60 тэрбумтай тэмцэх бус хуулиа өөрчлөхийг судлаачид онцоллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

60 тэрбумтай тэмцэх бус хуулиа өөрчлөхийг судлаачид онцоллоо

60 тэрбумтай тэмцэх бус хуулиа өөрчлөхийг судлаачид онцоллоо

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын гэх хэргийн талаар үнэн мөнийг нь олно хэмээн ардын баатар болоод буй. Гэвч энэ хэргийн зангилаа цаад учир нь улс төрийн намын санхүүжилтийн хуулийг шинэчлэхэд оршиж буй гэдгийг судлаачид онцолж буй. Ялангуяа хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нь улс төрийн намын санхүүжилтийн хуулийг санаачлахаас илүү улс төр, шоу хийж байна гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Энэ талаар хуульчдын байр суурийг сонслоо.

МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны гишүүн, доктор, дэд профессор С.Мөнхбат:

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хамгийн ил тод бөгөөд хариуцлагатай хяналттай болгох механизм бол төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх явдал юм. Манайх шиг намын санхүүжилт нь далд мөнгөний нөлөөллөөс барууны орнууд татгалзахын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ төрийн санхүүжилтийг нь нэмэгдүүлж, хандив далд үйл явцыг хязгаарласан нь судалгааны явцад харагддаг. Нөгөө талдаа иргэний нийгмийн хяналтыг сайжруулж иргэдийн хяналтыг сайжруулснаар ил тод байдал бий болно. Төрийн санхүүжилтийг бүх намд өгөх үү гэдэг асуудал эндээс урган гарна. Мэдээж бүгдэд нь хавтгайрсан санхүүжилт олгохгүй. Хэрэв улс төрийн нам бүрт санхүүжилт олгоно гэвэл би ч гэсэн нам байгуулахыг хүснэ шүү дээ. Тиймээс хоёрхон шалгуурыг мөрдөх хэрэгтэй. Нэгдүгээрт, сонгуульд оролцсон амжилтаар нь, хоёрдугаарт нь парламент дахь  суудлыг тоог нь харгалзан үзэж төрийн санхүүжилтийг олгох боломжтой. Энэ нь улмаар намын төлөвшилд ч нөлөөлөх сайн талтай. Сонгогчдын дэмжлэг авч чадаж байгаа нам нь төрийн санхүүжилтийг ахиухан авч, сонгогчдын итгэлийг авч чадахгүй тохиолдолд санхүүжилт хүртэхгүй ийм л механизм. Өөрөөр хэлбэл, намыг сонгогчидтой нь уяж өгч буй хэлбэр гэж ойлгож болно. Манайд уг нь энэ хоёр санхүүжилтийн төрөл хоёулаа бий. Гэвч замбараагүй хандивыг хянах аргыг нь тодорхой тусгаж өгөөгүйгээс үүдэн далд мөнгөний нөлөөллийг өнөөг хүртэл хязгаарлаж чадахгүй байгаа юм.

МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од:

-Монголд улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож чадвал төр эрүүл, намууд хариуцлагатай болох юм. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд манайд ганц зохицуулаагүй орхисон асуудал бол улс төрийн нам түүнтэй холбоотой санхүүжилтийн тухай асуудал. Одоо байгаа намын тухай хуулиа ч дагаж мөрддөггүй. Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлж, төрийн хяналтад оруулж, санхүүжилтийн үйл ажиллагаа, тайлан, орлого, зарлага энэ бүхнийг хянадаг дэлхийн улс орнуудын тогтолцоо руу орохгүй бол энэ байдлаараа улс төрийн намууд улам нэр хүндгүй болж сүүлдээ төр үнэ цэнээ алдаж эхэлж байна. Улс төрийн намууд үйл ажиллагаандаа зарцуулах зардлаа шийдвэрлэх нь мэдээж хамгийн чухал. Гэхдээ асуудлыг дагаж араас нь шийдвэрлэх гэхээсээ илүүтэй миний бодлоор, улс төрийн намуудаас гарч байгаа бодит зардлуудыг хязгаарлах. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулах зардлуудыг нь хязгаарлаж намуудын санхүүжилтийг хянах ёстой. Төрөөс аль болох улс төрийн намуудын санхүүжилтийг нэмэгдүүлж илүү хариуцлагатай, авлигаас ангид болгохгүй бол өнөөдөр улс төрийн намууд авлигын сүлжээний хамгийн гол цөм нь болчихсон. Улстөрийн намуудыг санхүүжилтийг шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монголын төр эрүүлжихгүй.

МУИС-ийн багш, Хуульч О.Мөнхсайхан:

-Улс төр, мөнгө хоёрыг зааглаагүйгээс 60 тэрбум, АН-ын албан тушаалд дэвшүүлэхэд авдаг мөнгө аль аль нь гарсан. МАХН, ИЗНН, МҮАН зэрэг бүх нам мөнгөтэйн халаасанд орсон нь үнэн. Үнэхээр асуудал шийдэх гэж байгаа бол улс төрийн санхүүжилтийн хуулийн сайн төсөл гаргаад санаачлаад явах хэрэгтэй.

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг:

Сүүлийн үед улс төрийн намын жирийн гишүүд намдаа итгэх итгэл буурч байгаа нь намын санхүүжилттэй шууд холбоотой. Одоо хэрэгжиж буй хуулиар санхүүжилтийн систем нь сайн зохицуулагдаагүй учраас намууд хөрөнгөлөг, чинээлэг хэсэг бүлэг хүмүүсээс санхүүждэг. Улмаар намдаа голлох хандив өгсөн хүмүүс нь эрх мэдлийн эзэд болдог. Жирийн гишүүд доторх ардчиллын асуудлыг яаж бэхжүүлэх үү, иргэд намынхаа санхүүжилтэд хэрхэн хяналт тавих уу гэдгийг цогцоор нь шийдэх цаг үе нь ирээд байна. Одоогийн хуулиар Аудит, Сонгуулийн хороо, Татварын Ерөнхий газар зэрэг байгууллагууд улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавьдаг. Гэвч яг ямар төвшинд хяналт тавих уу гэдэг нь хуульд нарийн тусгагдаагүй. Тиймээс нэр төдий хяналт л үүссэн байна. Авлигыг нар тусгаж, нян бохирдлыг арилгаж байж бууруулна гэж ярьдаг. Гэтэл манай улсад хамгийн хаалттай мэдээлэл нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болсон. Яаж ч хөөцөлдөөд энэ мэдээлэл ил тод болохгүй байна. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилтийг хэн, ямар хэлбэрээр ил болгох ёстойг хуульд маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Улс төрийн намуудын санхүүжилт ил болохгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь бас сул. Манай улсын Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй, маш хуучирсан. Энэ нь яагаад ч өнөөгийн нөхцөлд тохирохгүй болсон хууль. Шинэчлэгдэж байж бид цааш алхана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж