Өлсөж ундаасах, даарч хөрөхийг үл ажрах багачууд

Өлсөж ундаасах, даарч хөрөхийг үл ажрах багачууд

Өлсөж ундаасах, даарч хөрөхийг үл ажрах багачууд

Бямба гаригийн өглөө 10:00 цагийн үед байрны доод талын талбайд арав орчим хүүхдүүд тоглож байв. Тэдний дийлэнх нь бага ангийн хүүхдүүд болов уу. Ажиглаад байхад олонхи нь нимгэн голдуу хувцастай. Зарим нь гүйж, ноцолдсондоо халууцсан бололтой гадуур хувцсаа сандал дээр тохсон харагдана. Гадаа нэлээд жиндүү, салхитай байх ч тэд үүнийг үл ажран зарим нь унадаг дугуй, скүүтертэй хурдална. Зарим нь гар бөмбөгөөр хоорондоо харилцах бол зарим нь тэнхээ мэдэн барилдаж, ноцолдож зодолдох маягтай.  Харин охид  савлуур дээр тоглохоор дараалан зогсож ээлжээ хүлээнэ. Тэднийг ийн ажиглаж зогсох зуур нэг нь уйлах нь сонсогдов. Эргээд харвал хар хөх, ягаан өнгийн бөмбөлөгтэй дэрвэгэрдүү хормойтой куртик, хар өнгийн ретүз, хар гуталтай, тайрмал үстэй зургаа орчим настай болов уу гэмээр охин уйлж харагдав. Охин уйлахтай зэрэгцээд цаанаас өөрөөс нь нэг их томгүй нэгэн хүү гүйж ирэх нь түүний ах ажээ. Дүүгээ яасныг асууж “ яасан миний дүү, хэн уйлуулсан, хаана нь цохьсон. За битгий уйлаарай” гэх нь сонсогдоно. Төд удалгүй асуудлыг шийдэв бололтой дүү нь чимээгүй болох нь тэр. Ажаад байхад хүүхдүүд тэр хоёрыг жаахан гадуурхах маягтай юм. Учир нь дүүгийнх нь савлуур дээр суух ээлж ирсэн ч байрны найзууд нийлж суулгаагүй тул арга буюу уйлж асуудлыг шийдсэн нь тэр байж.

Үдийн алдад хүүхдүүд нэлээд нэмэгджээ. Мөн ганц нэг хүүхдээ түрсэн, тэвэрсэн ээжүүд салхилах аж. “Сургуулийн амралт эхэлснээр тоглоомын талбайд хүүхдүүд их байгаа учраас бараг гарахгүй л байна. Гарахгүй ганц хоёр хоночихоор манай энэний хамар ам нь битүүрээд унтаж чадахгүй юм. Тэгээд гараад суухаар энэ хүүхдүүд шуугилдаад унтуулахгүй зарим нь бөмбөгөөр цохьчих гээд скүүтертэй нь ирж дайрчих гээд жаахан хэцүү юм” хэмээн хоёр ээж хоорондоо ярих нь энэ үйл явдал өдөр бүр давтагддагийг илтгэнэ.

Тоглоомын талбайн сандал дээр сууж тэднийг жаал ажиглавал, зарим нь хэзээний том хүн шиг ярьж тэр битгий хэл хараалын үгийг гамгүй урсгах аж. Гудамжны муур нохой харвал бүгдээрээ түүн дээр шавж ноолж ноолж сая нэг хүн боль гэвэл дуртай дургүй тавьж явуулна.

Ийн сууж байтал гурав, дөрвөн хүүхэд хажуугийн дэлгүүр рүү хурд мэдэн гүйгээд орчхов. Удсан ч үгүй газтай ундаа тэр нь нэг их том биш ээ, нэг печень, хэдэн чихэр барьсаар гарч ирэхэд тэнд байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гүйж очив. “Одоо би, надаа л даа, хөөе дууслаа шүү дээ” гэсээр алга эргүүлэхийн хооронд найр дуусав аа. Ямартай ч бүгд амаа хөдөлгөсөн бололтой хэн нь ч гомдол мэдүүлсэнгүй. Тэр дунд нөгөө ах дүү хоёр ч мөн харагдав.

Тэд уйлахдаа уйлж, эвлэрч, байгаагаа хувааж идээд хэдийн сурчээ.

Илүү үглэхээр шийдэж, ахыг нь дуудвал гүйгээд ирлээ. Түүнийг  б.Наранмөнх гэдэг. Тэрбээр, тавдугаар ангид сурдаг, дүү нь харин нэгдүгээр ангид сурдаг гэнэ. Гэр нь энэ байрнаас холгүй, сургууль амарсан учир өдрийг энд өнгөрөөдөг аж. Өөрөөр хэлбэл, ээж, аав нь өглөө гараад орой ирдэг тул тэд өлсөж ундаасах, даарч хөрөхийг үл ажран орой болтол гадаа тоглодог байна. Гэхдээ гэрийнх нь ойролцоо тоглох газар байхгүй учраас ихэвчлэн энд ирж тоглодог гэв. Ах дүү хоёрын гэр нь Шархаданд байдаг. Хичээл амарсан энэ үед гэртээ хоёулаа үлддэг. Зарим өдөр гэртээ утсаа үздэг ч тоглоомын талбайд ирж олон хүүхдүүдтэй тоглох нь илүү гоё байдаг аж. Ийм хүйтэн өдөр гэртээ байвал дээргүй юу гэвэл, “Зүгээр ээ эгчээ. Гэрт байхаар уйтгартай байдаг юм. Гадаа тоглох гэхээр гудамжны нохой, согтуу хүмүүсээс айгаад байдаг юм. Тэглээ ч манай ангийн хүүхдүүд энэ байранд их байдаг. Унадаг дугуй, скүүтерийг нь унаж тоглоод хөгжилтэй, өдөр хурдан өнгөрдөг юм аа. Харин өнөөдөр эртхэн харихгүй бол болохгүй. Ээж маань эрт ирнэ гэсэн. Оройтвол загнуулна” гэх нь тэр. Өдөржин энд байхаар өлсөхгүй байна уу гэхэд, ээж аав хоёр мөнгө үлдээдэг. Түүгээр нь дэлгүүрээс идэх юм аваад найзуудтайгаа хувааж иддэг гэв.

Гадаа цаг гаруй суухад жиндэж, хацар ам даарах маягтай. Хүүхдүүд харин тэнхээ мэдэн гүйж, уйлахдаа уйлж муудах үедээ муудаж төд удалгүй эвлэрэх  аж. Нар бууж тоглоомын талбайн хүүхдүүд шингэрэх үед ах дүү хоёр ч мөн харих гэж байгаа бололтой ах нь дүүгийнхээ хувцсыг гөвж засаж янзалж харагдана. Ингээд тэд хөтөлцөн замын хоёр тийш ээлжлэн харж зам хөндлөн гүйж одов.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-нд эхэлж өчигдөр дууссан. Харин өнөөдрөөс эхлэн үргэлжлээд улирлын  амралт эхэлж буй. Сургууль амрах нь хүүхдүүдэд сайхан ч гэлээ зарим эцэг эхчүүдийн хувьд ажил уддаг. Учир нь насанд хүрээгүй хүүхдүүдээ гэрт нь харгалзах хүнгүй үлдээж улмаар өдөржин хоол цай, гал хөсгүй байхын зэрэгцээ ямар нэг осол гэмтэл, асуудалд өртөх эрсдэл нэмэгддэг. Ажиглаад байхад, ээж, аав нь өглөө эрт ажилдаа яваад орой  ирдэг айлын хүүхдүүд энэ мэт өдөржин хаягдаж, өөрсдийгөө болгох. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар гэрийнх нь ойролцоо байдагсан бол хүүхдүүдэд дэмтэйсэндээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.188.122

Эд нар чинь дотор байх биш, гадаа өлсөж даарч ноцолдож байхдаа л эрүүл өсөн торниж байдаг юм билээ шд, тэглээ ч дулаан орсон ямар дүн өвлийн хүйтнээр байгаад байгаа биш, сэтгүүлч минь юугээ ч бичээд байдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж