76:1
126:1 Эвийн хүч

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг танилцуулж байна.


Тамганы хэрүүлтэй талцаж хуваагдсан Ардчилсан намыг эвлүүлж, УИХ-д 42 суудалтай болгосон улстөрч бол Лу.Гантөмөр юм. Ёроолдоо хүртэл унасан намд нэрнээс нь өөр бүтэн зүйл үлдээгүй бэрх үед Ардчилсан намыг удирдсан ч богино хугацаанд босгож чадсан гавьяатай.

Сөрөг хүчний зүгээс өнөөдөр парламентыг төлөөллийн ардчиллынх нь зарчмаар хөгжүүлэх зарчмын шаардлага тавьж, төрийн дээр нам гарах ёсгүйг тодоос тод тунхаглан, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг эрх баригч хүчинд анхааруулан, хүчтэй улс төрийн тоглолт хийж байгаа энэхүү үйл явц түүний Ардчилсан намд үлдээсэн легаси ч гэж хэлж болох юм.

Тодруулж хэлбэл, Ардчилсан намыг үзэл баримтлал дээрээ нэгдэж чаддаг хүчтэй улс төрийн хүчин болгохын тулд болохоос нь болохгүйг хүртэл зүтгэсэн гэж хэлж болно.

Тэвчээр ч заасан, хүлээцтэй ч хандсан. Доромжлол, хараал юу эсийг сонсох билээ.  Гэсэн ч ноён нуруу хугаралгүй “Эв нэгдэл хамгаас чухал” гэдгийг намынхандаа ойлгуулахыг эрмэлзсэнээр зангидаж чадсан. Эрх баригч намынхны хувьд Ардчилсан намыг УИХ-ын 2024 оны сонгуульд 42 суудал авна чинээ санаагүй юм. Харин тэд чадсан.

Парламентад 42 суудалтай хүчтэй сөрөг хүчин бий болсон тул эрх баригч хүчин болох МАН Ардчилсан намд Засгийн газарт хамтрах урилга илгээж байв. Энэ үед Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эрх мэдэл, сандал суудал хуваалцахаас илүүтэй улс орноо хөгжүүлэх бодлогыг тэргүүнд тавьсан.  Тиймдээ ч Засгийн газарт хамтарсан.  Хамтрах шийдвэрийг ганцаараа гаргаагүй Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, саналыг нь сонсон олонхиороо шийдвэр гаргасныг хэрэгжүүлсэн.

Хамтарсан Засгийн газар ураны төслийг хөдөлгөсний зэрэгцээ Харбины гэрээг байгуулж чадсанаар мухар төмөр замыг экспортын болгох ажлыг эхлүүлсэн. Том төслүүдийг хөдөлгөх том амбиц тавьсан  ч Ардчилсан нам болон Ардын намын хамтрал удаан үргэлжлээгүй зам салсан. Засгийн газар огцорсон нь Ардын намын дарга нь орлогоо нотолж чадаагүйгээс үүдэлтэй ч  Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр хамтарсны хариуцлагыг хүлээсэн. Намын даргаасаа буухын өмнө тэрбээр “Эе эвээ хичээгээрэй. Өнөөдөр хүртэл тэвчээр гаргаж чадсан шүү бүгдээрээ. Мэдээж болчимгүй алхам хийсэн хүмүүс бий. Олонхи нь тэвчээр гаргаад шүдээ зуугаад "Монголоо босгоод ирье.  Ард түмэн ядуу байна, тийм учраас ядуурлыг арилгая" гэдэг зорилгын төлөө тэвчиж байсан. Тийм учраас Ардчилсан нам тийм амархан хагарч бутрахгүй гэдэгт би итгэдэг. Гэхдээ би хүмүүсийн өмнөөс хэлж мэдэхгүй. Би бол эв нэгдлийг нам дотроо байнга хэлээд явна” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай.

Ардчилсан намыг дотоод ардчилалтай, үзэл баримтлалдаа үнэнч, улс орны ачааг үүрэх улс төрийн хүчин болгохын төлөөх түүний бодлого, менежмент мөнгөтэй, булчинтай нь удирдаггүйг батлан харуулсан.

Арлын оронд найман жил суралцаж, инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр эдүгээ гурав дахь парламентдаа ажиллаж байна. Ардын намтай хамтран Ардчилсан нам Засгийн газрыг удирдах үед УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайдын алба хашсан бол 2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барих үед Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан.

Боловсролын сайдаар ажиллах үедээ эхлүүлсэн хамгийн том ажил нь Япон улсад 1000 инеженер бэлтгэх хөтөлбөр юм.

Монгол Улс үйлдвэрлэгч орон болохын тулд нэн түрүүнд чадварлаг инженерүүд бэлтгэх хэрэгтэй гэж үзэн энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн. Оюутнууд барилгын инженер, архитектур, хүрээлэн буй орчны инженер, механик инженер, цахилгаан, электроникийн инженер, мэдээллийн технологийн инженер зэрэг мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд өнөөдөр эх орондоо хөдөлмөрлөж байна.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хаших хугацаандаа гүйцэтгэсэн ажлын нэг нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байв.

Уг хэлэлцээрийн талаар тэрбээр “Хэлэлцээр 2023 оны есдүгээр сард Ч.Хүрэлбаатар сайдын үед эхэлсэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар, Л.Гантөмөр гэдэг хүндээ биш энэ бол төрийн баталсан баримт бичигт тусгагдсан зүйл. Төрийн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг сайд нарт бий. Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд энэ хэлэлцээр ашигтай гэдгийг батлан хэлье. Хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Монгол Улсын үйлдвэрлэл төрөлжинө. Тэгэхгүй бол үнэндээ бид нэг зах зээлээс бүрэн хамааралтай болчихсон. Үүндээ ч даслаа. Ганц урд хөрштэйгөө бүх наймаагаа хийдэг болчхоод байна. Энэ чинь алсдаа аюултай. Тэнцвэр байх хэрэгтэй.

Оросын тал буюу Евразийн авч байгаа татвар 10-40 хувь буурахаас илүү ямар ашиг байх юм бэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн ОХУ, Казакстан болон бусад улсуудын лангуун дээр татваргүй очиж зарагдана гэсэн үг. Засгийн газар худалдаа хийхгүй. Засгийн газрын түвшинд худалдаа эрхлэгчдийг дэмжье гэдэг бодлого.

Энэ бол Монгол Улсын худалдааны алдагдлыг нөхье гэдэг ярианаас эхлэлтэй. Жишээ нь одоогоор бид 100 сая төгрөгийн бараа экспортолж, цаанаасаа гурван тэрбум төгрөгийн бараа авч байна гэвэл зөрүү нь хэд гарах вэ?. Тэгэхээр ядаж манайхаас нэг тэрбум ам.долларын бараа авдаг тэндээс гурван тэрбум ам.долларын бараа орж ирдэг байвал энэ бол харилцан бизнес байхгүй юу.

Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ зах зээл дээр бараагаа борлуулмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ялангуяа малчдад маш хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр арьс шир үнэгүй болчихсон. Тэгвэл одоо гадна, дотнын хөрөнгө оруулагчид Монголд арьс ширийг боловсруулаад энэ зах зээл рүү гаргах хөдөлгөөн эхэлнэ.

Ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээж Евразийн зах зээл рүү гаргана. Энэ салбарт ч дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ бол баталгаатай" гэж мэдэгдэж байв.

Ардчилсан нам нь дотооддоо олон фракцитай байх үед "Нэг үе Ардчилал" клубт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хамтаар нэгдэн, улс төрийн акци өрнүүлж явсан нь бий.

Авлигатай тэмцэх газарт гаргасан 2024 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 24.5 сая бол гэр бүлийн орлого 49 сая төгрөг. Амины орон сууц нэг, нийтийн орон сууц дөрөвтэй бөгөөд нийтэд нь 705 сая төгрөгөөр үнэлжээ.

“Nissan, Patrol” маркийн нэг автомашинтай 319 сая төгрөгөөр үнэлсэн байна. 160 адуу, 10 үхэртэй, түүнийгээ 175 сая төгрөгөөр үнэлжээ. Хадгаламжиндаа 91 сая төгрөгтэй бол 47 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Увс аймгийн Улаангом хотын нэгдүгээр 10-н жилийн сургууль
  • 1996 онд Япон Улс Сэндай коллеж Цахилгаан холбооны инженер
  • 1999 онд Япон Улс Нагаока технологийн их сургуулийн Электроникийн инженер
  • 2012 онд Япон Улс Нагаока технологийн их сургуулийн “Хүндэт профессор”
  • 2013 онд Япон Улс Сэндай коллежийн “Хүндэт профессор”
  • 2015 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн “Хүндэт профессор”
  • 2016 онд Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн “Хүндэт доктор” эрдмийн зэрэг цол

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2004 онд Сэтгэшгүй трейд ХХК-ийн захирал
  • 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2006-2007 онд Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын Хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд
  • 2016 онд Астрарүүт ххк- ТУЗ-ын дарга
  • 2023 оноос Ардчилсан намын дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд

ШАГНАЛ

  • 2009 онд Алтан гадас одон
  • 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2020 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Япон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-07 59.153.112.26

Шинэ үеийн Дэ ван.

Avatar

Нэргүй 2026-04-07 43.242.242.59

Зөвшөөрч байна. Энэ хүн нам гэж туйлшрахгүй эх орноо хөгжүүлэх иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө тэмцсэн. олон хүнд зэмлүүлж байсан боловч хамтарсан засгийн газарт орж хэд хэдэн том төслийг хөдөлгөсөн гавьяатай хүн мөн. Хамтарсан засгийн газарт байхад АН нь нилээд хэдэн яамыг авч намынх нь зарим гишүүд нь ажилтай болсон нь түүхэн үнэн юм. Тэд Гантөмөрт баярлаж явах учиртай. Буурь суурьтай ухаалаг улстөрч мөн. Түүнд эрүүл энх ажлын амжилт хүсье

Avatar

Нэргүй 2026-04-07 66.181.176.254

Ардчилсан намынхан АНУ-ын зааврын дагуу Монголын эдийн засгийг сүйрүүлэх бодлого баримталдаг? Элбэгдорж, Сайханбилэг нар АНУ-ын зааврын дагуу Монголын эдийн засгийг сүйрүүлэхэд их хувь нэмэр оруулсан гээд АНУ нь тэр хоёрыг нутагтаа тэжээж байна.

Avatar

Нэргүй 2026-04-07 103.212.116.80

Үхширсэн тэнэг коммунистууд үүнээс өөр юуч мэдэх билээ дээ,өөрсдөө ганц улсаас хараат бүх юмаа тэдний заавар зөвлөлгөөгөөр хийдэг соц.сисем дотроо хамгийн ядуу,хөгжил муутай улсаа бүрэн захирах эрхигүй ганц том даргаа хүртэл өөрсдөө тавьж чадахгүй бусдын заавраар сонгодог өчүүхэн дагуул улс болгож байсан тэнэгүүд өөр юуч мэдэх билээ дээ

Avatar

Нэргүй 2026-04-07 66.181.185.146

Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж