Мөнгөө төлсөн МАН-ын жүжигт ЦЭЦ тоглов | News.MN

Мөнгөө төлсөн МАН-ын жүжигт ЦЭЦ тоглов

Мөнгөө төлсөн МАН-ын жүжигт ЦЭЦ тоглов

Мөнгөө төлсөн МАН-ын жүжигт ЦЭЦ тоглов

Цэцийн дээр хөх тэнгэр биш эрх барьж байгаа нам л байдгийг дахин нотолсон шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан нь Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн шийдвэрийг хойшлуулсан явдал.

Парламентын залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар Хэнтийн 42 дугаар тойрогт ирэх аравдугаар сард нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ-ын хаврын чуулганаар баталсан билээ. Гэвч, энэхүү тогтоолыг нэр бүхий иргэд Үндсэн хууль зөрчсөн гэж цэцэд хандсан нь санамсаргүй тохиолдол биш хийгээд цаанаасаа захиалгатай жүжиг байжээ гэж хардахаар.

Цэцийн хэвлэлийн албанаас өгсөн албан мэдээлэл нь УИХ-аас 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг гаргалаа гэсэн товчхон өгүүлбэртэй.

Хэн мөнгө төлнө, тэр хүссэн хөгжмөө захиалдаг гэгчээр энэ удаад мөнгөө төлсөн МАН-ын жүжигт Цэц уран чадамгай тоглосон нь Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдын эрхэнд халдсан шийдвэрийг гаргахад хүргэв. Ингэснээр Монголын парламент 75-уулаа бүтэн жил явна гэсэн үг. Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид хууль батлах төрийн дээд байгууллагад төлөөлөлгүй мөн л бүтэн жил явахаар дүр зураг харагдаж байна.

2016 оны сонгуулиар Ардын намын тодотголтой бол бор халзан хонь байсан ч УИХ-д гарахаар, ялалтынхаа шоктой хоёр жил явсан МАН өдгөө ялагдал хаяанд ирснийг ойлгосон бололтой. Түүхэнд байгаагүй гутамшигтай шалтгаанаар төрхөмд нь буцаасан Д.Гантулгын оронд намын даргаа сойлоо ч хуурай дүүгийнх нь хугарсан нэр, дээр нь эмээлийн хоёр бүүрэг шиг болсон эв түнжингээсээ болоод  МАН нөхөн сонгуульд яагаад ч ялалт байгуулж чадахгүй байлаа. Үндсэндээ МАН-ын дарга Хэнтий нутагтаа өвдөг шороодож байснаас  УИХ-д 64-үүлээ байсан нь дээр гэж тооцсон ч биз. Улсын биш хувийн эрх ашиг талаас нь харвал шүү дээ. Тэгээд ч үнэмлэхүй олонхын хувьд УИХ-д 65-уулаа байсан ч 64 үүлээ байсан ч нэг их онцын ялгаагүй гэсэн үг. Товчхондоо, наанаа оронгоо нураатал хэрэлдэж буй ч Хэнтийн нөхөн сонгууль дээр У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын эрх ашиг  аль хэдийнэ нэгдэж, ханцуй дотроо наймаалцсан байж.

УИХ, аймаг орон нутагт үнэмлэхүй эрх мэдэлтэй нам, рейтингээрээ Монголын улс төрдөө аман хүзүүдэж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөхөн сонгуулиар бүдэрвэл еэ еэ бөө вөө болно. Нөгөө өндөр рейтинг, том даргын имиж, 100 жилийн түүхтэй нам энэ тэр бол онигоо шүү дээ. Нөхөн сонгуулиар ялж чадаагүй нам, өвдөг шороодсон даргын тухай яриа л намаржин улс төрийн амны зугаа болно гэсэн үг.

Цэцэд хөгжмөө захиалж санасандаа хүрсэн МАН-ын улс төрийн нүүдлийг нь шинжвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авсан ч аваагүй ч нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй биз. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг парламент хүлээж авахгүй байлаа гэхэд Их суудлын хуралдаанаас ийм шийдвэр гаргах нь ойлгомжтой. Тэнэг, тэгээд орон гаран биш бол Цэц юу гэж нэг асуудал дээр хоёр өөр шийдвэр гаргах вэ дээ. Энэ мэт эцэг хуулийн үзэл санаа, Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгэх нь цэцийн гишүүдийн хувьд хэвийн зүйл болсон.

Тэгэхээр 2019 онд нөхөн сонгууль болно гэдэг бараг л үлгэр, 2020 он хүртэл Хэнтийн 42 дугаар тойргийнхон төрд төлөөлөлгүй явж ч мэдэхээр нөхцөл байдал үүсчээ.

Хүн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан, магнайдаа залж явах үүрэгтэй Үндсэн хуульдаа биш эрх мэдэлтэнд үйлчлэх болсон Цэцийн хувьд иймэрхүү улс төрийн шог тавилттай драмд тун ч чадамгай тоглодог болоод удаж байгаа. Цэцэд хэн мөнгө төлсөн, хэнийг хэн тэнд томилсон нь Үндсэн хуулийг яаж ч өөртөө тохируулж үйлчлүүлж болдог тогтолцоогоо нураагаагүй цагт шүү дээ. Тэр тусмаа Үндсэн хуулийн цэц нь өндөр боловсрол, ёс зүйтэй хуульчдаар биш улс төрчдийн халаасны хүмүүсийн үүр  оромж болсон үед Цэцээс цэцэн мэргэн шийдвэр хүлээх бүр ч хэрэггүй.

Унжаад байхаар яваад өгөөсэй гэж Д.Гантулгын “бандаашийг тайлах”-ыг хамгийн их хүссэн хүн бол Н.Энхбаяр. Гээд түүний хувьд “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болж байна. Нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 13 нам Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, гуравдагчид бие халаалтаа хэзээний эхлүүлж, зарим нэг нь гүйж харайж хүртэл үзсэн.

Өөрийгөө хэдийнэ гишүүнд тооцчихсон хүмүүсийн хувьд инээх ч биш, ярвайх ч биш хэцүү байгаа л байх. Гэвч, манаж яваа хуулиа машинаар сольчихдог Цэцтэй хойно уйлаад яахав дээ, Н.Энхбаяр минь.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж