Сургалтын төлбөрөө нэмж байгаа бол чанараа  сайжруул

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Сургалтын төлбөрөө нэмж байгаа бол чанараа  сайжруул

Сургалтын төлбөрөө нэмж байгаа бол чанараа  сайжруул

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд дээд боловсрол олгох 96 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 75 нь хувийн өмчийнх. Энэ тоо нэг үе 200 гаруй байсан гэж бодохоор  бид  чанаргүй боловсрол эзэмшиж байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөдрийн 96 гэсэн тоо ч гуравхан сая монголчуудын хувьд ахадсан тоо.

Тэгвэл жил бүрийн өдийд яригддаг хүндхэн сэдвүүдийн нэг бол оюутнуудын сургалтын төлбөр. Энэ жилийн хувьд улсын их дээд сургуулийн төлбөр 9-16 хувиар нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд Монгол Улсын их сургуулийн нэг кредит 11900-19200 төгрөгөөр нэмэгдсэн нь тухайн оюутан жилд 30-40 кредит судалдаг байлаа гэж бодоход 300-400 мянган төгрөгөөр нэмэгдэж байна гэсэн үг.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэг кредит өнгөрсөн онд 66 мянга 250 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд нэг кредит нь 76900-78900 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. 

Харин Монголын үндэсний их сургууль жилийн сургалтын төлбөрөө 500 мянган төгрөгөөр, Соёл урлагийн их сургууль болон Улаанбаатар их сургууль сургалтын төлбөрөө 100 мянган төгрөгөөр  тус тус нэмжээ.

Монголчуудын дундаж цалин хэд билээ. Өдөр, хоногийг арай ядан өнгөрөөж буй ард иргэдийн хувьд оюутны сургалтын төлбөрийн нэмэгдэл улам их дарамт болж байна. Эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд ихэвчлэн цалингийн зээл авч, өнөөхөө хэд нугалан төлж, сөхөрч унахдаа хүрдэг. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө хуруу хумсаа хугалан байж олсон хэдийгээ их сургуулийн өндөр  төлбөрт сэтгэл харамгүй өгөх нь мэдээж. Гэтэл сургуулиуд боломж олдвол төлбөрөө нэмж эцэг эхчүүдийг дарамталсаар л. Энэ байдлаа хэзээ болих вэ? 

Боловсролын салбарынхан сургуулийн төлбөр нэмэгдсэнийг “Улсаас зөвхөн ус, цахилгаан зэрэг тогтмол зардлыг санхүүжүүлдэг. Сургууль бусдыг нь сургалтын төлбөр, судалгаа шинжилгээ хийх гэсэн хоёр аргаар л босгодог. Тиймээс сургалтын орчин материаллаг бааз, чанараа сайжруулахын тулд  сургалтын төлбөрөө нэмэхээс өөр арга байхгүй‘ хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл их дээд сургуулиуд  сургалтын төлбөрөө нэмж байгаа бол  нэн тэргүүнд  чанартай боловсролын талаар ярих ёстой. 

Дөрвөн жил эцэг эхийнхээ халаасыг сэгсэрч, хайран цаг хугацаагаа дэмий үрж, мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоог нэмэх явдал өнөөдрийн нийгэмд олон байна.  Хэрэв жилийн 1.5 сая төгрөгийн төлбөртэй сургуульд сурсан бол багаар бодоход зургаан сая төгрөгөө салхинд хийсгэлээ гэсэн үг. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 96 сургуулийн хэд нь сургалтын төлбөртэйгөө тэнцсэн мэдлэгийг өгч байгаа билээ дээ. Гэтэл дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдийн 70 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгаа хүртэл  бий.

Э.Бурам 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж