Т.Даваадалай: Туулын хурдны зам хотын ундны усанд нөлөөлөхгүй

Т.Даваадалай: Туулын хурдны зам хотын ундны усанд нөлөөлөхгүй

Т.Даваадалай: Туулын хурдны зам хотын ундны усанд нөлөөлөхгүй

 "NEWS" агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон дахин хүргэж байна.


Туулын хурдны зам төслийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайтай ярилцлаа.

-Түгжрэлийг бууруулахын тулд хурдны зам барьж болно, яагаад заавал Туул гол дээгүүр тавих ёстой юм бэ гэдэг асуудлыг иргэд хөндөж байна. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Нэгдүгээрт “гол дээр” хурдны зам тавина гэж ойлгож болохгүй. Голын хэсгийн зарим хэсэг л таарч байгаа. Энэ нь нэгдүгээр татам, хоёрдугаар татам, дэнж гэж байдаг. Голын хоёрдугаар татам болон дэнж хоёрыг зааглаж байгаа хурдны зам юм. Хурдны зам гэж тодорхойлж байгаа зүйл нь гэрлэн дохиотой уулзваргүй, шууд нэвтрэх боломжтой зам юм. Ингэж хурдны зам баригдсанаар Туул голыг эмжээрлэж, байшингуудаас тусгаарлана.

Туулын хурдны замын 2013 оны зураг төслөөс бага зэрэг өөрчлөлт оруулсан. Өөрчлөх болсон шалтгаан нь Туул гол руу маш их барилгажилт орсонтой холбоотой. Бидний сайн мэдэх “Хан Хиллс”, “Тэнгэр вилла" гэх мэт маш олон хотхон баригдсан.

Сүүлийн үед “Туулаа аваръя” уриатайгаар иргэд жагсаж байна. Тэд бол зүгээр нэг жагсагчид биш, харин тэнд амьдардаг болон тэнд бүтээн байгуулалт хийсэн хүмүүсийн хүүхдүүд юм. Би үүнийг баримттай хэлж байна. Туул голын хоёрдугаар татам, дэнж хоёрын дундуур энэ хурдны замыг барьснаар замаа давж Туулын бургас руу байшин барих боломжгүй болж байгаа юм. Үүнийг эерэг талаас нь харж болно. Яагаад голын дагуу вэ гэвэл татам, дэнж хоёрын дундуур шулуун чиглэлээр хурдны зам явах нь гол түгжрэлийг бууруулах магистрал зам болох юм. Үүнийг техник, эдийн засгийн талаас нь үнэлж үзэхэд байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэж дүгнэсэн. Мөн үе үеийн төлөөлөгчид 2008 оноос судалж, сүүлийн 18 жилийн хугацаанд мэргэжлийн архитектор, зам төлөвлөгч, хот төлөвлөгчид болон нийслэлийн удирдлагууд эдийн засаг, байгаль орчин, түгжрэлд үзүүлэх нөлөөллийг үнэлээд энэхүү хурдны замыг барьснаар түгжрэлд бодит нөлөө үзүүлэх төсөл гэдгийг тогтоосон.

-Тус төсөл 14, 15  жил яригдаж, судлагдсан ч бодит ажил болж хэрэгжээгүй шалтгаан нь юу вэ?

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ 2013 онд гарсан. Нарийвчилсан зураг төсөл 2016 онд батлагдсан. Үүнээс хойш дөрвөн удаагийн УИХ-ын тогтоол, Засгийн газрын таван удаагийн шийдвэр гарсан төсөл юм. Эхнийх нь 2013 онд, хоёр дахь нь 2021 оны “Шинэ сэргэлтийн бодлого”, дараа нь 2023 оны тавдугаар сард Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд, мөн 2024 онд УИХ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.

Саяхан гэхэд Дэлхийн банкнаас хийсэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн судалгаа, мөн хотын хөдөлгөөний судалгаанд Туулын хурдны зам зайлшгүй байх ёстой гэж тусгасан.

Гэвч улстөржилтөөс шалтгаалан эсэргүүцэлтэй тулж, зогсоохоос аргагүйд хүрдэг тохиолдлууд олон бий.  Тухайлбал, та бид хоёрын ярьж байгаа энэ төслийг эсэргүүцээд одоо “Туул голоо аваръя” гээд хэсэг хүмүүс явж байна. Би заримыг нь мэднэ. Бүх зүйлийг шүүмжилдэг хүмүүс байдаг. Өнөөдөр Туулаа аваръя гэж байна, маргааш Тавантолгойг зогсооё гэнэ, метро барихыг болиулъя гэнэ, станц барьж болохгүй гэнэ, “Сэлбэ 20 минутын хот” бүтэхгүй, та нар наймаа хийж байна гэх мэтээр эсэргүүцдэг. Хотдоо сайхан амьдарч, хөгжүүлэх гэж оролдох бүрд дандаа эсэргүүцэлтэй нүүр тулдаг. Бид энэ өвлийг Улаанбаатар хотод ашиглалтад орсон шинэ эрчим хүчний төслүүдийн ачаар давж гарсан. Одоо Улаанбаатар хотод ДЦС-5-ын ажлыг эхлүүлээд явж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2858001/ линк рүү дарж унших боломжтой.


Х.Батсуурь: Хэлэлцээ хийж чадвал шатахууны үнэ өсөхгүй

Эдийн засагч Х.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ойрхи Дорнодод үүсээд буй дайн дэлхийн эдийн засаг, газрын тосны салбарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Дэлхийн газрын тосны төв гэдэг онцлогтой булангийн орнуудад дайн эхлээд сарын хугацаа өнгөрч байна. Израиль, АНУ-ын хамтарсан хүч Иран улс руу дайрсан нь улс төр, эдийн засгийн томоохон шалтгаантай. Өнгөн дээрээ Израилийн дайн мэт харагдаж байгаа боловч АНУ-аас газрын тосны төвийг бүрэн эрхэндээ байлгах стратегийн далд зорилготой гэж харагдаж байгаа. Хэдийгээр АНУ-ыг булангийн орнуудын газрын тосыг эрхэндээ байлгадаг гэж үздэг байсан ч, тийм байгаагүй. Энэ удаагийнх улс төрийн шат дараалалтай том нүүдэл. Үүний өмнө АНУ газрын тосны өөр нэг том нийлүүлэгч болох Венесуэл улс руу дайрсан. АНУ Венесуэлд хийсэн довтолгоор дэлхийд тэргүүлэх газрын тосны нөөцийг хяналтдаа авсан. Одоо булангийн орнуудын нөөцийг бүрэн хянах зорилготой байна. Венесуэл болон булангийн орнууд нийлээд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн дийлэнх хувь шүү дээ. Энэ хэмжээний газрын тосны нийлүүлэлтийг хянана гэдэг нь гол худалдан авагч, АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч БНХАУ-д нөлөөлөх нүүдэл гэдгийг шинжээчид онцолж байгаа. БНХАУ улс төрийн найрсаг харилцаатай байсан Венесуэлээс газрын тосны хэрэгцээнийхээ ихээхэн хувийг хямд үнээр авдаг байсан. Ираны газрын тосны томоохон худалдан авагч ч БНХАУ. Тус улс дэлхийн газрын тосны хамт том худалдан авагч учраас Венесуэл болон булангийн орнуудаас импортынхоо 50 орчим хувийг хангаж байгаа. Иран, тэр тусмаа Ормузын хоолойд дайн эхэлснээр газрын тосны нийлүүлэлт гацаанд орсон. АНУ ийм байдлаар стратегийн томоохон цохилт хийгээд байна.

-Энэ нөхцөл байдал олон улсын зах зээл дээрх газрын тос, шатахуун түлшний ханшид ямар өөрчлөлт үзүүлж байгаа вэ? 

-Иран улс зэвсгийн хүчээр үзэж байна. Булангийн орнууд дах АНУ-ын цэргийн баазууд цохилт өгч байгаа. Мөн Ормузын хоолойг хааж, газрын тосны нийлүүлтэд хяналт хийх замаар эдийн засгийн цохилт өгөх давхар бодлого баримталж эхэлсэн. Булангийн орнуудын газрын тосны агуулах бааз болон цооногт цохилт хийж байгаа. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны тээврийн 25 хувь дамжин өнгөрдөг. Энэ хариу арга хэмжээ нь зөвхөн АНУ, БНХАУ дэлхий даяар хямрал нүүрлэх үндэс болоод байна. Иранаас баримталж буй дэлхийн улс төр, эдийн засагт цохилт өгөх талаас энэ тактик амжилттай хэрэгжиж эхэллээ. Европт дайн эхэлсэн цагаас хойш газрын тосны ханш, шатахууны үнэ 65, БНХАУ-д 30, АНУ-д 30 хувь өслөө. Энэ савлагаа олон улсын эдийн засагт нөлөөллөө үзүүлээд эхэлсэн.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2856881/ линк рүү орж унших боломжтой.


“Шинэ Засгийн газар нүүрсний тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай”

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдал Монгол Улсын уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ. Шатахууны үнэ нэмэх шийдвэр нь эдийн засгийн суурь үнэд шууд нөлөөлнө. Улсын эдийн засгийг бүрдүүлэгч салбарын хувьд энэ үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байгаа талаар яриагаа эхэлье?

-Олон улсын геополитикийн хурцадмал байдал Монголын уул уурхайн салбарт шууд бус боловч хүчтэй нөлөө үзүүлж байна. Ялангуяа тээвэр, логистик, шатахуун болон санхүүжилтийн өртөг өсөх эрсдэл нэмэгдэж байна. АИ-92 шатахуунаас бусад шатахууны үнийг литр тутамд 300–350 төгрөгөөр нэмэх зайлшгүй нөхцөл үүссэн нь зөвхөн Монгол Улсад тулгарч буй асуудал бус, дэлхийн 100 гаруй улсад үүсээд буй нийтлэг нөхцөл болоод байна. Уул уурхайн салбар нь дизель түлш их хэмжээгээр ашигладаг. Иймээс шатахууны үнэ өсөхөд олборлолтын өөрийн өртөг, нүүрсний тээврийн зардал, нийлүүлэлтийн сүлжээний нийт зардал бүхэлдээ нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн уурхайн компаниудад бус, тээвэр, агуулах, ханган нийлүүлэлтийн салбаруудад дам нөлөөлж улмаар суурь үнийн түвшинд дарамт учруулж байдаг.

Улсын эдийн засаг, төсөв, экспорт уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа учраас шатахууны үнийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг сааруулж, инфляцийг дам байдлаар нэмэгдүүлэх эрсдэлтэй.

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?

-Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад коксжих нүүрсний үнэ тодорхой хэмжээнд сэргэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Австралийн өндөр чанарын коксжих нүүрсний үнэ тонн тутамд ойролцоогоор 230 ам.долларт хүрч, өмнөх сараас 45 орчим ам.доллараар өссөн бол Хятадын зах зээлд нийлүүлэгдэж буй үнэ 267 ам.долларт хүрсэн нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр харьцангуй чангарч байна. Нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа ч түлш, шатахууны үнийн савлагаа нь тээврийн зардлыг нэмэгдүүлэх өндөр эрсдэл дагуулж байна.

Гэсэн хэдий ч богино хугацаанд үнийн өсөлт тогтвортой үргэлжилнэ гэж шууд дүгнэхэд эрт,  Хятадын дотоод зах зээлд хаврын баяртай холбоотойгоор үйлдвэрлэл, худалдан авалт түр саарч, нүүрсний үнэ бага зэрэг буурсан үзүүлэлт ажиглагдсан. Үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц нэмэгдсэн, мөн уурхайнууд үйлдвэрлэлээ өсгөх төлөв давамгайлж буй нь нийлүүлэлтийн талд дарамт үүсгэж, үнийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж байна.

Дунд хугацаандаа, тухайлбал БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд ган болон коксийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого тусгагдсан нь коксжих нүүрсний эрэлтийг өндөр хэвээр хадгалах суурь нөхцөл болж байна. Энэ нь Монголын нүүрсний экспортод эерэг дохио юм.

Иймээс ирэх онд нүүрсний үнэ огцом өсөхөөс илүүтэйгээр тодорхой хэлбэлзэлтэй, харьцангуй тогтвортой өндөр түвшинд хадгалагдах төлөв давамгай байна гэж үзэж болно. Гэхдээ Хятадын дотоод үйлдвэрлэлийн өсөлт, нөөцийн түвшин, олон улсын тээвэр логистик, геополитикийн нөхцөлөөс ихээхэн хамаарах тул үнийн савлагааны эрсдэл хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд Монгол Улс нүүрсний үнийн мөчлөгөөс хэт хамааралтай байдлаа бууруулах, боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, мөн төсвийн зардлын өсөлтийг хянах бодлогыг зэрэг хэрэгжүүлэх шаардлага улам бүр чухал болж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2857776/ линк рүү дарж унших боломжтой.


"Засгийн газарт хамтрахгүй гэж байгаа намын даргаа бойкотлох нь буруу"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан нам Засгийн газарт орохын тулд УИХ дахь бүлгийнхээ даргыг чөлөөлөхөөр гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдэг мэдээлэл гарлаа. Үүнийг дэмжсэн гишүүдийн нэг нь та гэж үнэн үү?

-Миний байр суурь анхнаасаа тодорхой байсан. Би Ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийгээсэй гэж хүсдэг хүн. Анх 2024 онд Ардчилсан нам Засгийн газартай хамтрахад, энэ хамтрал нь зөв, улсын хөгжлийг түргэсгэх чиглэл рүү байвал дэмжинэ, бусдаар бол дэмжихгүй. Мөн парламентад олон ургальч үзлийг уралдуулж, мэтгэлцээний талбар байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харамсалтай нь, тэрнээс хойш хамтарсан Засгийн газраас 14 мега төсөл гэж мянгуужингийн үлгэр ярьж, буруу замаар будаа тээсэн. Тэндээс Засгийн газартай хамтрах нь маш буруу гэдгийг хатуу ойлгосон.

Тэр үедээ ч өөрийн байр сууриа илэрхийлсэн бол одоо ч энэ байр суурьт үнэнч байгаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам эрх баригчидтай хамтрах ёсгүй.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг чөлөөлөх эсэх асуудал бол тусдаа. Миний ойлгож байгаагаар О.Цогтгэрэл дарга бүлгийн даргын ажлаа өгнө гэж ярьдаг. Өмнө нь ч энэ ажлаа өгөнгөө алдсан. Тэгэхээр бүлгийн даргын ажлаа өгнө гэж бодож байна. Намын дарга бүлгийн даргынхаа албыг өгөхгүй гэж хэлээгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг чөлөөлөхөөр гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл алга.

-Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох асуудал хүлээгдэж байна. Ерөнхий сайд Н.Учралын хувьд Засгийн газарт ганцхан ХҮН намд хамтрах урилга хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Ямар Засгийн газар байгуулагдах ёстой гэж та зөвлөх вэ?

-Ер нь үе үеийн Засгийн газарт тавих нэг том шаардлага бол татвар төлөгчдийн мөнгийг аль болох дарга ангид бага зарцуулаач ээ. Татвар төлөгчдийн хуруу, хумсаа хуйхлан байж төлж байгаа асар их мөнгийг өөрсдөд нь эргүүлээд зарцуулах ёстой. Ийм хүслийн дор төрийн түшээд ажиллах ёстой. Судалгаагаар 10 төрийн алба хаагч тутамд нэг дарга байна гэдэг судалгаа гарсан байна лээ. Тэгэхээр энэ дарга ангиа цомхотгооч ээ. Тэр бүү хэл салбар яамдаа цөөлөх шаардлагатай. Монгол Улсын хүн амаас 43 дахин их хүн амтай Аргентин улс гэхэд есхөн яамтай ажиллаж, эдийн засгийн бүх үзүүлэлт нь сайжирч байна.

Монгол Улсад олон яамны тоогоор нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сайжирсан юм алга. Эндээс л ажлаа эхлэх ёстой.

Мэдээж төсвийн реформыг хийх ёстой. Маш их хэмжээгээр тэлсэн улсын төсвийг хумих хэрэгтэй. Нийт төсвийн зардал ДНБ-ий 30 хувийг эзэлж байна. Хувийн хэвшлийг маш их шахаж, оролцоо багассан байна. Хувийн хэвшлийн төр дэх оролцоо 78 хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд улам багасч, 73 хувьтай болсон. Төр данхайснаар авлига, албан тушаал маш их байна гэсэн үг. Монгол Улсын хувьд авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн 2024 онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 10 байраар ухарлаа. МАН яагаад УИХ-ын даргад нэр дэвшигчээ болон Засгийн газрын сайд нараа оруулж ирэхгүй байна вэ. Магадгүй эрх баригчид сандал суудлаа булаацалдаж, бие биеэ шантаажилж, барьцаалан наймаалцах гээд байна уу гэж хардаж байна. Тийм учраас төрийн ажил гацаад байна уу. Ийм шударга бус бие биеэ гэмт хэргээр барьцаалсан, ял наймаалсан, албан тушаал амласан байдлаар Засгийн газраа бүрдүүлбэл маш буруу жишиг тогтоно. Эрх баригчид үндсэндээ хоёр том бүлэглэлд хуваагдсан. Нэг бүлэглэл нь амь гарахын тулд Засгийн газраа байгуулахын тулд асуудалд орооцолдсон гишүүддээ найр тавьж байх вий гэдэг болгоомжлол байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2858207/ линк рүү дарж унших боломжтой.


"Ханиад, хатгааны дараа цэртэй удаан ханиалгах зовуурь илэрч байна"

“ZEYA”уламжлалт анагаах ухааны /УАУ/ эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч, магистр Б.Солонготой ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл ихсэх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа хаврын улиралд дархлаа сулрах, архаг хууч өвчин сэдрэх нь элбэг байдаг. Үүний шалтгаан юу вэ?

-Үүнийг зөвхөн “ажлын стресс” эсвэл “амьдралын ачаалал” гэж дангаар нь харахгүй, харин амьдралын хэв маяг, нойр, хооллолт, хөдөлгөөн, улирлын нөлөөтэй нь хамтатгаж ойлгох хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны үүднээс хаврын улирал бол хүний бие махбодын дотоод тэнцвэр хамгийн их хөдөлдөг үеийн нэг. Хаврын эхэн, дунд сард бадган давамгайлдаг учраас хүмүүс нозоорох, бие хүндрэх, залхуурах, хоолны шингэц муудах, нус цэр нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд илүү илэрдэг. Харин хаврын адаг, зуны эхэн үед хий хурах, хөдөлгөөнд орох хандлага нэмэгддэг тул нойргүйдэх, сэтгэл тогтворгүй болох, амархан цочромтгой болох, зүрх дэлсэх, тархи мэдрэл ядарч сульдах шинж илүү ажиглагддаг.

Өөрөөр хэлбэл, хавар бол эхэндээ биеийг хүндрүүлж, дараа нь сэтгэл мэдрэлд ачаалал өгөх онцлогтой улирал.

Үүн дээр орчин үеийн амьдралын хэв маяг буюу оройтож унтах, дэлгэцийн хэт хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, стресс зэрэг хүчин зүйл нэмэгдэхээр хаврын ядрал, нойргүйдэл, дархлаа сулрал, архаг хууч өвчний сэдрэл илүү тод илэрдэг. Иймээс хаврын улиралд илэрдэг ядрал, нойргүйдэл, дархлаа сулрах зэрэг нь ганцхан шалтгаанаас үүдэлтэй бус, харин улирлын онцлог болон тухайн хүний буруу зуршил, амьдралын хэв маяг, дэглэмийн нөлөө давхардаж байгаагийн илрэл гэж хэлж болно.

-Монголчуудын дунд “хавар муу цус хөөрдөг” гэх ойлголт байдаг. Үүнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ? Орчин үеийн анагаах ухаантай яаж уялдуулж ойлгох вэ?

-Энэ нь улирал солигдох үед хүний биед явагддаг өөрчлөлтийг ард түмэн өөрийн ажиглалт, туршлагаар оновчтой илэрхийлсэн ойлголт гэж үзэж болно. Өвлийн улиралд хүмүүсийн хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдөж, ихэвчлэн мах, өөх тос ихтэй хоол түлхүү хэрэглэдэг. Үүний зэрэгцээ хөдөлгөөн багасч, хоол боловсруулах үйл ажиллагаа удаашрах, нус цэр, салст ихсэх, бие махбодод тодорхой хэмжээнд “зогсонги” шинж үүсэх нь элбэг. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл энэ нь бие махбодод хүнд, тослог, сэрүүн, наалдамхай чанар давамгайлж, өөрөөр хэлбэл “бадган” хуримтлагдах нөхцөл бүрдэж байна гэж тайлбарладаг. Харин хавар болж, байгаль дэлхий сэргэн дулаарахын хэрээр бие дотор хуримтлагдсан эдгээр зүйлс хөдөлгөөнд орж, өмнө нь намдуу байсан зовиурууд илүү тод мэдрэгдэж эхэлдэг. Үүнийг ард иргэд “муу цус хөөрч байна” хэмээн нэрлэж заншсан байдаг.

Ийм үед дараах шинж тэмдгүүд ажиглагдаж болно. Тухайлбал,

  • толгой өвдөх, хүзүү хөших
  • нүүр халуу оргих
  • нүд улайх
  • арьсны тууралт, загатнаа нэмэгдэх
  • харшил сэдрэх
  • үе мөч өвдөх
  • хууч өвчин хөдлөх

Ийм үед уламжлалт анагаах ухаанд улирлын чанартай цэвэрлэх, тэгшитгэх эмчилгээ чухал байр суурьтай байдаг. Тухайлбал, хаврын улиралд бөөлжүүлэг засал болон хануур заслыг тодорхой заалтаар хэрэглэдэг.

Хаврын улиралд бадган хөдөлдөгтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухаанд ходоодыг бадганы гол орон хэмээн үзэж, тодорхой заалтын дагуу бөөлжүүлэг заслыг хийдэг. Энэхүү засал нь ходоодонд хуримтлагдсан бадган, цэр, салст, мөн хоол боловсруулах үйл ажиллагааны хямралыг цэвэрлэхэд чиглэдэг бөгөөд ингэснээр хоолны шингэц сайжрах, биеийн хүндрэл, нозоорол багасах, нус цэр ихсэх хандлага буурах, хаврын улиралд сэдэрдэг зарим зовуурь намжих зэрэг үр нөлөө үзүүлэх зорилготой. Ялангуяа өвлийн турш мах, өөх тос ихтэй хоол хүнс давамгайлан хэрэглэсэн, нус цэр ихтэй ханиад хүрч байсан, олон төрлийн эмийг удаан хугацаанд хэрэглэсэн, хоолны шингэц муутай, бие хүндрэмтгий хүмүүст мэргэжлийн эмчийн заалтаар хийх нь тохиромжтой гэж үздэг.

Мөн хаврын улиралд хануур заслыг тодорхой заалтаар хэрэглэхийг зөвлөдөг. Хануур засал нь уламжлалт ойлголтоор “муу цус”-ыг гадагшлуулж, судасны сүвийг нээх, хий ба цусны гүйдлийг сайжруулах, цусны халууныг бууруулах, улмаар бие махбодын дотоод тэнцвэрийг сэргээхэд чиглэсэн эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл, хаврын улиралд дотор “хөдөлгөөнд орж” буй эмгэг чанарыг намжааж, биеийн дотоод зохицуулалтыг тэгшитгэх зорилготой гэж ойлгож болно.

Гэхдээ бөөлжүүлэг засал ч, хануур засал ч хүн бүрт ижил тохирохгүй. Заавал биеийн онцлог, нас, тамир тэнхээ, өвчний шинж, заалт, хоригийг харгалзан, мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд үндэслэж хийх ёстой.

Орчин үеийн анагаах ухааны өнцгөөс авч үзвэл энэ бүхнийг дархлааны урвал, харшил үүсгэгч хүчин зүйлс, архаг үрэвслийн суурь, судасны болон бодисын солилцооны ачаалал зэрэгтэй холбон тайлбарлаж болно. “Хавар муу цус хөөрдөг” гэдэг нь шинжлэх ухааны нэр томьёо биш ч, хүний бие хаврын улиралд дотоод хуримтлал, зогсонги байдал, тэнцвэрийн алдагдал илүү тод илэрдэг гэдгийг ард түмэн өөрийнхөөрөө маш оновчтой хэлсэн ойлголт гэж үзэж болно.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2858271/ линк рүү орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Гүүрний трассын хэсгийг яаж нөхөн сэргээх юм. ЗУРАГ ТӨСӨЛ НЬ БАЙНА УУ. ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА УУ ТА НАР 2026-04-04 103.229.123.44

Би өвөл зунгүй Тулын хөвөөгөөр алхдаг хүн. Баруун зүүн чиглэлийн хдлөн зам түгжрэлд сайн нөлөөтэй Уулын зам, Маршлын гүүрний араас Туулын гүүр хүртэлх шинээр тавьсан нь түгжрэлд их нөлөөлсөн. Зайсангийн шинэ гүүр мөн адил. Тэгэхдээ хотын автомашины тоо нэмэгдээд байгаа нь гол асуудал байна. Туулын хурдны зам усны нөөцөд нөлөөгүй. Туулаа хамгаалъя гэвэл эх ундрага болсон Хонгорын гол, Ар Туулын гол, Галттай, Тэрэлж мэт цутгал гол горхиуудын эх ундрагыг хамгаална. Түймэр гол аюул болж байна.

Avatar

Нэргүй 2026-04-04 202.9.40.106

Ж.Баярмаатай байрмаагүй засгийнгазар байгуулагдаж таарна. Тэр өөрийн ах Ж. Мэндбаярт засгийн газраас 50 тэрбум төгрөг өгөхийг шаардаж магадгүй юм. Тэр тухай Оюун-Эрдэний засгийн газрын үед ярьж байсан. Өөрөө сайд болохгүй учир намын нөхөддөө гай болж байна. Нөгөөдүүл нь ажилтай, бас бус орлоготой баймаар байдаг. Гэтэл Лодойсамбуу энэ хоёр эсэргүүцээд эсвэл огцруулаад байхаар чинь ах нар нь дургүй байх нь гарцаагүй.

Avatar

хүннү 2026-04-04 202.9.46.224

Даваадалай үнэн хэллээ. Энэ эсэргүүцэн тэмцэгчид бол Туул голыг бараадан амьдардаг, бүтээн байгуулалт болгоныг эсэргүүцэн жадалдаг бүлэглэл юм. Тэднээс нэг нь ч Туул голдоо хайртай хүн биш. Тийм л хайртай байсан юм бол битүү бетонон ширэнг босч байхад одооных шигээ орилж бахирахгүй яасан юм. Энэ хурдны зам нь ирээдүйгээ харвал олон талын ашигтай зам. Хотын түгжрэлийг бууруулна. Транзит тээвэр энэ замаар л явна, Нарны зам, Энх тайваны өргөн чөлөөгөөр явахгүй. Тиймээс энэ зам баригдах ёстой.

Avatar

Нэргүй 2026-04-04 103.57.95.170

Мэдэхгүй юмаа хамаагүй чалчиж болдоггүй юм бацаанаа!

Avatar

Зочин 2026-04-04 202.179.26.227

Даваадалай та Нямбаатартайгаа хамт зайл. Наад зам чинь нийсллийн нийгэм эдийн засагт одоохондоо шаардлагагүй бүтээн байгуулалт. та нар эхлээд Сэлбэ голынхоо урсацыг хэвийн болгож далангаа бүтэн янзл, голдирол дагуу туугдаж ирж овоорон хуримтлагдсан элс шавраа бүрэн цэвэрлэ. Эдэрхий, дутуу хийсэн зам бродюраа гүйцээж янзал, Шинээ баригдсан ТҮЦ үүдээ дахин нүүлгэ. Шинээр автозогсоолууд барь, эмнэлэг сургууль, үйлчилгээний төвүүдийн хажуу дахь зогсоолуудаа үнэ төлбөргүй болго.

Avatar

Бурамхан 2026-04-04 202.9.47.53

Чи миний эх орноос хурдан зайл. Тэр худалдагдсан газраа очдоо

Avatar

Нэргүй 2026-04-04 66.181.182.45

Чи далдыг хардаг далай ламуу халзан толгойтоо

Avatar

Зочин 2026-04-04 103.229.123.106

түгжрэлд нөлөөлөхгүй нөлөө муутай зам

Avatar

Нэргүй 2026-04-04 103.229.120.23

НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ САЙН Ш ДЭЭ

Avatar

umhii dalanz tembuunuud 2026-04-04 103.229.122.79

yu ch gej hutsjiisan amia bodood holoos ajaad horlood suuj baih n ulzii shu mangoruud bol uursdduu oroogdood suntsun muu yoriin nuh l geed oilguul ursdee

Avatar

ЗОЧИН 2026-04-04 203.91.115.52

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ГЭЖ СОЛИОРООД БАЙГАА НЯН БАКТЕРИ ЭМЭЭЛТИЙН х***а НАЛАЙХЫН ХУЖААНУУДАД ЗОРИУЛЖ МОНГОЛЫН МӨНГӨӨР БАРЬЖ ӨГЧ БАЙГАА. ХУЖААНУУД ХООРОНДОО СААДГҮЙ ЯВНА. УБ УУД ЭНЭ ЗАМААР БАРАГ ЯВАХГҮЙ.

Avatar

Зочин 2026-04-04 59.153.87.54

түгжрэлгүй болгоод өг. Туул гол ширгэхгүй ээ, голын эхэнд очиж үзсэн хүн байна.

Avatar

Нэргүй 2026-04-04 66.181.180.32

ЗГ шөнө байгуулагдаад шөнөдөө дизель түлшний үнийг 4000 болгож, бүх юмны үнэ нэмэгдэх үүд хаалгыг нээв,
Оджаргалаас Ухаа худагаа авч улныханд хүртээх Оюукийн зүтгэл ч лөө лөө болох шиг боллоо, Оюукд өсөрхсөн өсөрхийллийн цаана ард түмэнг хохироох хэрэггүй баймаар,
Зандкаа ч эзнийхээ даалгаврыг амжилттай биелүүлж мсэсийг 250 тэрбумын татвараас нүд анин чөлөөлж, Ухаа худагийг төрд авахыг гүрийж дууграхгүй өнгөрөөж эзэндээ үнэнчээ батлалаа

Avatar

Нэргүй 2026-04-04 103.168.34.131

Дэлхий дайны нөлөөнд байна. Чи унахдаа юм мөргөөгүй биз. Бшх төсөл шнэ нь өснө.

Avatar

Нэргүй 2026-04-04 103.168.34.131

Бүх төсөл үнэ нь өснө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж