн юм.
11 АЙЛ ДААТГАЛААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГУУЛЖЭЭ

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 66 айлын 11 нь даатгалаас 2025 оны эхээр 1.4 тэрбум төгрөг гаргаж өгчээ. Одоо даатгалын гэрээ дууссан 10 гаруй айл байна гэдгийг хуульч О.Батхүү өмнө нь мэдээлсэн юм. Тэрбээр "207 дугаар байрны 11 айлын даатгалын гэрээ нь хүчинтэй, ипотекийн зээлээ төлж байсан. Дахин 10 гаруй айл нь зээлээ төлөөгүй байхад нь гэрээнийх нь хугацаа дууссан. Энэ байрны оршин суугчид маш хүнд байдал байна. Арилжааны банкнаас сар бүр ипотекийн зээлийг нь аваад байдаг.
Гэтэл байр нь галд шатаж, амьдрах боломжгүй болсон. Огт байхгүй байшингийн төлөө төлбөр төлөх нь утгагүй асуудал. Энэ асуудлыг сайн хөөцөлдвөл барьцааны болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох ёстой.
Шинэ барилга барьсан ч цоо шинэ дугаартай үл хөдлөх хөрөнгө үүснэ. Энийг хөөцөлдөөд явах гэхээр 13 айлын 10 нь нэг арилжааны банкин дээр буюу "Хаан" банкнаас зээлтэй учраас санхүүгийн хүндрэл учруулах эрсдэл үүсэх гээд байгаа юм. Тэрнээс биш 5-6 арилжааны банкинд зээлтэй бол эрсдэлийн сангаас барагдуулах боломжтой" гэдгийг хэлсэн юм.
3,602.33






















































Нэргүй 2026-04-08 66.181.160.117
Нэг компанийн дэлбэлсэн байшинг татвар төлөгчид бид санхүүжүүлэн дахин бариулдаг юм байна?!!
Хахаха 2026-04-08 202.9.46.109
Тэр Дашваанжил компани МАН-ын тул тэгж байгаа юм. Хэрэв АН-ын компани байсан бол өдийд цаазаар авахуулчихсан байгаа.