Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл өнөөдөр /2018.8.23/ 23.59 цагт хаагдаж, элсэлт эхэлнэ. Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлийг энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа. Долдугаар сарын 25-нд эхэлсэн уг бүртгэлд өнөөдөр 12.00 цагийн байдлаар 87456 хүүхэд бүртгүүлээд байна.
Түүнчлэн цахим бүртгэл өнөөдөр 23.59 цагт хаагдаж, маргааш /2018.8.24/-нд 09.00 цагт элсэлт эхлэх юм. Элсэлтийг цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд тусгай программаар, хүний оролцоогүйгээр буюу санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Ингээд цахимаар бүртгүүлсэн хүүхэд тухайн цэцэрлэгт элссэн бол бүртгүүлэхдээ хадгалсан утасны дугаарт маргааш 10.00 цагаас эхлэн мэдээлэл очно. Элсэлт үргэлжлэх хугацаа тухайн программын ачааллаас шалтгаалах бөгөөд тухайн өдөртөө дуусна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Дашрамд дурдахад, нийслэлд 2-5 насны 146 мянган хүүхэд байдаг. Үүнээс 114 мянга 225 хүүхдийг төрийн болон хувийн цэцэрлэгт хамруулахаар урьдчилан тооцсон юм. Мөн нийслэлд 672 цэцэрлэг байдаг бөгөөд 222 нь төрийн, 450 нь хувийн цэцэрлэг. Төрийн өмчийн 222 цэцэрлэгт 45 мянга 58 хүүхэд элсүүлэх нормтой ч 83 мянга 621 хүүхдийг элсүүлэх юм.
Р.Ренчиндулам