ҮХЦ: Нөхөн сонгуулийн тогтоол хууль зөрчсөн

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

ҮХЦ: Нөхөн сонгуулийн тогтоол хууль зөрчсөн

ҮХЦ: Нөхөн сонгуулийн тогтоол хууль зөрчсөн

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2018.08.22/ болов. Хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцсэн билээ. Цэц УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж, хүлээж авах эсэхийг шийдэх юм.

Сануулахад, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм. Хуралдаанд гомдол гаргасан иргэд болон УИХ-ын төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцов.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу тухайн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч ажлаа өгсөн байх ёстой гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн нөхөн сонгуульд нэр дэвшигчид 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх шаардлагатай болж байгаа юм. Нэгэнт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаар дээрх шийдвэрийг гаргасан тул нөхөн сонгууль хойшилж, ирэх онд товлогдох магадлалтай боллоо.    

Хэнтийн 42 дугаар тойргоос УИХ-д суусан Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Түүний шүүх хурал Баасан гаригт болно. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ ёсчилсон. Тиймээс түүний оронд болох нөхөн сонгуульд оролцохоор СЕХ-нд 13 нам бүртгүүлээд байсан билээ. 

 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж