Ханш нээж, хаврын улс төр буцалсан долоо хоног

Ханш нээж, хаврын улс төр буцалсан долоо хоног

Ханш нээж, хаврын улс төр буцалсан долоо хоног

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын дарга асан Н.Учрал томилогдсоноор өнгөрч буй долоо хоног өрнүүн эхэлсэн. Үүний араас шинэ Засгийн газрын сайд нар томилогдож, Төрийн ордон хөл хөгжөөн ихтэй байна. Дайны хажуугаар дажин гэдэгчлэн энэ өдрүүдэд Туулын хурдны замын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болон төслийг дэмжсэн, эсэргүүцсэн олны жагсаал цуглаан ч тасарсангүй. Түүнчлэн сурагчдын бие даалтын долоо хоног өнгөрөгч Баасан гаригаар албан ёсоор дуусч, суррон, унадаг дугуйтнууд ч зам дээрээ хүч түрэн гарч ирлээ. Эцэст нь дөрөвдүгээр сарын 5-ны энэ өдөр ханш нээж, хамаг амьтан ичээнээсээ гарснаар долоо хоног шувтарч байна. Ингээд өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудаас доор хураангуйлан хүргэе.


ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ИД ШИД АМЛАХГҮЙ

Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 30. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учралын УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байна.Гадаад, дотоод хоёр талаасаа олон улс, эдийн засаг, улс төрийн эрсдэл хямрал давхар нүүрлэсэн энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай ажил үүргийг хүлээн авч байна. Засгийн газар давхар дарамт, гурван том эрсдэл бүхий шуурга сөрөн ажилдаа орж байна.

Нэгдүгээрт: Түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын аюул

Ойрхи Дорнодод дэгдсэн дайны улмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг царцаан агшаалаа. Дэлхийн  олон улс орнууд онц байдал зарлаад байна. Түлш шатахууны импортоос зуун хувь хамааралтай манай оронд үнийн өсөлт, нөөц хангамж онцгой өндөр эрсдэлтэй. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. Түлшний үнэ бол талх, гурил, мах, сүүний үнэ, бүх үйлдвэрлэлийн орц. Цалин орлогыг хумслагч инцфляцыг улам бүр өдөөж, төгрөгийн ханшийг султгаж, доллар валют гадагшаа илүү их урсах үүд хаалгыг нээдэг. Тээвэр, үйл ажиллагааны зардал багадаа 20 хувь өсөж, компани, иргэдийн ашгийг идэж байна. Үүн дээр нэрмээс болж, үнэ тарифын зохисгүй бодлого, өр авлагын сүлжээнд торлогдсон эрчим хүчний салбар ирэх өвөл ахин гал алдах аюул хэвээрээ байна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ цаг үед гол орцууд болсон түлш, тэсэлгээний материал, бордоо зэрэг голлох түүхий эдийн нийлүүлэлт тасрах, гүнэ өсөх хүндрэл тулж ирээд байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ТООЦОХ ШААРДЛАГАТАЙ

“Туулын хурдны зам” төслийн нээлттэй хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 30-нд Төрийн ордонд зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, мөн иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцов. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Усны газрын дарга З.Батбаяр:

-Туул гол нь 888 км урсдаг. Нийт таван аймгийн 37 сумыг дамжин өнгөрдөг. Үүнийг дурдаж байгаа шалтгаан нь голын тухай ярихдаа эхээс нь адаг хүртэл нь бүхэлд нь авч үзэх ёстой. Нүдэнд харагдаж буй эсвэл үйл ажиллагаанд өртсөн 5–10 км хэсгийг салгаж ярих нь буруу юм. Учир нь аливаа голд үзүүлсэн нөлөөлөл нь эх, дунд, адаг хэсэгтээ зайлшгүй нөлөөлдөг. Иймд голыг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Үүнийг онолын үүднээс усны нөөцийн нэгдсэн менежмент гэж нэрлэдэг. Туул голын эхэн хэсэг Хэнтийн уулархаг бүс нутгийн цэвдгийн тархалттай бүсэд оршдог. Туул гол үүсэхдээ хоёр жижиг гол нийлж, цааш олон гол мөрнийг нэгтгэн урсдаг. Харин дунд болон адаг хэсгээрээ тасалдсан цэвдгийн бүс рүү орж байна. Хэдийгээр олон цутгал голууд нийлж байгаа боловч үндсэн тэжээлийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна гэж ойлгож болно. Усны тухай хуульд усны нөөцийн зөвлөлийн талаар заасан байдаг. Энэхүү зөвлөл нь газрын доорх усны нөөцийг тогтоож батлахаас гадна томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санал, зөвлөмж, дүгнэлт гаргадаг. Туул голын дунд хэсгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Туул усан цогцолборын асуудлыг нэн тэргүүнд авч үзэж, түүн дээр үндэслэн дараагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Усны газрын хувьд Усны тухай хуульд заасны дагуу аливаа усны барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэвч Туулын хурдны зам төслийн хувьд ийм дүгнэлтийг гаргаагүй байна. Учир нь хэд хэдэн удаагийн уулзалтаар төсөл хэрэгжүүлэгч талаас хүсэлт ирүүлсэн боловч холбогдох зураг төслийг ирүүлээгүй. Зураг төсөл, техникийн тооцооллыг харж байж шийдвэр гаргах боломжтой тул эдгээрийг ирүүлээгүй нөхцөлд Усны газар хуулийн дагуу дүгнэлт гаргах боломжгүй. Усны газар өнгөрсөн Пүрэв гаригт уг төслийн талаар анх мэдээлэл авсан. Танилцуулгыг сонсох үеэр дараах гурван асуудал хөндөгдсөн. Нэгдүгээрт, үерийн эрсдэл. Өмнө дурдсанчлан Туулын усан цогцолбор нь илүүдэл урсацыг хуримтлуулах замаар үерийн хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэх ёстой. Хоёрдугаарт, Туул голын хойд хэсэгт 1966 оны үерийн дараа баригдсан үерийн хамгаалалтын системийн өнөөгийн байдлыг үнэлэх шаардлагатай. 1990 оноос хойш Улаанбаатар хотын төлөвлөлт, барилгажилтын явцад тухайн үед байгуулсан хамгаалалтын байгууламжуудын зарим нь устсан. Иймд эдгээрийг сэргээн засварлах шаардлагатай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ВЭ?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын кабинетаа бүрдүүлсэн ч цүнх, цүнхээр нь мөнгө зөөсөн, төсвийн мөнгийг шамшигдуулсан зэрэг асуудалд нэр холбогдож байсан УИХ-ын гишүүдийг сайдаар томилсон нь шүүмжлэлийг араасаа дагуулаад байна.  Засгийн газрын тэргүүн сайд нараа сонгохдоо  мэдлэг, туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан,  Сангийн сайд З.Мэндсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар хамгийн их шүүмжлэлийг хүлээж байна.

“Өс зангидсан Засгийн газар байгуулагдлаа” гэж дүгнэх нэгэн байхад “Энэ танхим удахгүй огцорно” гэж үзэх хэсэг ч байгаа юм.

Шинэ Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 18 сайд, дөрвөн дэд сайдтай ажиллана. Одоогоор дөрвөн дэд сайд тодроогүй байгаа. Танхимыг МАН-аас гадна ХҮН нам, Үндэсний эвсэлтэй хамтран байгуулаад буй. Тодруулж хэлбэл, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг, үлдсэн 16 сайд МАН-аас томилогдов. Ингэхдээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын фракциас таван сайд, үлдсэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарын фракциас томилогдлоо.

Ингээд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралтай нэг баг болж ажиллахаар “шилэгдсэн” сайд нар ямар боловсол эзэмшсэнийг танилцуулъя.

Танилцуулгыг энд дарж үзнэ үү.


Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХ ӨРГӨДЛИЙГ 21 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэж, түүнийг огцруулахыг шаардсан өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаяглаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тус өргөдөлд одоогийн байдлаар 21470 хүн гарын үсэг зураад байна.

Тодруулбал, өргөдөлд "Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-05 66.181.191.165

bidend ug n Id shid l heregtei baina

Avatar

Нэргүй 2026-04-05 66.181.177.245

х***а гэж хятадуудыг дуудаад байдаг монголчуудад зориулж Хятадууд барааныхаа үнийг нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-04-05 66.181.160.117

Амнаасаа болж огцрох нь дээ??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж