З.Баянсэлэнгэ: Би 19 саяын торгуулийг  төлж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ: Би 19 саяын торгуулийг  төлж чадахгүй

З.Баянсэлэнгэ: Би 19 саяын торгуулийг  төлж чадахгүй

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм. Улмаар түүнийг 19,2 сая төгрөгөөр торгох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ. Түүнтэй энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

-Сүүлийн үед та юу хийж байна даа?

-Амралтын байдалтай байна. Хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан асуудал анхан шатны шүүх хурлаар орж дууслаа. Өнгөрсөн хугацаанд  АТГ, УЕП-т дуудагдахын зэрэгцээ ээжийгээ асардаг байсан. Харамсалтай нь ээж маань бурхан болсон. Одоогоор гэр зуур л байна. Шүүхийн асуудлаас үүдээд хөдөө гадаа явж намынхаа ажилд оролцож чадсангүй. Харин намынхаа гүйцэтгэх товчооны хурал, бусад бодлогын асуудал хэлэлцэх үеэр оролцоод явж байгаа.

-Гурван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлаар танд гурван жилийн ял оногдуулсан ч эцэст нь 19,2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Таныг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод буй энэ бүхний учир шалтгааныг одоо дэлгэрэнгүй ярьж болох уу. Та Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын  сайдаар ажилласнаас энэ бүхэн эхлэлтэй болов уу?

-Болсон үйл явцын хувьд маш энгийн. Мэргэжлийн хуульч биш  ч хүн ойлгохоор ийм л асуудалд намайг өнгөрсөн хугацаанд шалгалаа. Бүх зүйлийг дэлгэрэнгүй эхнээс нь яръя. Түрээсийн орон сууц хөтөлбөр анх 2002 оноос яригдаж эхэлсэн байдаг. Төрийн орон сууцны бодлого хэрэгжүүлэх үүднээс гэр хорооллын айлуудын тоог багасгах, хотоо дахин төлөвлөх зэрэг бодлогын хэмжээний асуудлыг төр засгаас анхаарч үүнтэй холбоотой хэд хэд хөтөлбөрүүд дэвшүүлж тавьж байсан юм билээ. Тухайн үед найман хувийн ипотекийн зээл олгож, иргэдээ орон сууцжуулах бодлогыг төр хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл урьдчилгаа төлбөрөө төлж орон сууцанд орж чадахгүй олон иргэд үүний гадна үлдсэн. Тэдэнд зориулж түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Үүнтэй зэрэгцэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдаж байсан үе. Ингээд миний бие 2015 оны аравдугаар сард БХБ-ын яамны сайдаар томилогдоод өөрийн яам дээр харьяалагдан хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй газар дээр нь очиж танилцсан. Энэ үед Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд “Бээжин констракшн” компани Засгийн газрын захиалгаар  хотын төвд бага мкв  бүхий орон сууц барьж байсан. Тус компанийн орон сууц барих ажлыг нь хариуцан ажиллаж байсан Бэрэн группийн барьж байсан 720 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх боломжит асуудал нь яригдсан. Энэ хүрээнд Бэрэн групп 720 айлын орон сууцаа түрээсийн орон сууцанд хамруулах тухай санал болон мкв-ын үнийн саналаа яаманд ирүүлсэн. Хөдөө орон нутгаас ч гэсэн үнийн санал ирсэн. Салбарын сайдынх нь хувьд Сангийн яам, Засгийн газарт дээрх саналыг танилцуулсан. Засгийн газар 720 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд хамруулах төсөв мөнгөний боломжгүй. 15 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөх боломжтой гэдэг дэмжлэгийг Сангийн яамнаас гаргасан.

Энэ саналын дагуу Ерөнхий сайд, ТОСК, Сангийн яам, БХБЯ, холбогдох мэргэжилтэн, хариуцсан хүмүүсийн  хүрээнд ярилцсаны эцэст Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж  2016 оны тавдугаар 31-нд Засгийн газрын хуралдаанаар оруулсан. 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрт шилжүүлэхэд төдий орчим төгрөгөөр мкв-ыг нь үнэлэх боломжтой гэсэн саналаа оруулсан гэсэн үг. Уг саналын дагуу Засгийн газар хэлэлцээд олонхынхоо саналаар тогтоол гаргасан. Ерөнхий сайд дангаараа шийдвэр гаргавал захирамж, Засгийн газрын бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргавал тогтоол болдог. Өөрөөр хэлбэл, хоёр хэлбэрээр шийдвэр гардаг гэсэн үг. Түүнтэй нийцүүлж журам гарна. Ингээд тогтоол гарсны дагуу тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийн хүрээнд түрээсийн орон сууцанд хамруулах журмаа салбар яам нь, хөтөлбөрт хамруулах ажлыг ТОСК, хөрөнгө мөнгийг нь Сангийн яам хариуцахаар чиглэл чиглэлээр нь даалгасан. Улмаар бэлтгэл ажил хангагдаж дуусаад хамгийн сүүлд тус хөтөлбөрийн санхүүжилтийг  2016 оны улсын төсвийн тодотголд суулгаж УИХ-аар хэлэлцэгдээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Сангийн яамны сайд байсан Б.Чойжилсүрэнгийн гарын үсэг зурагдаж Засгийн газрын тогтоолд тусгасан мөнгийг “Бэрэн мортгейж групп” компани руу шилжүүлсэн ийм л асуудал.

-Хэдэн төгрөг шилжүүлсэн  юм бэ?

-15 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, энэ ажлын санхүүгийн асуудал нь Б.Чойжилсүрэн сайдын үед дуусгавар болсон. Гэтэл хоёр жилийн өмнөөс намайг АТГ-аас дуудаж гэрчээр байцаасан.

-Мөнгийг шилжүүлснээс хойш гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ хугацаанд намайг шалгахдаа эхлээд гэрчээр байцааж, 2012 оноос хойших миний бүх данс тооцоог шалгасан. Анх гомдол байхгүйгээр  шалгагдсан хэрэг. Хөгжлийн банкны эх үүсвэрийг шалгах үед Түрээсийн орон сууцны хөтөлбөр тэр дунд  нь орж явж байсан  юм билээ. Шалгалтын явцад АТГ-ын хорхойтой араанд нь зуугдсан З.Баянсэлэнгэ ороод ирэхээр  нь АТГ шүүрэн авч энэ нөхөр ажил хийнэ гэж юу байхав, улсын мөнгө идсэн байж таараа гээд  шалгаж эхэлсэн. Гэвч миний данс тооцоог шалгаад нэг ч хөрөнгө мөнгө гараагүй. Эцэст нь албан тушаалаа урвуулан ашиглан “Бэрэн” группээс байр худалдаж авсан мөн Засгийн газрын хуралдаанаар оруулахдаа хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүйгээр Засгийн газрын гишүүдээрээ хүчээр батлуулж, Ерөнхий сайдаар алх цохиулсан мэтээр яллагдах дүгнэлтийг үйлдсэн байсан. Улмаар шалгах явцад ямар нэгэн байдлаар хохирол гаргаж ирэх зайлшгүй шаардлага гарсан. Яагаад гэвэл авлигын асуудал тогтоогдохгүй болохоор нь тэр. Надаас ямар нэгэн байдлаар яаж хохирол гаргаж ирэх үү гэдэгт  АТГ толгойгоо гашилгасан. Тэгээд үнэлгээний жижиг компанийн мэргэжлийн бус хүмүүсээр Засгийн газрын тогтоолын дагуу  15 тэрбум төгрөгөөр худалдаж авсан 223 айлын байрыг үнэлүүлсэн. Ингэхдээ зах зээлийн үнэ ханшийн ямар ч судалгаагүй, зурагжилт авагдаагүй, тайлан нь  дутуу зөвхөн АТГ-ын тогтоосон даалгаврын дагуу үнэлгээ хийгдсэн. Үнэлгээ хийсэн тухайн компани нь машин тэрэг мөргөлдөхөд үнэлгээ хийдэг ийм л жижиг компани. Тэд  223 айлын орон сууцыг  үнэлэхдээ нэг давхрын зургаан айлын байрыг өөр өөр үнээр үнэлсэн байдаг. Уг нь нэг л ижил тоосго, зуурмаг сангаар баригдсан байж таараа шүү дээ. Үүгээр барахгүй 223 айлаар биш 219 айлын байр гэж тоог нь  цөөлж 15 тэрбум  төгрөгөөс 900 сая гаруй төгрөгийг дутуу үнэлж намайг улсад хохирол учруулсан гэж үзэн яллагдагчаар татсан. Уг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар олонхоороо шийдвэр гаргаж, үүнийг нь дараагийн Засгийн газар болох Ж.Эрдэнэбатын Засгийн газар үргэлжлүүлж, төлбөр тооцоо нь Б.Чойжилсүрэнгийн гарын үсгээр зургдсан ийм л асуудал шүү дээ. Түүнээс биш намайг сайд байхад шилжсэн мөнгө огтхон ч биш. Би тэр 15 тэрбум төгрөгийг  үзээ ч үгүй, хараа ч үгүй байгаа биз.

Тухайн үеийн Засгийн газрыг толгойлж байсан Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж  байсан Б.Болор нар гэрчээр мэдүүлэг өгсөн гэж сонссон?

-Тийм ээ. Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, Сангийн яамны санхүүгийн газрын дарга асан н.Нямаа  нар  гэрчээр оролцож Засгийн газрын хуралдааны үйл явцыг мэдүүлсэн. “Засгийн газрын тогтоолд хэн нэгэн сайд нь дангаараа хариуцагч болохгүй, хамтын зарчмаар шийдвэрлэгдсэн асуудал” гэж тэд мэдүүлэг өгсөн атал надад ял оноох дүгнэлт гаргасан. Мөн надтай тухайн үед хамт ажиллаж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч байсан М.Болортуяаг надтай хамсаатан болгохын тулд мөн шалгасан. Ингэхдээ урьдчилж үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ нэгдсэн гэж үзэн М.Болортуяаг гурван  жил хүртэлх хугацаанд төрийн албанд эргэж ажиллахгүй нэг жилийн хорих ял оногдуулсан.

Намайг дөрвөн жил хүртэлх хугацаанд төрийн албанд эргэж ажиллахгүй гурван жилийн хорих ял шүүхээс оногдуулсан. Надад улсад учруулсан хохирол гэж байхгүй учир шүүхийн дээрх шийдвэрийг би хүлээн зөвшөөрөөгүй.

Надтай хамт шүүгдсэн М.Болортуяагийн өмгөөлөгч нь шүүгчдэд хандан М.Болортуяад оногдуулсан ялыг тэнсэн болгож өгөхийг шүүхээс хүссэн. Өнөөдөр хэвлэлүүдээр яриад байгаа шиг намайг хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах саналыг миний зүгээс гаргасан ч шүүх хүлээж аваагүй, зөвхөн  танхимынхаа дэлгэцээр дамжуулсан. Шүүх хурлын үйл явцыг tug.mn  шууд дамжуулж шүүх хуралдааны үеэр миний хэлсэн үгийг шууд дамжуулсан атлаа намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрлөө гэж худал мэдээлсэн. Би гэм буруугаа хүлээсэн утга бүхий нэг үг, өгүүлбэр ч хэлээгүй. Эцэст нь намайг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Шүүх М.Болортуяа бид хоёрт оногдуулсан ялаа хөнгөрүүлэх шийдвэрийг  өөрөө гаргасан. Анхнаасаа улстөрийн захиалгатай зохиомол хэрэг.

-Улстөрийн захилагатай гэж үү. Харин ч танд Монголын шүүх өгөөмөр “загналаа” шүү дээ?

-Хавтаст хэргийн материалтай танилцаж байх үед нэг зүйлийг олж харсан. Намайг АТГ-ын мөрдөн байцаагч яллагдагчаар татахаар  прокурорт санал хүргүүлэхэд хяналт тавьж байсан прокурор н.Мөнх-Очир намайг яллагдагчаар татах хангалттай үндэслэл алга, яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд саналыг буцааж өгсөн байдаг. Гэтэл АТГ-ын Мөрдөн шалгах тасгийн дарга Э.Идэрцог дээд шатных нь прокурорт санал хүргүүлснээр намайг прокуророос яллагдагчаар татсан. Миний бие яамны сайдын эрхийн хүрээнд салбарынхаа мэргэжилтнүүдийн боловсруулсан баримт бичгийг Ерөнхий сайдад танилцуулах хуулийн төсөлд саналаа оруулах эрхтэй. Тухайн санал нь батлагдах эсэх нь Засгийн газрын асуудал. Төслөө бүрэн эрхийнхээ хүрээнд орж танилцуулсан атал чи буруутай гээд шүд сугалаад намайг ялласан. Мөн хавтас хэрэгт Ч.Сайханбилэг болон Засгийн газрын гишүүдийг яллагдагчаар татах нь тэдний эрхзүйн байдлыг ноцтой зөрчиж байгаа тул яллагдагчаар татах үндэслэл алга. Ч.Сайханбилэг болон Засгийн газрын бусад  гишүүд нь үүрэгт ажилдаа хайнга хандсан гэдэг зүйчлэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Гэтэл асуудал оруулсан сайд нь албан тушаалаа урвуулан ашигласан гэдгээр зүйчлэгдээд, алх цохисон сайдыг нь үүрэгт ажилдаа хайнга хандсан гэдэг зүйчлэлээр хэрэгсэхгүй болгосон.  

-Таны хэлж байгаачлан,  таныг ялтан болгох  сонирхол хэнд байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэтийн асуудлаар Засгийн газар нууцаар хуралдсан тухай хуралдааны луйвар булхайг ил болгосон нь би. Эрдэнэтийн 49 хувийг өнөөдөр гацаанд оруулчихсан асуудал хэнээс эхлэлтэй вэ гэвэл надаас эхлэлтэй. Намайг хорьж ялтан болгох гээд  дайраад байгаа нь  Эрдэнэтийн 49 хувийн бүлэглэлтэй шууд холбоотой. Анх удаа Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг эрүүгийн шүүхээр шүүж салбарын сайдад нь ял оноож байгаа асуудал түүхэнд бичигдэх хэрэг. Нэг хүнийг буруутгах гэж улайрч байгаад дараа дараагийн шударгаар ажилласан олон хүнийг буруутгах том ангал нүх үүсгэх гээд байна гэдгийг би шүүхийн өмнө хэлсэн. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шууд худалдан авалт хийдэг,  одоо ч гэсэн хийж байгаа. Хэрэв Засгийн газрын тухайн тогтоол нь буруу байвал дараагийн Засгийн газар нь хүчингүй болгоод явах эрхтэй. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүчингүй болгосонгүй. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар тус хөтөлбөрийг үргэлжлүүлээд явъя, ард түмэнд ашигтай юм байна гэдгийг олж харсан болоод үргэлжлүүлж байгаа шүү дээ. Тийм байтал намайг зорилтод сценарын дагуу зориуд хэрэгт унагалаа. Өнөөдөр би МАХН-ын гишүүн гэдгээрээ яллагдаж байгаа. Хэрэв би МАХН-ын гишүүн бус, олигарх бүлэглэлтэй хамааралтай байсан бол  ийм байдалд орохгүй байх байсан. Өч төчнөөн мөнгөөр гадаадад  ууж идээд хаус худалдан авч амьдарч байгаа  нөхдийн  хажууд би ажил л  хийсэн хүн. Түүнээс биш би хувийн дансандаа төрийн мөнгийг аваад ууж идчихсэн зүйл огт байхгүй. Улсыг хохироосон ч асуудал байхгүй. Харин ч эсрэгээрээ улс хожиж байгаа. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжсэнээр 1500  өрх сардаа улсад 250 мянган төгрөг төлж нийт 375 сая төгрөг улсын төсөвт оруулж байна. Энэ мөнгийг жилээр нь тооцвол 4,5 тэрбум төгрөг улсад төвлөрүүлээд явж байгаа.

-Шүүхээс оногдуулсан 19 сая 200 мянган төгрөгийн торгуулийг та хэдий хэр хугацаанд яаж төлөх вэ?

-Би төлөхгүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр учир  эцсийнх биш.  Анхан шатны шүүх эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй л гэж намайг хорихгүйгээр торгууль оногдуулсан нь миний талд ашигтай болсон мэт өнөөдөр хүмүүсийн амны “бай” болж байх шиг байна. Би хоригдохоос айхгүй. Шударга бус зүйлийн төлөө би айхгүй.

Би энэ амьдралаас алдах ёстой бүхнээ алдчихсан хүн.  Шүүхээр шалгагдаж байх  хугацаанд би хоёр ээжийгээ алдлаа. Одоо надад айх зүйл байхгүй.  Би улсад ажил хийснийхээ төлөө, олонхоороо хамтын шийдвэр гаргасны төлөө яагаад би энэ мөнгийг төлж хохирох ёстой гэж. Үүнийг төлөх мөнгө нь ч надад алга. Анхан шатны шүүхийн шийдвэр нөгөө талдаа даалгавраа гүйцэтгэсэн. 15 хоногийн дараа шүүхийн тогтоол гарна. Тогтоолоо бариад би Нийслэлийн шүүхэд давж заалдана. Нийслэлийн шүүх хэрэв хүлээж авахгүй бол Дээд шүүхэд хандана. Дахин хоёр шатны шүүхээр  орох  эрх  надад бий.

-Өнгөрсөн хугацаанд та сэтгэл санаа, мөнгө санхүү гээд олон зүйлээр хохирсон байх. Энэ хүнд үед намынх нь зүгээс  танд яаж туслав?

-Бүгд л миний байдлыг ойлгож байгаа. Шударга шүүхийн шийдвэр гарах байх гэдэгт итгэж өнөөдрийг хүртэл би энэ талаар нэг ч ярилцлага өгөөгүй. Өөрт тань болсон үйл явцыг үнэн мөнөөр нь ярьж олон нийтэд хүргье л гэж бодоод ярилцлага өгч байгаа нь энэ. Бид бүлэглэлийн нийгэмд амьдарч байна.  Өнөөдөр ээжийгээ  ийм байдалд орчихсон байхыг хүүхдүүд маань хараад хэцүү байгаа. Ээж нь 900 сая төгрөг барьж хүүхдүүддээ очоогүй. Аль эсвэл хувьдаа ямар нэгэн зүйл худалдаж аваагүй. Би одоогоор түрээсийн байранд амьдарч байна. Ээжийн маань бие хүнд байсан учраас гэр хорооллоос нүүж түрээсийн байранд орсон. Бодит байдал ердөө л энэ. Намайг мууллаа гээд гоё сайхан болж, идэх хоол нь нэмэгдэж, аз жаргалтай болдог бол болог л дээ. Би юунаас ч айхгүй. Нэгэнт би  муу хэлэгдэх энэ замыг сонгочихсон хүн. Гэрэл гэгээтэй нийгэм болох байх л гэж би найдаж байна. 80 наснаас илүү наслах юм шиг өнөөдөр бид бие биеэ хэмлээд яах юм бэ. Хэрвээ би мөнгө идье гэж  бодсон бол өөрийн яам дээр байгаа 20 тэрбум гаруй төгрөгийн тендер шалгаруулах төсөл хөтөлбөрүүдийг би өөр дээрээ авах байлаа. Гэтэл би бүгдийг нь худалдан авах ажиллагааны газар руу шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлийг нь хүртэл Барилга хөгжлийн төвд өгсөн. Яагаад гэвэл би АТГ-ын хорхойтой араанд нь зуугдсан хүний хувьд өөр дээрээ хөрөнгө мөнгөний асуудлыг авч ажиллахаас айсан нь тэр.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна?

-Хэт их олонхоороо гарвал ажил урагшилдаг гэдэг буруу ойлголтыг МАН засч байгаад нь талархаж байгаа. МАН-ын бүдүүн бүлэг эдийн засгийн маш таатай орчинд, сөрөг хүчин бараг дуугарч чадахгүй, дуугарлаа гэхэд холбиромтгой, байр сууриа баттай хамгаалж чаддаггүй ийм нөхцөлд төрийн ажлыг яралзуулаад өгөх байх гэсэн олон нийтийн хүлээлттэй байсан. Улс төрийн намууд ч харж байсан. Гэтэл өнөөдөр сандал суудлын төлөө л тэд ажиллацгааж байна. Эрх мэдэл гэдэг хэнд ч захирагдахгүй болохыг өнөөдөр бүгдээрээ олж харлаа. Эцсийн дүндээ МАН үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн бөөгнөрөл биш байж. Үзэл бодол, үнэт зүйлтэй байна гэдэг бол хамгийн эрхэм чанар. МАН-ынхан жижигхэн нэг ажлаараа маш том шоу хийсэн нөхөд л байна. Шударга үнэнийг ярьж байгаа мэт боловч ард түмнийг төөрөгдүүлсэн, нам дотроо талцсан ийм л байдалтай байна. Өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн зарим асуудалд хүч түрэн олонхоороо шийдэж байгаа харагддаг. Жишээ нь Татварын тухай багц хуулийн төслүүд маш зөрчилдөөнтэй хуулийн төсөл болсон байна лээ. Хэлэлцэх үед нь байр сууриа илэрхийлнэ гэж бодож байгаа. Бид маш анхааралтай ажиглаж байгаа. Өнөөгийн тогтолцооны энэ бүх гажуудлыг юу хэвэнд оруулах уу гэвэл Үндсэн хуулиа л өөрчилж байж ахиц дэвшил гарна.

-МАХН-ыг дагасан хүмүүс шоронгоор ордог боллоо гэх яриа олны дунд бий. Таныг ч гэсэн тойрсонгүй өнгөрлөө шүү дээ?

-Намдаа байгаа зүйл биш. Манай намыг улстөрийн тавцангаас арчих гэсэн  бүлэглэл өөрсдийнхөө гар хөлөөр хийлгүүлж байгаа ажил. Хүн үзэл бодлоороо ялгаварлан гадуурхагдаж болохгүй. Уг нь бол үзэл бодлоо чөлөөтэй сонгох эрх Үндсэн хуулиар бидэнд олгогдсон. Хэн ч ямар ч намын үзэл бодлыг дэмжиж болно. Гэтэл өнөөдөр энэхүү эрхийг зөрчиж намын үзэл суртлаар нь ялгаварлан гадуурхаж ял оногдуулаад байна гэдгийг иргэд ойлгож байгаа хэрнээ хэн ийм зүйл хийгээд байна вэ гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Би өнөөдөр МАХН-ын гишүүн гэдгээрээ, Н.Энхбаяр даргын хамтран зүтгэгч гэдгээрээ яллагдаж байгаа нь үнэн. Би энэ тухайгаа шүүх дээр ч тодорхой хэлсэн.

-Хоёр жил гаруй хугацаанд  ажил хийсэнгүй. Яаж амьдарч байна даа?

-Нөхөр маань ажил хийдэг. Ах маань тав, арван цаас явуулна. Энэ бүхнээр болж л байна даа. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгоод л байна.

-Та АН-ын эмэгтэйчүүдтэй ойр байгаа харагдах юм. Саяхан та хэд бөөндөө салхинд гарсан байх аа?

-Зөвхөн АН төдийгүй манай хуучин эмэгтэй гишүүд байнга уулзалддаг. Бид нэгнийхээ амьдрал ахуй, жаргал, зовлонг сонсдог. Манай хэд намайг дэмжиж, урам зориг өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж