Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайн хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын гадаад харилцааны яам БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа дөнгөж сая боллоо. Тус баримт бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хятадын талыг төлөөлж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг зурсны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И миний урилгаар энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. БНХАУ-ын Засгийн газрын шинэ удирдлага томилогдсоны дараа Засгийн газраа төлөөлөн хийж буй Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болж байгаагаараа онцлог гэдгийг цохон тэмдэглэе. Дөнгөж сая бидний хийсэн хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Талууд хоёр талын хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжлүүлэх, харилцан ойлголцол, улстөрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, томоохон төслүүдээ эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн бүс нутаг олон улсын харилцааны өөрсдийн сонирхсон асуудлаар үзэл бодлоо хуваалцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо. Хоёр улсын харилцаа бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болж сайн хөршийн хөгжлийн төлөөх харилцан ашигтай түншлэлийн зарчмаар хөгжиж байгаа. Үүний хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой зорилтуудыг дэвшүүлж тэдгээр зорилтоо хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар санал солилцлоо. Манай эдийн засгийг зээл тусламжаас хамааралтай байдлыг халж тэнцвэртэй тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж ажиллахаар хэлэлцэв. Хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол Улс БНХАУ-ыг НҮБ дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхэд дэмжиж байсан билээ. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр хамтран зохион байгуулна. Мөн сая хийсэн уулзалтаараа ярилцсан чухал асуудал бол манай улсад БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна. Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо. Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна’ гэлээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И:
-Монгол Улс шинэ Засгийн газар байгуулсны дараа Хятад улстай найрсаг харилцаатай байхыг баримталж ирсэн. Хятад улс Монгол Улсын гадаад харилцааны маш чухал байрт орсонд баяртай байна. Энэ нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэж байна. Бид үүнд сайшаалтай хандаж байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятад улсад айлчилсан. Хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чиглэл өгсөн. Энэ удаагийн айлчлалаар Монголын талтай дөрвөн талаар санал солилцсон. Нэгт, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах. Хоёрт, энэ харилцаанд гарсан боломжийг ашиглаж хоёрт талын харилцааг хурдацтай хөгжих замд оруулна. Гуравт, Бүс ба зам хамтран байгуулахын дагуу хоёр талын хөгжилд шинэ хүч нэмэгдүүлнэ. Дөрөвт, ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ашиглаж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана. Мөн энэ яриа хэлэлцээрийн үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Нэгт, Бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Монголын талаас нэг Хятад зарчмыг баримталж, Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг байна гэж үздэг гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Мөн хоёр орны өндөр, дээд төвшний айлчлалын давтамжийг хадгалах. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхийг урьж байна. Мөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх онд Хятадад айлчлахыг урьсан. Гуравт, Бүс бас санаачилга болон Монголын хөгжлийн замд санаачилгатай уялдуулан хэрэгжүүлнэ. Ажлын тодорхой төлөвлөгөө гаргана. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхийг зарласан. Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг байгуулахад санал нэгдсэн. Дөрөвт, бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Энэ онд багтаж албан ёсоор барилгын ажлыг эхлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Тавд, ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал нэгдсэн. Мөн энэ талаар Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог хүрэн идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” гэлээ.
Мэдээллийн дараа сайд нар хэвлэлийнхний сонирхсон асуултад хариуллаа.
БНХАУ-ын сэтгүүлч: БНХАУ-ын зүгээс үзүүлсэн буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээл Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөжтэй байна вэ. Цаашид хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлж, үргэлжлүүлэх вэ?
Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар:
-Хоёр орны харилцаа стратегийн түвшинд хүрсэн. Бие биеийнхээ язгуур эрх ашгийг дэмжсэн хэлбэртэй байгаа юм. БНХАУ-аас үзүүлж ирсэн зээл тусламж Монголын нийгэм эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Спорт, эрүүл мэндийн байгууллага, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа бүгд манай улсын иргэдэд хүрсэн. Одоо харилцааны шинэ зарчмуудаа ярьж байна. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх бөгөөд бүтцийн чанарыг сайжруулах талаар ярилаа. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьсан. Үүнийг Ван И сайд хүлээн зөвшөөрсөн байгаа. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүнийг экспортлохоор ярилаа. Монгол Улс хөгжихдөө өрийн дарамтад орохгүй байхаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой гэсэн зарчим дээр тохиролцож байна. Бид Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж, тэндээс олох орлогоо нэмэгдүүлэхээр энэ нь Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр болох юм. 2007-2017 онд БНХАУ-тай хийсэн худалдаа дандаа эерэг тэнцэлтэй байсан. Энэ хугацаанд Монгол Улс Хятадаас импортолсноосоо илүү их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг экспортолж, үүний дүнд валютын нөөцөө бүрдүүлж ирсэн. БНХАУ Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч юм. Энэ худалдааны дүнд манай үйлдвэрүүд олон хүнийг ажлын байраар хангаж, экспортыг амжилттай явуулж, валютын нөөцийн хуримтлалыг бий болгосон.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И:
– Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлж, Монгол иргэдийн аж амьдралд тус дэм болж байгаадаа баяртай байна. Хятад улс мөн ядуу хүнд байх үед Монгол Улс тусалж байсан. Монголын талд хөнгөлөлт зээл үзүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй ТЭЗҮ-тэй. Бидний зүгээс өрийн дарамт үзүүлэхгүй гэж найдаж байна. Түүнчлэн БНХАУ руу экспорт хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Бүх Монголын ард түмэн цаашид улам сайхан амьдарна гэж бид итгэж байна. Мөн та бүхнийг Хятадын хурдацтай хөгжих хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Бид Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллана. Монголын сайн найз, сайн хөршийн хувьд Хятад улс чин сэтгэлээр тусалж ирсэн. Хоёр талын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан ашигтай хамт хожих зарчмыг бий болгоно.