Зөгийн аж ахуй эрхлэх ач холбогдлын талаар сургалт явууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Зөгийн аж ахуй эрхлэх ач холбогдлын талаар сургалт явууллаа

Зөгийн аж ахуй эрхлэх ач холбогдлын талаар сургалт явууллаа

Байгалийн ургамлыг сэргээн ургуулж тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах болон ногоон бүс дэх зуслангийн иргэдийн өрхийн орлогыг дэмжих, зөгийгөөр дамжуулан иргэдийн амьтан, ургамлын талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа Улаанбаатар хотын ногоон бүсэд зөгийн аж ахуйн жишиг төслийг эхлүүлж, Их бага баянд туршилтын дөрвөн бүл зөгийг үржүүлж эхэллээ.

Зөгийн аж ахуйн нь хүр хорхойн үйлдвэрлэлийн хамт шавьжны төрлийн аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд байгаль орчныг сэргээхэд нэн тустай чанарыг нь хөгжүүлж сүүлийн жилүүдэд мал аж ахуй, газар тариалангийн салбараас өндөр ургац авах, бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор зөгий үржүүлж байгаа нь зөгийнөөс зөвхөн зөгийн бал гарган авдаггүй болохыг харуулж байна.

Түүхэн эх сурвалжаас авч үзвэл Монголчууд XII-XIII зуунд  зөгийн бал, лавыг эмчилгээ сувилгаа, хүнс тэжээлд хэрэглэж байсан талаар дурдагдсан байдаг бол 1920-1936 оны үед Алтанбулаг, Хиагт, Ерөө, Зүүнхараа, Сөгнөгөр, Баянголд хүмүүс цөөн тоогоор зөгий үржүүлэн маллаж нутгийн иргэдэд  бал түгээн борлуулж байсан байна. Харин 1958 онд ЗХУ-с (хуучнаар) 20 бүл зөгийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын жимс, жимсгэнийн эрдэм шинжилгээний станцад хүлээн авч үржүүлж  эхэлсэн нь орчин үеийн олон давхраат гэр бүхий зөгийн аж ахуйн суурийг анхлан тавьжээ. Эдүгээ Монгол улс 2017 оны байдлаар 800 гаруй зөгийчний 18000 гаруй бүл зөгийнөөс 240 тн бал хураасан бөгөөд энэ нь дотоодын зөгийн балны хэрэгцээний 30 хувийг хангаж үлдсэн хэсгийг импортоор оруулж байна.

Дэлхийн хэмжээнд жилд 1.4 сая тн зөгийн бал үйлдвэрлэдгээс 400 мянган тонн нь экспортлогддог. Нийт экспортын 25 хувь Аргентин, 22% Хятад, 6 хувь Герман, 4 хувь нь Унгар, Энэтхэг, Вьетнам, Бразил улсуудад, 3 хувь Канад, 0.1 хувь ОХУ, 2 хувь Уругвайд, 22 хувь нь бусад орнуудад оногддог байна. Гэтэл Монгол орон 2 сая бүл зөгий тогтвортой бэлчээрлүүлэх 35 га мянган (нийт нутаг дэвсгэрийн 22.6 хувь) бэлчээрийн нутагтай байгаа нь манай улсад зөгийн аж ахуйг хөгжүүлэх асар их нөөц байгаан дээр гадаад улс орнуудад зөгийн бал экспортлох бүрэн боломж байгааг илтгэж байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын Зөгий мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2017 оны 5, 9 дүгээр сарууд, 2018 оны 3, 6 дугаар саруудад зөгийн аж ахуй болон зөгийн асуудлаар онол, практикийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаль хамгаалагчид болон байгаль орчны газрын мэргэжилтнүүдийг тус сургалтандаа хамруулсан. Энэхүү ажлын үргэлжлэл болгож энэ сарын 20-ны өдөр Жигжид, Майхан толгой, Шарга морьт, Хуурай мухарын зуслангийн иргэд, оршин суугчдад зориулж “Зөгийн аж ахуйн эрхлэх ач холбогдол” сэдэвтэй сургалтыг Монголын Зөгий сантай хамтран СБД-ийн 19-р хорооны иргэний танхимд зохион байгууллаа.

НИТХ-ын 2015 оны 5 дугаар сарын 15-ны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай” А/578 дугаар захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсээс мал аж ахуйг нүүлгэн шилжүүлсэнтэй холбогдуулан зөгийн аж ахуйг дэмжиж талхлагдсан нутаг дэвсгэрийг зөгийгөөр нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байна.

Зөгийн аж ахуйн эрхэлж байгаа газар нутагт жилээс жилд ургамлын төрөл зүйл нэмэгдэж, түүнтэй уялдан амьтан, жигүүртэн шувуудын тоо нэмэгдэж, байгалийг аясаар нь сэргээхэд чухал ач холбогдол үзүүлдэг тул зөгийг хөдөө хээр газар үржүүлэхээс гадна, хот суурин газрын ногоон бүс, зуслан орчимд өсгөн үржүүлж, хөгжүүлэх боломж бүрэн байна.

Цаашид зөгийн аж ахуй эрхлэхийг сонирхогч иргэд нийслэлийн Байгаль орчны газартай холбогдон хамтран ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж