Гурван сар тасарсан халуун ус хэзээ ирэх нь тодорхойгүй байна | News.MN

Гурван сар тасарсан халуун ус хэзээ ирэх нь тодорхойгүй байна

Гурван сар тасарсан халуун ус хэзээ ирэх нь тодорхойгүй байна

Гурван сар тасарсан халуун ус хэзээ ирэх нь тодорхойгүй байна

Офицерын тойргоос хойш эргэхэд замын хоёр талд газар ухаж, урт, том төмөр хоолойг суурилуулж байв. Баянзүрх дүүрэг дэх халаалтын зуухыг халж, төвлөрсөн дулааны шугамд холбон, Амгалан дулааны станцаас гарсан дулааны шугамын 500 мм диаметртэй хоолойг, 700 мм диаметртэй хоолойгоор сольж буй энэ ажил уг нь долдугаар сарын 20-нд дуусч, Баянзүрх дүүргийн оршин суугчид халуун усаар хангагдах ёстой байсан юм. Гэвч товлосон хугацаандаа амжаагүй тул наймдугаар сарын 4-нд уг ажлыг дуусгахаар болсон ч мөн л амжсангүй.

Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна

Засгийн газрын 22.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж буй энэ ажил хэзээ дуусч, гурван сар халуун усны “бараа хараагүй” Баянзүрх дүүргийн оршин суугчдын магнай тэнийхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн хэвлэлийн албаны даргаас тодруулахад “Цаг агаар болон хувийн аж ахуйн газар чөлөөлөлт зэрэг олон шалтгааны улмаас ажил хугацаандаа амжсангүй. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа. Бид дүүргийг наймдугаар сарын 25-нд халуун усаар хангахаар гүйцэтгэгч компанийг шахан ажиллаж байна” гэлээ.

Гэрээний дагуу наймдугаар сарын 30-нд ажил дуусна

Хоолойг наймдугаар сарын 25-нд суурилуулж дуусах эсэх талаар гүйцэтгэгч компани болох “МЭЗ”-ын талбайн инженерээс тодрууллаа.

-Яагаад ажил товлосон хугацаандаа дуусахгүй байна вэ?

-Манай компанийн ажил зургадугаар сарын 20-нд Батлан хамгаалах яамны хашаанаас эхэлсэн. Төрийн байгууллага учир хаалга, гарц орцыг нээх зэрэг ажил саадгүй эхэлсэн. Харин “Хорго” хотхон хувийн өмч тул газар чөлөөлөлт, нөхөн сэргээлт зэргийг тохироход хугацаа алдаж ажил саатсан.

-Ажил эхлэхээс өмнө нийслэлээс газрыг чөлөөлөөгүй байсан юм уу?

-“Хорго” хотхон биднийг оруулахгүй гээгүй. Хамгийн гол нь нөхөн сэргээлтийг яг хэрхэн хийх талаар удаан хэлэлцээр хийснээр орц, гарцаа нээсэн.

-Танай ажил хэзээ дуусах вэ?

Сунгагдсан гэрээний дагуу наймдугаар сарын 30-нд манай ажил дуусна. Ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан дуусгахаар бид 24 цагаар ажиллаж байгаа. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ”-нийхэн наймдугаар сарын 25-нд усаа шахна гэсэн. Түүнээс өмнө шаардлагатай ажлыг хийгээд, үлдсэн  ажлаа 30-наас өмнө амжуулна.

“Гэрээг ажил мэдэхгүй хүмүүс товлодог”

Бидний ярианд тэнд байсан ажилчид оролцов. Ажилчид “Гэрээнд заасан хугацааг зангиа зүүсэн, ажлыг гардан хийж үзээгүй, ажил мэдэхгүй хүмүүс товлодог. Ажил хийхэд маш олон саад гардаг. Тэр болгоныг тооцолгүйгээр хийсвэрээр товлосон байдаг. Газар дор байгаа кабель, цахилгааны утас зэрэг нь яг аль хэсэгт байгаа зэргийг ч тодорхой болгоогүй байдаг. Хэрэв бид түүнийг нь мэдэлгүй тасалсан, гэмтээсэн бол өөрсдөө төлбөрт унана. Ядаж ийм зүйлсээ тодорхой болгох шаардлагатай шүү дээ” гэж байлаа.

Ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадаагүй компанийн балгаар Баянзүрх дүүргийн ихэнх хорооны иргэд халуун усгүй зуссан ч яг хэзээ халуун ус ирэх нь мөн л тодорхойгүй байна.

Р.Ренчиндулам

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж