Г.Занданшатар: Эрдэнэтийн ТУЗ-ыг эрх зүйн чадамжгүй гэж үзсэн

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Эрдэнэтийн ТУЗ-ыг эрх зүйн чадамжгүй гэж үзсэн

Г.Занданшатар: Эрдэнэтийн ТУЗ-ыг эрх зүйн чадамжгүй гэж үзсэн

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ.  Энэ удаагийн дугаарт Засгийн газрын гал тогоогоор сонин юутай байгааг тоймлон хүргэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар товчхон тодруулга авлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудал яригдаж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Эрдэнэтийн 10 хувийг ард иргэдэд эзэмшүүлэх зорилгоор ажлын хэсэг томилсон ч Английн арбитрын шүүхийн шийдвэрээс шалтгаалаад уг үйлдвэрийн ТУЗ эрх зүйн чадамжгүй болчхоод байна.  

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой Английн арбитрын шүүхийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үү?

-Оны эхэнд арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотойгоор холбогдох байгууллагатай нь хэлцэл хийх үүргийг тус үйлдвэрийн ТУЗ-д өгсөн. Харамсалтай нь Английн арбитрын дээд шүүхийн шийдвэр гарч “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ыг эрх зүйн чадамжгүй гэж үзсэн учраас ТУЗ-аас гарч байгаа шийдвэр хүчин төгөлдөр бус болсон. Гэхдээ энэ чиглэлээр холбогдох яам, агентлаг ажиллаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалж, Жаст групп зээл авсан. Гэтэл одоо “Эрдэнэт” үйлдвэрээр энэ өрийг төлүүлэх асуудлыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү?

-Зөвшөөрөх эсэх асуудал одоогоор яригдаагүй байна. Английн арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан. Одоо энэ ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Мөн холбогдох газруудад хийгдэж байгаа шалгалтын дүн энэ асуудлыг хэрхэн шийдэхэд нөлөөлөх байх.

Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаан болж, төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ. Харин бага ангийн багш, цэцэрлэгийн багш, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш, сувилагч нарын цалинг ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар нэмэхээр болсон юм. Ингэснээр төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж