Нийслэлийн Засаг дарга яагаад хөдөө ажиллав? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн Засаг дарга яагаад хөдөө ажиллав?

Нийслэлийн Засаг дарга яагаад хөдөө ажиллав?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад иржээ. Үүнийг сонссон зарим хүн  “Эвэртэй туулай” харсан мэт цочирдов. “Хотын дарга яагаад хөдөө ажилладаг юм”, “Урьд өмнө ийм сонин юм сонсоогүй”, “Тэгвэл хөдөөгийн дарга нар хотод ирж ажиллах уу”, “Хотын дарга хөдөөний хүн болохоор нутгаа санав уу” хэмээн мөнөөх мэдэмхийрдэг зангаараа ам уралдуулцгаав. Үнэндээ ч нийслэл хотын дарга хөдөө орон нутагт ажиллаж байсан түүх урьд өмнө сонсогдож, үзэгдэж байгаагүй л дээ. Хотын даргын ажил дөрвөн уулынхаа л дунд хэмээн хүн бүрийн ой тойнд буучихсан хэрэг.

Тэгвэл өнгөрсөн хавар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилгаар Улаанбаатарын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх зорилгоор “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг хэрэгжүүлэхээр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Эрдэнэт, Булган аймгуудтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсныг санах хүн олон бий. Эдгээр аймгуудтай байгуулсан Санамж бичгийн хэрэгжилт ямар байгаа, хэрхэн ажил хэрэг болж буйг газар дээр нь очиж үзэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ. 

Явсан ажил ч үр дүнтэй. Сэлэнгэ аймгийнхан нийслэлчүүдийг хэн нэг ченжийн гар дамжуулалгүйгээр ургацын талбайгаас нь шууд нийлүүлсэн төмс, хүнсний ногоогоор хангана гэдгээ илэрхийлжээ. Сэлэнгийн ургац ч энэ жил арвин байна. Нийслэлийн зүгээс төмс, хүнсний ногоо нь ариун цэврийн шаардлага хангасан өнгө үзэмжтэй сав, баглаа боодолтой байх ёстой гэж үзэж байгаа юм байна. Энэ нь хүнсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөхөөс гадна сав, баглаа боодол үйлдвэрлэх ажлын байрууд ч гарч ирнэ.  Ингэснээр ногоочид, сав баглаа боодол үйлдвэрлэгчид, шууд борлуулалт хариуцсан цэгийнхэн, хэрэглэгчид гэсэн сүлжээ үүснэ. Энэхүү сүлжээнд зөгийчид ч нэгдэж цэвэр зөгийн бал нийлүүлэхээ илэрхийлсэн байна.

Их, дээд сургуулиудыг нийслэлээс гадагш гаргах төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймаг руу ХААИС-ийг нүүлгэх ажлыг ярилцсан байна. Тус аймаг мөн арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хүлээн авахад бэлэн гэжээ. Дарханы нэхий, нэхийн эдлэлийн үйлдвэрийг түүхий эдээр хангах боломж ч эндээс гарч ирж байгаа юм. Төв аймгийн хувьд дагуул хотуудыг байгуулж, нийслэлийн хүн амыг сийрэгжүүлэх боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Майдар сити, Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэро ситиг энд нэрлэж болно.

Үүнээс гадна Төв аймаг нийслэлчүүдийг дүүрэг бүрт байрлуулах шууд борлуулалтын цэгээр дамжуулан хүнсний ногоо, мах, сүүгээр хангахаа илэрхийлээд байна. Төв аймагт зуншлага сайн байгаа тул нийслэлийн зах зээлд 60 орчим мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 50 мянган тонн төмс, 5 мянган тонн хүнсний ногоо нийлүүлэх юм байна. Үүний зэрэгцээ хотын төвлөрлийг хэрхэн сааруулах вэ, хөдөөг хэрхэн хөгжүүлэх вэ, хөдөөгийн иргэд яагаад хот руу тэмүүлдэг, яавал хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлж болох вэ зэрэг олон асуудлыг хотын дарга газар дээр нь үзэж судалж иржээ.

Уг нь бол нийслэл Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт, Дархан, бусад аймгийн төвүүд бүгд хот. Хуучин тийм л байсан. Хотуудыг хот гэдэг утгаар нь хөгжүүлбэл нийслэлд бөөгнөрдөг байдал ч арилах юм.  Эндээс харвал хотын даргын ажил дөрвөн уулын дунд, Туулын хөндийд хашигдах төдий цар хүрээтэй биш ажээ. Хөдөөтэйгээ хамтарч байж хөдөө орон нутаг ч хөгжинө, хотын иргэд ч ченжийн гар дамжаагүй бодит үнээр орон нутгаас хүнсээ авч хэрэглэнэ. Төвлөрөл ч саарна. Ийм зорилгоор нийслэл хот ойр орчмын таван аймагтайгаа  хамтарч ажиллах Санамж бичиг байгуулсан. Тэр ажил ч амжилттай хэрэгжиж эхэллээ. Ажлынхаа гарааг үзэж, цаашид улам эрчимжүүлэх зорилгоор нийслэл хотын дарга орон нутагт ийнхүү ажиллаад ирлээ.

Х.Дорж

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!