Тарифын нэг жил

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны дөрөвдүгээр сард худалдааны дайн эхлүүлэхдээ Америкийн хувьд шинэ эрин үеийг амласан. Энэ хүрээнд тус улсын үйлдвэрлэлийг сэргээж, засгийн газарт мөнгө босгож, шинэ зах зээл нээнэ хэмээн олонтоо мэдэгдэж байв. Одоо, Трампын анхны амлалтаас нэг жилийн дараа АНУ-ын тарифын хэмжээ хэдэн арван жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрч, өнгөрсөн оны эхэн үеийн 2.5 хувиас дунджаар 10 хувиар өссөн байна. Тиймээс энэ удаагийн ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа Трампын тариф ямар үр дүн гаргасныг онцолж байна.


"САЛЖ" БУЙ ХАРИЛЦАА

Трамп дөрөвдүгээр сард “Чөлөөлөх өдөр” гэж нэрлэсэн бодлогоо зарлаж, дэлхийд шок өгсөн. Тэрбээр олон орны импортын бараанд дор хаяж 10 хувийн тариф ногдуулсан бөгөөд Хятад зэрэг зарим улсуудад бүр илүү өндөр татвар тавьсан. Үүний хариуд Хятад улс мөн адил Америкийн тарифыг нэмсэн. Ийнхүү хоёр тал ээлжлэн татвар нэмснээр бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр болж, хэдэн долоо хоногийн турш хоёр улсын худалдаа бараг зогссон.

Дараа нь байдал бага зэрэг намжсан. Гэхдээ 2025 оны эцэс гэхэд Хятадын бараанд ногдуулах тариф Трампын засаг захиргааны өмнөхөөс бараг 20 хувиар өндөр хэвээр байсан. Мөн АНУ болон Хятадын хоорондын худалдаа ихээхэн буурсан байна. Тухайлбал:

  • АНУ-ын Хятадаас авах импорт ойролцоогоор 30 хувиар буурсан
  • АНУ-аас Хятад руу гаргах экспорт 25 хувиас дээш хэмжээгээр буурчээ.

Улмаар Хятадын бараа АНУ-ын нийт импортын 10 хувиас бага хувийг эзлэх болсон. Энэ нь 2016 онд 20 хувиас дээш байсан үзүүлэлтээс эрс буурсныг харуулж байна. АНУ Вьетнам болон Мексик зэрэг орнуудаас илүү их импорт авах болсон бөгөөд эдгээр оронд Хятадын компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Эдийн засагч Дэвин Чорын хэлснээр, энэ нь хоёр улс эдийн засгийн хувьд “салж” байна гэжээ. Тэрбээр энэ өөрчлөлт их бөгөөд удаан үргэлжлэх магадлалтай гэж үзэж байна. Тарифууд буурсан ч АНУ болон Хятадын худалдаа өмнөх шигээ хэвийн байдалд орохгүй гэж тэрбээр дүгнэжээ.

ХУДАЛДААНЫ ТҮНШҮҮД ӨӨР ХАМТРАГЧ ХАЙЖ БАЙНА

Трамп зөвхөн "Чөлөөлөх өдөр"-ийн бодлогоос гадна ган, мод, автомашин зэрэг тодорхой бараанд нэмэлт татвар ногдуулсан. Мөн 800 ам.доллараас доош үнэтэй барааг татваргүй оруулж ирэх журмыг цуцалсан. Гэхдээ энэ мэт тарифууд хэрэгжиж байсан ч АНУ-ын импорт өнгөрсөн жил дөрвөн хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл тус улс дэлхийн худалдаанаас бүрэн тусгаарлагдаагүй хэвээр байгаа.

Харин Трампын хэрэгжүүлж буй бодлогоос болж АНУ-ын худалдааны түнш орон, компаниуд өөр гадаад зах зээл хайж эхэлсэн. Засгийн газрууд ч АНУ-аас бусад орнуудтай худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байна. Жишээ нь Их Британи ердөө 10 хувийн тарифт орсон ч хамтын худалдаагаа багасгаж, Герман, Франц, Польш зэрэг орнуудад илүү экспортлох болжээ. Алстоны Их Сургуулийн эдийн засгийн профессор Жун Ду хэлэхдээ, олон улсын худалдаа ерөнхий зураглалаар тогтвортой байгаа ч "дахин зохион байгуулагдаж" байна.

Түүнчлэн Трампын бодлого холбоотнуудыг бухимдуулсан юм. Үүний улмаас АНУ-д ашиггүй өөрчлөлтүүд гарч байна. Жишээ нь Канад улс Хятадын цахилгаан автомашинд тавьдаг татвараа 100 хувиас ойролцоогоор 6.1 хувь болгож бууруулсан. Энэ нь Канадын зах зээлд давамгайлж ирсэн Америкийн автомашин үйлдвэрлэгчдэд таагүй нөлөөтэй. Колумбын Хуулийн сургуулийн профессор Петрос Мавроидисын хэлснээр, олон нийтийн хамгийн их санаа зовооож буй зүйл нь зөвхөн тарифын хэмжээ биш юм. Харин АНУ бусад оронтой зөвшилцөхгүйгээр дангаараа шийдвэр гаргаж байгаа явдал юм.

ХОЛБООТНУУДТАЙ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ҮҮСЧ БАЙНА

Тарифын хурцадмал байдал худалдааны бус бүс нутгуудад ч нөлөөлсөн. АНУ-ын Аялал жуулчлалын холбооны тооцоолсноор өнгөрсөн жил Канадаас АНУ руу зорчих жуулчдын тоо 20 хувиар буурчээ. Энэ нь АНУ-ын эдийн засагт дөрвөн тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан. Тарифын бодлого нь АНУ-д бусад орнуудаас дэмжлэг авахад хүндрэл учруулж байна. Жишээ нь Ирантай холбоотой асуудал эсвэл стрийминг зэрэг цахим үйлчилгээний татварын асуудлууд дээр хамтран ажиллахад хэцүү болсон.

Мэргэжилтэн Петрос Мавроидисын хэлснээр, хэрэв улс орнууд худалдааны тал дээр шударга бус хандсан гэж үзвэл хамтран ажиллахыг хүсэхгүй. Үүний адил АНУ олон улсын итгэлийг олсон, Америк мөрөөдөл зэрэг "зөөлөн хүч"-ээ алдаж байгаа аж. Одоогоор бусад орнууд АНУ-д шууд хүчтэй хариу арга хэмжээ авах нь хязгаарлагдмал хэвээр байна. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж магадгүй гэж эдийн засагч Майкл Пирс анхааруулжээ. Тэрбээр Трампын бодлого бусад орнуудыг илүү хамгаалалтын бодлого хэрэгжүүлэхэд түлхэж байна гэж үзэж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь өөр төрлийн хариу арга хэмжээг нэмэгдүүлж, худалдааны дайны сөрөг нөлөө улам тархах эрсдэлтэй.

АНУ-Д ҮНЭ ӨСЧ БАЙНА

“Чөлөөлөх өдөр”-т зарласан тарифууд дараа нь буурч, олон бараа татвараас чөлөөлөгдсөн бөгөөд зарим орнууд бага тариф авах тохиролцоонд хүрсэн. Мөн Трампын олон том амлалт биелээгүй. Тухайлбал, АНУ дахь үйлдвэрлэл удааширч, гадаад хөрөнгө оруулалт буурсан тул хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх  “Чөлөөлөх өдөр”-ийн тарифыг бүрмөсөн цуцалсан. Үүний улмаас АНУ нь эдгээр татвараас цуглуулсан 260 тэрбум ам.долларын талыг буцааж өгөх ёстой болсон. Гэсэн хэдий ч Цагаан ордон ирээдүйд эерэг үр дүн гарахад цаг хэрэгтэй гэж мэдэгдсэн хэвээр байна.

Одоогоор Трампын тарифаас болж АНУ-д томоохон бизнес, хувийн хэвшил эдийн засгийн дарамтад оржээ. Үүнээс болж худалдан авагчдад сөргөөр нөлөөлж банйа. Тахианы махаар жишээ татвал тарифын бараг 55 хувийг хэрэглэгчид төлж байна. Энэ нь АНУ-ын инфляцыг 0.5 хувиар өсгөж, ойролцоогоор 3 хувь болгосон гэж тооцоо гарчээ. Энэ нь улс төрийн маргаан дэгдээж, арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуулийн өмнө олон сонгогчийн санааг зовоож байна. Гэсэн хэдий ч Америкийн эдийн засаг 2.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн ажилгүйдлийн түвшин 4.4 хувьд тогтож байна. Эдийн засагч Майкл Пирс хэлснээр, тариф нь ихээхэн үймээн тарьсан ч нийт эдийн засагт их хор нөлөө үзүүлээгүй.

Шүүхийн шийдвэрийн дараа Цагаан ордон бусад хуулиар ийм бодлогыг дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Гэвч Татварын сангийн холбооны татварын бодлогын дэд ерөнхийлөгч Эрика Йоркийн хэлснээр, тарифууд “Чөлөөлөх өдөр”-ийн өндөр түвшинд дахин хүрэх магадлал бага байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж