Гадаадын 75 улсад 144.500 монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Тэдний 30 орчим хувь нь БНСУ-д аж төрж байна. Харь оронд амьдралын төлөө зүтгэж яваа эдгээр хүний мөн л 30 хувь нь “хараар” буюу хууль бусаар хөдөлмөрлөдөг гэх. Хөгшин, залуу, хөдөө, хотынх гэлтгүй Солонгос руу хошуурах болсон гол шалтгаан нь ахиу цалин авах хүсэл. Тэндхийн цалингийн доод хэмжээ 1.5 сая вон аж. Гэтэл бид өглөөнөөс үдшийн бүрий болтол зүтгэлээ ч ийм цалинг монголдоо авч чадахгүй. Олсон хэдэн төгрөгийнхөө ихэнхийг өр, зээлэндээ “тушааж”, үлдсэнээр нь амьдрал ахуйгаа залгуулах гэж зүдэрдэг хүмүүс ийм сонголт хийхээс ч аргагүй биз. Интернэт, олон нийтийн сүлжээгээр “Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос руу явуулж өгнө” гэсэн худал мэдээлэл, зар их тархах болсон. Фэйсбүүк дэх “Мөнгө, санхүүгийн үйлчилгээ, туслалцаа” гэх хуудаст ийм зарлал цөөнгүй. Харин хүмүүс мэдээлэл дутмаг байдлаасаа болж залилуулж байна. Иргэдийн богино хугацаанд гадаад руу гарах гэсэн хүсэл дээр нь дөрөөлсөн залилан энэ мэт гарсаар байна. Харин бид хэзээ хашрах юм бол, бүү мэд.
Хамгийн сүүлд гэхэд Солонгос улсыг зорих гэсэн 50 хүн 150 сая төгрөгөө Д.Саран гэх хүнд залилуулжээ. Тэдгээр хүмүүс “БНСУ-руу зургадугаар сарын 5-ны өдөр гурван сарын групп аялалд бүртгэнэ” гэсэн фейсбүүк дахь зарын дагуу “Korea Хаппи Трэйвэл” компанитай холбогдсон аж. Тус компани аялал жуулчлалын чиглэлээр арван жил ажилласан туршлагатай. Толгой компаниасаа дөрөвдүгээр сард бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Найдвартай гэхчлэн тэднээс үйлчилгээний хөлс хүн бүрээс зургаан сая төгрөг авахаас урьдчилгаа гурван сая төгрөгийг авсан байна. Урьдчилгаагаа хийсний дараа гэрээгээ нотариатаар баталгаажуулна гэж тэдэнд тайлбарлажээ. Эдгээр 50 хүмүүсийн дунд урьдчилгаа болох гурван сая төгрөгөө олохын тулд орон гэр, машин тэргээ зарж орох орон, хөл дүүжлэх унаагүй болсон олон хүн бий. Бүр гэрийнхэндээ залилуулсан гэдгээ хэлээгүй нууж байгаа ч хүмүүс байна. Ингээд хохирогчдын төлөөлөл болсон хоёр эмэгтэйтэй ярилцсанаа хүргэе. Дээр хэлсэнчлэн гэрийнхэндээ залилуулсан гэдгээ хэлээгүй эмэгтэйн яриаг овог нэр, зураггүй оруулсныг хэлэх нь зүйтэй байх.
‘Бид энэ компанийн улсын гэрчилгээ,тамгатай нотариатад итгэсэн’
Хохирогчдын төлөөлөл болох М.Батдулам. Түүний нөхөр нь залилуулжээ.
-Солонгосын виз гаргаж өгч чадна гэсэн амлалт өгч буй хувь хүн байгууллагаас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байсан шүү дээ. Танай гэр бүлийн хувьд дээрх компанийг судалж үзээгүй хэрэг үү?
-Ганц хүн биш бүхэл бүтэн компанитай гэрээ байгуулсан гэж бодсон учраас итгэж байсан. “Korea Хаппи Трэйвэл” компанийн гэрчилгээ дээр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан гэж бичсэн байсан. Саяхан байгуулагдсан компани юм байна гээд итгэл муутай байсан чинь ажилчид нь болох Б.Сайнзаяа, Ц.Гантуяа нар “Манайх толгой компаниасаа салбарлаж гарсан учраас дөрөвдүгээр сард байгуулагдсан. Толгой компанитайгаа хамтарч ажиллаж байхдаа нэгдүгээр сард эхний групп аяллаа явуулсан. 25 хүн явснаас 18 нь буцаж ирээд бусад нь харлаж үлдсэн. Бид элчин сайдын яамд таньдаг хүнтэй. Виз найдвартай тав хоногийн дотор гардаг” гэхчлэн ухуулсан учраас үнэмшилтэй санагдсан. Нотариатаар баталгаажуулсан гэрээний хуулбар зэргийг нь хараад эргэлзээ төрөөгүй. Дээрх зарыг анх фейсбүүк хуудаснаас хараад Сүхбаатар дүүрэгт байрлах оффист нь очиж уулзсан. Компанийн захирал Д.Саранг хараад хэн луйвардчихна гэж санах вэ дээ. Гаднаас нь харахад мэнд устай найрсаг хүн шиг санагдсан. Бид энэ компанийн улсын гэрчилгээ,тамгатай нотариатад итгэсэн.
-Тэгэхээр тухайн нотариатчин хуурамч бичиг баримтыг хууль ёсных гэж үзсэн гэсэн үг үү?
-Компаниас манай нотариатчин дээр очоод гэрчилгээнийх нь хуулбарыг авчих гэсэн. Гэрчилгээний хуулбарыг ч өгсөн. Нотариатчин гээд настай эмэгтэй байсан. Дараа нь түүнээс компанийг хууль ёсны мөн эсэхийг нь яагаад шалгаагүй юм бэ гэж асуусан чинь “Хууль ёсны гэрчилгээгээ аваад ирэхээр нь би итгэсэн. Гэрчилгээг бүртгэлтэй их хувиас нь хуулбарлан авсан” гэж хэлсэн. Биднийг заавал тэр нотариатчин руу очоорой л гэдэг байсан нь цаанаа учиртай л байж.
-Залилуулсан гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Долдугаар сарын 5-ны өдөр манай нөхөр рүү утасдаж хэлсэн. Цагдаагийн байгууллагынхан Д.Саранг андахгүй бүгд мэддэг юм билээ.
-Яагаад ?
-Цагдаагийн байгууллага дотор хүртэл түүнд луйвардуулсан хүн байдаг гэсэн. Д.Сарангийн хувьд 2003 оноос залилан хийж эхэлсэн. 2012 онд чанга дэглэмтэй шоронд 13 жилийн хорих ял авсан. Тэгээд шоронгоос яаж, ямар аргаар гарсан юм бүү мэд. Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр төрсөн дүү болох Д.Алтантуяа нь батлан даалтаар гаргаж авсан. “Korea Хаппи Трэйвэл” компани түүний нэр дээр байдаг. Гуравдугаар сард шоронгоос гарсан хүн дөрөвдүгээр сард компаниа байгуулсан гэхээр ар тал том байгаагийн тод жишээ биз дээ.
-Ингэхэд дүүтэй нь уулзаж үзэв үү?
-“Москва” хороололд байрлах гэрт нь очиж уулзсан. Эгчийнхээ хаана байгааг мэдэхгүй гэж байсан. Дүү нь бас “Эгчдээ хашаа байшингаа луйвардуулсан. Би ч гэсэн гомдолтой байгаа” гэж байсан. Д.Саран хоёр хүүхэдтэй ч хүүхдээ харж ханддаггүй дүү нь хардаг юм байна. Ерөнхийдөө Д.Сарангийн хоёр хүүхдийн нэр дээр хоёр байр, нэг байшин байсан ч шүүхийн шийдвэрээр өмнөх хохирогчдын хохирлыг барагдуулахаар хураагдсан. Тэгэхээр Д.Саран гэдэг хүний нэр дээр үл хөдлөх, унаа тэрэг юу ч байхгүй. Бүгдийг тооцоолсон юм шиг цэвэрхэн “амьтан”. Бусдыг залилсан мөнгөөрөө дүүдээ Москва хороолол дахь байрыг авч өгсөн байх гэж хардаад байгаа юм.
-Хохирогчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн ?
-Өдөр ирэх тусам хохирогчдын тоо нэмэгдээд байна гэж байцаагч хэлж байна лээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст манай өөр нэг хүн бид нарын өргөдөл гомдлыг нэгтгээд очсон юм .Тэгэхэд байцаагч нь энэ компани дээр Японы виз гаргана гэсний дагуу өргөдөл, гомдол ирсэн гэж хэлсэн гэсэн. Бид нар гэхэд 50 хүн байж байгаад сүүлдээ 54 болж нэмэгдсэн. Хаана хэдэн хохирогч байгааг ёстой хэлж мэдэхгүй юм.
-Одоогоор хэрэг ямар түвшинд явна вэ?
-Бид долдугаар сарын 8-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Хэрэг мөрдөн байцаалтынхаа шатанд л явж байгаа. Өнгөрсөн хугацаанд биднийг дуудаж байцаалт аваагүй. Байцаалтаа өгье гээд очихоор байцаагч нь ‘та нарын өргөдлийг авах зав алга. Дуудсан цагт ирээрэй’ гээд утасны дугаар аваад үлдсэн. Цагдаагийн байгууллагаас Д.Саранг хайж байгаа гэсэн. Цагдаа нар ерөөсөө хөдөлж өгдөггүй. Аль долдугаар сарын эхээр өргөдлөө өгсөн. Сүүлдээ хар төрж байна. Луйвардсан мөнгийг нь хамт завшсан ч юм бил үү? Цагдаагийн хэлтэс дээр бид нараас өөр Д.Саранд залилуулсан олон хүн бий.
-Тэгвэл Д.Саранг шалгаж байгаа юу?
–Байцаагчтайгаа уулзахад түүнийг Монгол Улсын хилээр гараагүй. Монголд байгаа, ямар ч байсан эрэн сурвалжилж байгаа л гэсэн . Түүний хоёр ажилтан болох Б.Сайнзаяа Ц.Гантуяа нарыг дуудаж байцаасан болоод явуулсан гэсэн.
-Ажилтнуудынх нь хувьд холбогдсон анхны хэрэг үү эсвэл давтан уу?
-Б.Сайнзаяа хувьд анхны хэрэг биш. Шоронд орсон иймэрхүү асуудалтай хүмүүст утасны дугаар болон данс нээдэггүй юм байна. “Korea Хаппи Трэйвэл” компанийн нэр дээрх юнитель, мобикомийн дугааруудыг дандаа Ц.Гантуяагийн нэр дээр авсан байдаг. Д.Сарангийн өмнөх залилангийн хэрэг 11 холбогдогчтой. Үүнээс хоёр нь чанга дэглэмтэй хорих ангид ял аваад бусад нь жирийн дэглэмтэй хорих ангид ял авсан бол зарим нь тэнсэнгээр гарсан хүмүүс бас бий. Тэгэхээр тэдгээр хүмүүс дунд Б.Сайнзаяа явж байхыг үгүйсгэхгүй. Д.Саран бол залилангийн хатан хаан. Гэвч хуулийнхан арга хэмжээ авах эсэхэд итгэл алдарч байна.
‘Уг нь хэдэн төгрөг олж амьдралаа дээшлүүлье л гэж бодсон юм’
/Гэрийнхэндээ залилуулсан гэдгээ хэлээгүй учир түүний нэр, зургийг гаргаагүй болно/
-Аяллын олон компани байхад яагаад заавал энэ компанийг сонгосон юм бэ?
-Мэдээж олон газрууд бий. Нийт зургаан сая төгрөгөөр виз гаргаж өгнө гэж байсан. Энэ мөнгөн дүн дотроо ирж, очих тиз багтсан. Бусад газрууд 5-8 сая төгрөгийг урьдчилгаа болгож төлдөг. Өөрсдийнх нь хүн хөтөч хийж явна гэхээр үнэ өртгийн хувьд боломжийн санагдсан. Хоёрдугаарт хүмүүсийн визний материал бүрдүүлэлтийг компанийн ажилчид өөрсдөө хийнэ гэсэн учраас амар санагдаж байсан л даа. Үнэнийг хэлэхэд хүн чинь амар хялбар зүйлийг л сонгох дуртай юм байна шүү дээ.
-БНСУ-руу дан ганц аялах гэж яваагүй л байх?
-Мэдээж аяллынхаа хажуугаар ажил хийж болно гэсэн. Компанийн зүгээс хилээр гаргаж өгнө. Гаргаж өгсний дараа та нар тэндээ харлах эсэх нь хамаагүй гэсэн. Дараа нь луйвардуулснаа мэдээд оффис дээр нь очиход гадаад паспортуудыг бүгдийг нь аваад алга болчихсон байсан.
-Дээрх компанид хүмүүс үнэ өртгийн хувьд боломжийн болохоор нь ханддаг гэлээ. Магадгүй үүнээс өөр шалтгаан бий юу?
–Үнэнийг хэлэхэд өмнө нь харласан хүн болон визинд ороод виз нь гардаггүй хүмүүсийн визийг найдвартай гаргана гэж байсан. Бүр хуурамч бичиг баримт бүрдүүлж хоёр жил эрхээ хасуулсан хүний визийг хүртэл долоон сая төгрөгөөр асуудалгүй гаргана гэж байсан. Миний хувьд Солонгос Улсад зургаан жил ажиллаж байгаад харласан. Би групп аяллаар биш ганцаараа Солонгос улс руу очлоо гэхэд хил дээр миний хууль бусаар ажиллаж байсан мэдээлэл байгаа. Иймээс групп аяллаар явбал аюул багатай байдаг юм. Энэ газар хандсан хүмүүсийн дийлэнх нь өмнө нь Солонгос Улсад хууль бусаар ажиллаж байгаад ирсэн аль эсвэл визинд 2-3 удаа ороод татгалзсан хариу авсан хүмүүс ханддаг. Д.Саран хүмүүсийн эдгээр эмзэг асуудлууд дээр дөрөөлөн тоглолт хийсэн байгаа юм. Тэр монголд байгаа бол өөр газар залилан хийгээд л явж байгаа.
-Яриа эхлэхээс өмнө нь толгой компани гэж ярилаа. Энэ компанийн талаар мэдээлэл өгөөч?
-Практикал даатгалын 14 давхарт 1408 тоотод байрлах Мөнгөн кредит банк бус санхүүгийн байгууллага нь “Korea Хаппи Трэйвэл” компанийн толгой компани. “Korea Хаппи Трэйвэл” компани нь бүртгэсэн хүнийхээ тоогоор нэг хүний 50.000 мянган төгрөгийг толгой компанидаа тушаадаг байсан гэсэн. Бид нар цагдаагийн байгууллагаар хөөцөлдөж эхэлсэн цагаас Мөнгөн кредит санхүүгийн байгууллага ахиж ажиллаагүй. Тэрийг шалгасан ч байгууллага байхгүй. Хуулийн байгууллагыг ажлаа хийгээсэй л гэж хүсч байна. Д.Саран дараагийнхаа залиланг хийгээд явж байхыг ч үгүйсгэхгүй.
–Таны хувьд хэдний нислэгт бүртгүүлсэн байсан юм бэ?
-Би уг нь зургадугаар сарын 15-ны нислэгт бүртгүүлсэн юм. Нийт мөнгөн дүнгийн урьдчилгаа гурван сая төгрөгийг байршуулсан. Дараа нь нотариатаар бичиг баримт цагдаагийн тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, хорооны тодорхойлолтоо баталгаажуулаад аваад ир гэсэн. Компанийн зүгээс зургадугаар сарын 11-ний өдөр Элчин рүү хүмүүсийн бичиг баримтыг явуулах учраас сүүлийн хугацаа гэж хэлсэн. Би ч бичиг баримтаа аваачиж өгсөн. Энэ үед өмнөх зургадугаар сарын тавны нислэг хойшлогдсон байсан. Үүнийг ажилчид нь тайлбарлахдаа элчин солигдоод виз 30 хоногийн дараа гарч байгаа гэсэн. Ингээд зургадугаар сарын 5-ны нислэг долдугаар сарын 5-ны өдөр болоод, зургадугаар сарын 15-ны өдрийн нислэг долдугаар сарын 15 болж хойшилсон. Би дахин зургадугаар сарын 27-ны өдөр очиж уулзаад “Элчин дээр бичиг баримт орсон бол тусгай код өгдөг. Тэр кодоо шалгая гэтэл манай байгууллага хүмүүсийн нэрийг компанийн нэр дээр оруулсан учраас компанийн нэр дээр дөрвөн оронтой тоо ирдэг. Тэр дөрвөн оронтой тоог захирал мэдэж байгаа. Захирлаас асууж хэлж өгье” гэсэн. Би визээ хэзээ гарахыг асуутал долдугаар сарын 15-ны өдөр гарах виз маань долдугаар сарын 25-ны өдөр болж 30-45 хоног болж сунгагдсан байсан. Ингэж явсаар долдугаар сарын 5-ны өдөр хулхидуулсан гэдгээ мэдсэн дээ. www.shuuh.mn сайт руу ороод түүний нэрээр хайлт хийхэд хийсэн хэргүүд нь гараад ирнэ дээ. Ихэнх хүмүүс дандаа банк бусаар зээл авсан. Хашаа байшин, байр, машинаа зарсан хүмүүс ч байна. Бидэн дунд машинаа долоон сая төгрөгөөр зараад урьдчилгаа гурван сая төгрөгөө өгөөд үлдсэн мөнгөө хадгалж байтал аав, ээж хоёр нь хавдартай гэж оношлогдоод урьдчилгаа болгож өгсөн мөнгөө эргүүлж авах талаар асуутал тас гүрийгээд өгөөгүй. Өөр нэг эгч гэр орноо зарж байж урьдчилгаагаа төлсөн. Одоо үр хүүхдээ аваад хаана очих вэ гэсэн хүн явж байна. Гурван сая төгрөг үнэндээ бидний халааснаас гардаг мөнгө биш шүү дээ. Би гэхэд гэрийнхэндээ залилуулсан гэдгээ хэлж чадаагүй учраас өөрийн нэр зургаа авхуулахыг хүссэнгүй. Гэрийнхэндээ визний хариу нь гараагүй байна гэж худлаа хэлж байгаа. Ээж маань хэвтэрт байдаг энэ мэдээг сонсвол байдал хэцүүдэх байх. Уг нь хэдэн төгрөг олж амьдралаа дээшлүүлье л гэж бодсон юм. Даанч ийм юм болчихно гэж ер санасангүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Хууль зүйн яамны сайд Ц.Нямдоржид өргөдөл гаргана. Бид нар ч тодорхой хэмжээний хохирлоо барагдуулмаар байна. Энэ хэргийг учрыг олтол уйгагүй явна.