Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) өнөөдөр /2018.8.23/ мэдээлэл хийлээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Засгийн газар энэ оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр Олон улсын валютын сантай төрийн алба хаагчдын цалинг нэмэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Үүний дагуу энэ оны IV улирлаас эхлэн төрийн алба хаагчдын цалинг нэмэх тохиролцоонд хүрсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар төрийн алба хаагчдын цалинг нэмэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ингэхдээ нэлээд олон зарчим баримталсан. Цалин багатай, эдийн засгийн хямралд илүүтэй өртөж байгаа иргэдийн цалинг эхний ээлжид нэмэхээр болсон. Хоёрт, өнгөрсөн жилээс эхлэн төрийн алба хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлага зэргээс нь шалтгаалан цалин олгохоор болж ажлын байрны үнэлгээ хийсэн. Үнэлгээнд үндэслэн төрийн алба хаагчдын цалинг ялгамжтай олгохоор болсон. Гуравт, соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин бусад төрийн алба хаагчдынхаас 12.5 хувиар бага байсан. Тиймээс соёл урлагийн салбарын цалинг нэмж байгаа. Дөрөвт, улс төрийн алба хаагч, шүүх, прокурорын цалинг энэ удаад нэмэхгүй. Шийдвэрийн дагуу төрийн алба хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмнэ. Ингэхдээ багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болон тэдгээрээс бага цалинтай төрийн алба хаагчдын цалинг эхний ээлжид найман хувь нэмнэ. Үүнд төрийн үйлчилгээ, төрийн тусгай алба, төрийн захиргааны алба хаагчид хамрагдана. Ингэснээр нийт 145 мянган хүний цалинг найман хувиар нэмж байна гэлээ. 

Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэгээр ахиулж, цалинг 12.3 хувиар буюу  87.9 мянган төгрөгөөр нэмжээ. Харин сувилагч нарын зэрэглэлийн 1-2-оор ахиулж, цалинг нь 20-30 хувиар буюу 127-183 мянган төгрөгөөр нэмжээ.  Мөн соёл урлагийн салбарынхны цалинг 14-32 хувиар буюу 29000-146000 төгрөгөөр нэмжээ.

Төрийн алба хаагчдын цалинг 2014 онд 15 хувиар нэмж байсан бөгөөд энэ нь хувийн хэвшлийн ажилчдын цалингаас 37-45 хувиар бага үзүүлэлт аж. Энэ удаагийн цалин нэмэлтэд 58.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна.

Р.Ренчиндулам   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж