"Охиныг минь хулгайлаад хоёр хоног байшинд хонуулсан гэсэн"

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

"Охиныг минь хулгайлаад хоёр хоног байшинд хонуулсан гэсэн"

"Охиныг минь хулгайлаад хоёр хоног байшинд хонуулсан гэсэн"

Таван настай балчир охиныг танихгүй этгээд гэрийнх нь гаднаас хулгайлан хотод авчирчихсан, хөтлөөд явж байна гэж хэний санаанд буух билээ. Одоогоос гурав /2018.08.19/ хоногийн өмнө Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар тус сумын харьяат Б.Энхжин гэх таван настай балчир охин тухайн өдрийн 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ.

Ар гэрийнхэн нь охиныг алга болсныг мэдмэгц тэр даруйд нь цагдаа, онцгой байдлын газарт мэдээлсэн бөгөөд хөршүүдийн яриагаар зүс таних бор царайтай эмэгтэй хөтлөөд явж байсан гэх. Энэ мэдээллийн дагуу цагдаа нар шуурхай ажилласны эцэст алга болсон охиныг нийслэлийн Хан-уул дүүрэгт оршин суух хаягтай 37 настай Б гэгч хулгайлсан болохыг тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас охиныг ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Харин сэжигтний сэтгэцийн хувьд эрүүл бус байх магадлалтай учир цагдаагийн байгууллагаас эмэгтэйн сэтгэцийн эрүүл мэндийг шинжлүүлэхээр болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр охиныг хулгайлсан гэх Б нь “Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр авч өгсөн. Тэгээд хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар луу автобусанд суугаад авч ирсэн. Охин хэлэхдээ “Аав гэртээ унтаж байгаа. Ээж байхгүй” гэж хэлсэн. Түүнтэй зүгээр л хамт баймаар санагдаад дагуулж ирсэн” хэмээн мэдүүлжээ. Уг хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.


Эл асуудлаар бид охины аав Н.Бат-Найрамдалтай цөөн хором ярилцлаа.  

-Охин алга болсон тухайн өдөр юу болсон бэ?

-Миний охин Б.Энхжин 2018 оны наймдугаар сарын 19-ны өдөр хашааныхаа гадаа тоглож байгаад 16.00 цагийн орчимд алга болсон. Охин минь дээрээ гурван ахтай айлын бага охин юм. Тухайн үед хүүхдүүдээ хоолоо идээрэй гээд дуудахад бага охин минь байгаагүй. Бид нар сандралдаад тэр даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, том хүү Б.Бямба-Очирын хамтаар тоглодог газруудаар нь хайсан боловч охины сураг гараагүй. Яах учраа ололгүй гудамжны айлуудаас асууж сураглахад охиныг минь манай энэ хавиар бор царайтай эмэгтэй хүн дагуулаад явж байсан гэх сураг сонссон. Бид нар аль чадлаараа охиноо хайсан ч тэр өдөртөө олоогүй.

-Тухайн өдөр охиныг живсэн байж магадгүй гээд аймгийн онцгой байдлын газарт  хандсан гэсэн?

-Манайх Хараа голтой ойрхон байдаг учраас хүүхдээ усанд унасан байж магадгүй гээд аймгийн онцгой байдлынханд мэдэгдэж энэ хавиар шалгуулсан.  Гэтэл үгүй байсан юм билээ.

-Цагдаагийн байгууллагаас охиныг хулгайлсан этгээдийг баривчилсан талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн. Охинтойгоо ярилцаж үзэв үү, хоёр хоног юу хийсэн  хаана хоносныг нь та асуув уу?

-Манай Дархан-Уул аймгийн цагдаагийнхан охиныг минь хулгайлсан этгээдийг бор царайтай эмэгтэй хүн байж магадгүй гэж сэжиглээд, хаана амьдардаг юу хийдэг болохыг нь судлаад барьж авсан юм билээ. Тухайн үед тэр эмэгтэй миний охиныг хулгайлаад шууд хот руу авч явсан гэсэн сураг гарсан. Охиныхоо ярианаас сонсоход хотод байшинд хоёр хоносон, тэгээд усанд явахдаа намайг тэр эгч түгжээд явсан гээд уйлаад ярьж байна лээ.

-Охиныхоо сургийг дуулаад сэтгэл тань онгойсон байх. Охиныг ар гэрийнхэнд нь хэзээ хүлээлгэн өгсөн бэ?

-Бид нар уржигдар орой охиноо хотод байгааг мэдсэн. Тэгээд маргааш нь /2018.08.21/ Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас өглөөний найман цагт гаргаж аваад эмчид үзүүлээд, шинжилгээ хийлгэсэн. Охиноо олдсон даруйд очиж авах гэтэл цагдаагийнхан “Бид нар хүргэж өгнө та бүхэн тайван бай” гэж хэлээд маргааш нь бидэнд охиныг минь хүлээлгэн өгсөн юм.

-Охины бие болоод сэтгэл санааны байдал ямар байна вэ?

-Охины биеийн байдал хэвийн, ил гарсан шарх сорви байгаагүй. Харин өнөөх эмэгтэйг баривчилсан байна лээ. Түүнийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгах байх. Одоогоор тэр эмэгтэйтэй биечлэн уулзаагүй ч шалгалтын явцад намайг дахин дуудаж мэдүүлэг авна гэсэн. Дашрамд, Дархан-Уул аймгийн цагдаагийн хамт олон, нийт Монгол Улсын цагдаагийн алба хаагчдадаа охиныг минь шуурхай хайсны эцэст олж өгсөнд нь талархсанаа илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж