17 цэцэрлэг ашиглалтад орохоос дөрөв нь л нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

17 цэцэрлэг ашиглалтад орохоос дөрөв нь л нээлтээ хийнэ

17 цэцэрлэг ашиглалтад орохоос дөрөв нь л нээлтээ хийнэ

Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын хэмжээнд энэ онд 97 ерөнхий боловсролын сургууль, 147 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах юм. Үүнд нийслэлд барих 17 цэцэрлэгийн барилга, цэцэрлэгийн өргөтгөл, хоёр сургуулийн барилга, хоёр спорт заал багтаж байгаа. Нийслэлд энэ онд баригдах дээрх цэцэрлэг, сургуулийн барилгаас есдүгээр сарын 1-нд дөрвөн цэцэрлэг, нэг сургуулийн барилга ашиглалтад орох аж. Энэ ажил хэдэн хувьтай явааг нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодруулахад “Энэ хичээлийн шинэ жилийн нээлтээр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлд ашиглалтад орох дөрвөн цэцэрлэг, нэг сургуулийн барилгын ажил дууссан. Одоо барилгыг улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна. Харин үлдсэн барилгууд нь энэ жилдээ багтаад ашиглалтад орно” гэлээ.

Есдүгээр сарын 1-нд нийслэлд шинээр нээгдэх сургууль, цэцэрлэгүүд

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг

-Тус цэцэрлэгийн барилгыг 1954 онд барьсан бөгөөд барилгын насжилт дууссан гэх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2013 онд акталснаар цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоод байсан юм.  Харин тус цэцэрлэгийн барилгыг дахин барихаар болж 2017 оны аравдугаар сард шав тавьж байсан билээ. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг нь 240 хүүхдийн багтаамжтай аж.

Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг

-Хүүхдийн ясли нэртэйгээр 1965 онд ашиглалтад орсон уг барилгыг 2012 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар акталжээ. Ингээд шинээр цэцэрлэгийн барилга барих шаардлага тулгарсан бөгөөд нийслэлийн төсвийн хоёр тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр “Жинсийн орой” компани барилгын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарч, 2017 онд барилгын ажлыг эхлүүлэхээр болсон юм. Цэцэрлэгийн шинэ барилга нь 280 хүүхдийн багтаамжтай байх ажээ.

Сонгинохайрхан дүүргийн 259 дүгээр цэцэрлэг

-Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг Сонгинохайрхан шинэ цэцэрлэгтэй болж байна. Сонгинохайрхан дүүргийн 259 дүгээр цэцэрлэг нь 125 хүүхдийн багтаамжтай байх юм байна.  

“Нарны хороолол” дахь сургууль, цэцэрлэгийн цогцолбор

-Баянгол дүүргийн III хороо, “Нарны хороолол” дахь 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн цогцолборыг эцэг, эхчүүдийн хүсэлтээр Засгийн газар худалдан авч, ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн сүүлээр гурван ээлжээр хичээллэдэг сургуульд зочилж, нөхцөл байдалтай танилцах үедээ “2018 онд улсын төсөв болон гаднын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 97 сургуулийн барилга барина. 2019 оны сүүлийн улирал хүртэл гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилахгүй. Гэхдээ бид сургууль баригдаж дуусахыг хүлээгээд зүгээр хараад сууж болохгүй. Үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, гарч болох эрсдэлийг урьдчилан харж шийдэж ажиллах ёстой” гэж байв. Гэтэл нийслэлд энэ онд ашиглалтад орох ёстой 17 цэцэрлэгийн барилга, цэцэрлэгийн өргөтгөл, хоёр сургуулийн барилга, хоёр спорт заалаас ердөө дөрвөн цэцэрлэг, нэг сургуулийн барилга л есдүгээр сарын 1-нд ашиглалтад орж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм.

 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж