Гадаа хаврын дулаахан өдөр байсан ч эмнэлгийн үүдэнд хүүхдээ тэвэрсэн, дагуулсан эцэг эхчүүдийн урсгал тасарсангүй. Зарим нь эмийн сан руу яарч, зарим нь амбулаторийн тасаг руу орж байлаа.

Үүний дараа бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорилоо. Биднийг очиход ажлын өдрийн дунд үе байсан ч ачаалал их байв. Орой болон амралтын өдрүүдэд бүр илүү ачаалалтай болдог гэдгийг эмнэлгийн ажилтнууд хэлсэн юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникт ирсэн хүүхдүүдийн зарим нь эмчийн зөвлөгөө авч, жор бичүүлээд гэртээ харьж байхад, биеийн байдал хүнд хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлэхээр тасагт шилжүүлэх аж.
"ХАЛУУРЛАА ГЭЭД ШУУД ХЭВТҮҮЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ, ИХЭВЧЛЭН ГЭРЭЭРЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ЗӨВЛӨДӨГ"
Хүүхдийн зөвлөх поликлиникээс хүүхдээ тэвэрсээр гарч ирсэн нэгэн иргэнтэй ярилцлаа. Түүний охин тавхан сартай аж. Тэрбээр “Хүүхэд халуураад л, үзүүлээд явж байна. Эмч нарын хэлж байгаагаар сүүлийн үед удаан халуурдаг, онцлог шинжтэй ханиад их байна гэсэн. Манай хүүхэд ч ялгаагүй, өчигдрөөс хойш халуураад, халуун нь буухгүй байна. Буусан ч удалгүй дахин нэмэгдээд байна. Сая дахин үзүүлсэн, эм бичиж өгсөн. Ер нь эм бичиж өгөхөөс өөр арга хэмжээ авахгүй юм шиг санагдсан.
Халуурлаа гээд шууд хэвтүүлдэггүй, ихэвчлэн гэрээрээ эмчлэхийг зөвлөдөг. Өмнөх ханиадуудаас арай өөр санагдаж байна. Заримдаа бүр хатгаа болох гээд байгаа юм шиг. Одоогоор бол бага зэрэг ханиалгаж, хоолой нь улайсан, тэрнээсээ болоод халуураад байх шиг байна.
Шөнө бараг тасралтгүй халуурч байна. Лаа хийж, эм уулгахгүй бол халуун нь буухгүй, шөнөжин халуураад байх шинжтэй. Эм тарианд ч нэлээд зардал гарч байна. Хэдхэн ширхэг эм авахад л 50-60 мянган төгрөг болчихдог. Ер нь эмнэлгийн ачаалал их байгаа нь мэдэгдэж байна” хэмээн ярьсан юм.

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГААР ХОНОГТ ДУНДЖААР 200–250 ХҮҮХЭД ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА
Ханиад, томуугийн өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөмтгий байгаа талаар эмч, мэргэжилтүүд хэлж байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн их эмч Б.Гүенгээс тодрууллаа.
-Яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Ханиад, томуугийн улирал үргэлжилж байгаа учраас ачаалал буурахгүй байна. Манайх уушгины лавлагаа шатлалын төв учраас ачаалал тогтмол өндөр байдаг. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас иргэд ирдэг. Сурагчдын бие даалтын долоо хоног таарсантай холбоотойгоор сүүлийн үед хөдөлгөөн багасч, тодорхой хэмжээнд ачаалал буурсан. Гэхдээ хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо их, биеийн байдал хүнд хэвээр байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт дунджаар 200-250 хүүхэд үйлчлүүлж байна.
-Энэ жилийн томуугийн онцлог юу байна вэ?
-Энэ жилийн хувьд томуу үүсгэгчийн хоруу чанартай холбоотойгоор халууралт удаан үргэлжилж байна. Халуурах давтамж ойр, халуун өндөр байгаа нь ажиглагдаж байна. Мөн халууралт эхэлснээс хойш 1-3 хоногийн дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгүүд илэрч байна. Үүнд хамар битүүрэх, нус гоожих, ханиах, найтаах, халуурах, хоолны дуршил буурах, ядрах зэрэг багтана. Үүнээс гадна хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын зовуурь хавсардаг.
-Яаралтай тусламжид хандаж буй хүүхдүүдийн хэдэн хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна вэ?
-Манай яаралтай тусламжийн тасгаар өдөрт ирж буй нийт хүүхдийн 60-70 хувь нь амьсгалын замын зовуурьтай байна. Тэдгээрийн дунд өндөр халууралт, хэвлийн өвдөлт, бөөлжих, суулгах, ханиах, найтаах зэрэг шинж тэмдэг зонхилж байна.
-Аль насны хүүхдүүд илүү өртөмтгий байна вэ?
-Ерөнхийдөө 0-18 насны хүүхдүүд өвчилж байгаа ч 0-5 буюу бага насныхан илүү өртөмтгий байна. Энэ нь тухайн насны хүүхдийн дархлаа болон бие махбодын онцлогтой холбоотой.

-Эцэг, эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Агаар дуслын замаар дамждаг халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга хэмжээ маш чухал. Үүнд:
- Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол зүүх,
- Маскаа 2 цаг тутамд солих,
- Гараа тогтмол ариутгах,
- Гэрийн агаар сэлгэлтийг сайн хийх,
- Дархлаажуулалтад бүрэн хамрагдах, ялангуяа намрын улиралд томуугийн вакцинд хамрагдах,
- Хүүхдийг амин дэмээр баялаг хоол хүнсээр хооллох,
- Цэвэр агаарт гаргах зэрэг орно.
Гэхдээ “агаарт гаргах” гэдгийг буруу ойлгож, олон нийтийн газар дагуулж явах нь эрсдэлтэй. Харин уул, зуслан зэрэг хүн багатай орчинд гаргах нь илүү тохиромжтой. Дээр дурдсанчлан сүүлийн долоо хоногт сурагчдын амралттай холбоотойгоор хүмүүсийн хөдөлгөөн багассан тул тодорхой хэмжээгээр буурсан мэт харагдаж байна. Гэхдээ бодит ачаалал бүрэн буурсан гэж хэлэхэд эрт байна. Хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр өвчлөл дахин өсөх эрсдэлтэй.
Мөн тэрбээр “Эмнэлгээс гарсан ч бүрэн эдгэрсэн гэсэн үг биш. Дараагийн 14 хоногт гэрийн асаргаа сувилгааг зааврын дагуу үргэлжлүүлэх шаардлагатай” гэдгийг анхааруулсан юм.
"НЭГ ХҮҮХЭД ӨВДӨХӨД ДУНДЖААР 300-500 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ"

Бидэнтэй ярилцсан эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн халууралт удаан үргэлжилж, эмчилгээний зардал өндөр байгааг онцолж байлаа. “Нэг удаагийн өвчлөлд 300–500 мянган төгрөг зарцуулах тохиолдол гарч байна. Антибиотик хэрэглэхээс өөр аргагүй байдалд орж байна” хэмээн ярьж байсан юм.
Иргэн "Сүүлийн жилүүдэд энэ ханиад томуу улам л хүндэрч байгаа юм шиг санагддаг. Урьд нь зүгээр л хамрын ханиад хүрдэг байсан бол одоо вирус нь их хүчтэй болсон юм шиг. Бүх насны хүүхдүүд өвдөж, ханиалгаж, бөөлжиж байна. Цэр нь ч амархан ховхрохгүй, заримдаа бүр ковидтой төстэй юм шиг санагдах үе байна. Эдгэрэхийн тулд ихэвчлэн хүчтэй антибиотик хэрэглэж байж гайгүй болдог. Гэхдээ тэр нь хүүхдийн дархлаанд сөргөөр нөлөөлж, дахин дахин өвдөхөд хүргэж байгаа юм шиг. Сүүлийн үед эдгэхгүй, ужиг ханиад ихэссэн.
Манайх сая 9 сартай хүүхдээ шингэн алдаад нэлээд хүндэрсний дараа эмнэлэгт хэвтүүлж, арай гэж гайгүй болгож авсан. Ер нь хүүхдийн өвчлөл их замбараагүй болсон мэт санагддаг. Зөвхөн гэр бүлийн орчноос шалтгаалахгүй, гаднаас ямар нэг байдлаар хүчтэй вирус тархаад байх шиг.
Иймд холбогдох байгууллагууд, тухайлбал бодлого боловсруулдаг газрууд энэ асуудлыг илүү судалж, тодорхой шийдэл гаргах хэрэгтэй байх. Бага наснаас нь хүүхдүүдийг хүчтэй эм, антибиотикоор эмчлэх нь дархлаа болон бие махбодод нь хэрхэн нөлөөлж байгааг анхаарах шаардлагатай гэж боддог. Өвлийн ид улиралд бол бүр хүнд. Хүүхэд өвдөөд эмнэлэгт очиход хэвтэх ор олдохгүй, ачаалал маш их байдаг. Ер нь одоо ханиад томуу бараг дөрвөн улиралд тохиолддог болсон юм шиг санагддаг. Халууралт нь ч маш өндөр.
Эм тарианы зардлын хувьд ч нэлээд дарамттай. Нэг хүүхэд өвдөхөд дунджаар 300-500 мянган төгрөг зарцуулагддаг. Антибиотик эмүүд ихэнхдээ хөнгөлөлтгүй байдаг. Нэг курс эм уугаад гайгүй болсон ч удалгүй дахин сэдэрч, дахин эм хэрэглэх шаардлагатай болдог. Тиймээс аль болох ургамлын гаралтай, хүүхдэд зөөлөн үйлчилгээтэй эм сонгохыг хичээдэг. Гэхдээ тийм төрлийн эмүүд заримдаа төдийлөн үр дүнтэй биш санагдах үе ч бий. Иймээс эцэг эхчүүдийн хувьд сонголт бага, аргагүйн эрхэнд хүчтэй эм хэрэглэхэд хүрч байна" гэдгийг хэллээ.
"ЭДГЭРЭЛТ УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ ТОМУУГИЙН В ВИРУС ЗОНХИЛЖ БАЙНА"

Бид цааш томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар тодруулахаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасантай ярилцлаа. Тэрбээр томуу, томуу төст өвчний тархалт 13 дахь долоо хоногт өмнөх үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгааг онцлов.
Одоогийн байдлаар орчилд зонхилон тархаж байгаа вирусүүдийн дунд томуугийн В вирус тэргүүлж байна. Мөн SARS-CoV-2 буюу ковидын вирус, риновирус болон томуугийн хүрээний бусад вирусүүд тодорхой хэмжээгээр илэрч байгаа ч зонхилол нь томуугийн В вирус болон амьсгалын замын синцитиаль вирус байна.
Эдгээр хоёр вирус нийлээд нийт илэрч байгаа вирусийн 50–60 хувийг эзэлж байгаа бөгөөд өвчлөлийн голлох шалтгаан болж байна гэлгийг тайлбарлав. Тэрбээр, томуугийн В вирусийн онцлогийг тайлбарлахдаа, бага насны хүүхдүүдэд илүү хүндээр нөлөөлдөг, мөн өвчний явц нь арай удаан үргэлжилж, эдгэрэлт удаан байдаг гэдгийг хэлж байв. Иймээс эмчилгээний явцад шинж тэмдэг намдаж эхэлмэгц эцэг эхчүүд эмчилгээг эрт зогсоох хандлагатай байдаг ч энэ нь эргээд хүүхдийн дархлаанд сөргөөр нөлөөлж, шинж тэмдэг дахин сэдрэх, хүндрэл үүсэх эрсдэлтэйг анхааруулсан юм.
Тиймээс эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийж дуусгах нь чухал бөгөөд эмнэлгээс гарсан ч хүүхэд бүрэн эдгэрсэн гэсэн үг биш, харин дараагийн 14 хоногийн турш гэрийн асаргаа сувилгааг үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов. Мөн томуугийн В вирус нь 5 хүртэлх насны хүүхдүүд, мөн архаг хууч өвчтэй болон ахмад настнуудад хүндрэл үүсгэх эрсдэл өндөртэй аж.
Иргэдийн дунд ковидтой хавсарсан халдварын талаар яригдаж байгаа ч одоогоор SARS-CoV-2 вирус тандалтын сорьцод маш бага хувиар илэрч байгаа бөгөөд ковидын шалтгаант томоохон дэгдэлт, хүндрэл одоогоор бүртгэгдээгүй байна. Харин томуугийн В вирус болон амьсгалын замын синцитиаль вирус нь өвчлөлийн голлох шалтгаан хэвээр байна.
Мөн түүнээс бага насны хүүхдүүдийн дунд менингит халдвар өргөн тархаж байгаа асуудлаар тодруулахад, "2026 он гарснаас хойш нийт 7 тохиолдол бүртгэгдэж, 3 нас баралт бүртгэгдсэн. Менингококкт халдварын үед өндөр халуурах, 39–40 хэм хүрч халуурах, халуун буурахгүй байх, биеэр тууралт гарах, бөөлжих, гэрэлд мэдрэг болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Менингококкт халдварыг томуу, томуу төст өвчинтэй андуурах эрсдэл өндөр байдаг. Гэвч менингококкт халдварын үед халууралт маш өндөр, огцом эхэлдэг бөгөөд хугацаа алдах нь амь насанд аюултай нөхцөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай" гэдгийг хэлсэн юм.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар томуу, томуу төст өвчний гол шалтгаан нь томуугийн В вирус болон амьсгалын замын синцитиаль вирус бөгөөд эцэг эхчүүд эмчилгээ, урьдчилан сэргийлэлтдээ илүү анхаарах шаардлагатай байна.












ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,569.17




















































зочин 2026-04-08 103.57.95.76
хүүхдээ ч өөрсдийгөө ч асарч тойглохоо умартаж, чихэр амттанаар хооллоод, нимгэн хөнгөхөн явахаар яаж өвдөхгүй бхав дээ. улирлын онцлог
1000 2026-04-08 202.72.243.182
7 ХОНОГИЙН ДОТОР үр дүн, зүүлэлт энэ тэр гэж ЮУ ГАРАХ ВЭ ДЭ., эхлээд тархана, халдварлана, өвдөнө гээд үе шаттай явагддаг өвчин шүү дэ.