Ш.Раднаасэд: Гишүүд гарын үсэг зурлаа гээд ээлжит бус чуулган зарладаггүй

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэд: Гишүүд гарын үсэг зурлаа гээд ээлжит бус чуулган зарладаггүй

Ш.Раднаасэд: Гишүүд гарын үсэг зурлаа гээд ээлжит бус чуулган зарладаггүй

Хууль зүйн байнгын хороо өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдах гээд чадсангүй. Учир нь гишүүдийн ирц хүрээгүй юм. Тус байнгын хороогоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, нарын УИХ-ын даргад хүргүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан билээ. Ингээд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс дараах тодруулгыг авлаа.

-Байнгын хорооны хуралдаан хоёр удаа зарлагдаад ирц нь хүрсэнгүй. Чуулган завсарласан байгаа тул ирц хангалтгүй байх шиг байна. УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн талаарх судалгааг хийж байж байнгын хорооны хурлыг зарласан уу?

-Долдугаар сарын 20-ноос хойш арван удаа ирц авсан. Ирц авах бүрт хотод 4-5 гишүүн байсан. Харин өчигдөр нэлээд олон гишүүн байсан ч харамсалтай нь ирц бүрдсэнгүй. Өнөөдөр дахиад ирц бүрдэхгүй нөхцөл байдал бий боллоо. Наймдугаар сар гарчихсан гишүүд тойрогтоо ажиллаж, гадаад дотоод руу явсан байна. Тиймээс ирц бүрдэхгүй байна. Таван гишүүн гадагшаа явсан бол дөрвөн гишүүн тойрогтоо ажиллаж байна. Өнөөдөр бас хоёр, гурван гишүүн тойрог руугаа явсан. Тиймээс ирц бүрдэх ямар ч боломжгүй байна.

-Байнгын хороог хуралдуулах товыг дахин зарлах уу. Байнгын хороо яг ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Ирцийг долдугаар сарын 20-ноос хойш авсан. Тиймээс ирц бүрдэнгүүт хурал зарлахад бэлэн байгаа. Гэхдээ ээлжит бус чуулганы асуудлыг Хууль зүйн байнгын хороо шийдэхгүй. Байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тус асуудлыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч УИХ-ын даргад тавьсан учраас. Өнгөрсөн сарын 19-нд УИХ-ын даргын зөвлөл хуралдаад Хууль зүйн байнгын хороогоор эхлээд ярь. Түүний дараа хууль зүйн үндэслэл байна гэвэл энэ асуудлыг чуулганаар хэлэлцье гэдэг шийдвэр гарсан юм билээ. Энэ хүрээнд л долдугаар сарын 20-ноос хойш Хууль зүйн байнгын хороо хуралдах оролдлого хийж байна. “60 тэрбумын”-ын хэргээр нээлттэй сонсгол хийх тухайд үүнийг ганц байнгын хороо дур мэдээд шийдчихдэг асуудал биш. УИХ-ын Дэгийн тухай хуульд Сонсгол зохион байгуулах гээд тусдаа бүлэг байна. Энэ хуулийн дагуу тухайлсан хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах боломжгүй гэж үзсэн. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд мэдэгдсэн.

-Та байнгын хорооны даргын хувьд ирцээ бүрдүүлэх үүрэгтэй юм биш үү?

-Тийм юм байхгүй. Хуралд ирж оролцох нь гишүүдийн үүрэг. Түүнээс гишүүдийг энд байлгаж, хуралд нь суулгах нь миний үүрэг биш.

-Тэгэхээр байнгын хороо хэзээ хуралдах нь тодорхойгүй гэж ойлгож болох уу?

-Би хувьдаа тодорхойгүй гэж бодож байна. Өчигдөр 11 гишүүн байсан ч 2,3 гишүүн тодорхой шалтгааны улмаас ирээгүй. Дашрамд дуулгахад, 19 ч юм уу, 26 гишүүн гарын үсэг зурсан бичиг өгөхөөр шууд ээлжит бус чуулган зарлаад явчихдаггүй. Нэг хуулийг хэрэгжүүлж байна гээд нөгөө хуулийг зөрчиж болохгүй. Ээлжит бус чуулган зарлана гэдэг эхлэх болон дуусах хугацааг нь тавьдаг. Хэлэлцэх асуудлаа тодорхой тавьж байж чуулган зарладаг.

-УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавьж байхад зарлан хуралдуулахгүй бол Үндсэн хуулийн зөрчил болно гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн тайлбарлаад байгаа шүү дээ?

-Ээлжит бус чуулганыг хэзээ зарлах, хэдэнд дуусах, ямар асуудал хэлэлцэх вэ гэдэг нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Энэ бол Хууль зүйн байнгын хорооны шийдэх асуудал биш.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж