УИХ: Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах татварын зохицуулалтыг Засгийн газарт шилжүүлнэ

LiveУИХ: Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах татварын зохицуулалтыг Засгийн газарт шилжүүлнэ

УИХ: Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах татварын зохицуулалтыг Засгийн газарт шилжүүлнэ
17 : 55
2026-4-2

УИХ: Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах татварын зохицуулалтыг Засгийн газарт шилжүүлж авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав. Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, Аи-95 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1176, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200 , Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгов. 

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой гэлээ. 

Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Үүний дараа санал хураахад гишүүдийн олонхи нь төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ. Санал хураалтад нийт 114 гишүүн оролцсоноос 67 нь дэмжив. Иймээс энэхүү УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

16 : 17
2026-4-2

С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж байгаа тухай танилцуулав. 

Парламентад ажилласан байдал, боловсрол, туршлагыг харгалзан үзэж УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн гэдгийг танилцуулгадаа онцлов.

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2008 оноос хойш нэг тойргоос УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа сонгогдсон.

Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг УИХ-ын бүх бүтцийг ахалж, даргалж ажилласан ажлын туршлагатай. Нийт 50 гаруй хуулийн төслийг санаачилж ажилласан. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэшсэн парламентч гэж үзэж нэр дэвшүүлсэн гэв.

Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл уг асуудлаар Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн юм. Завсарлага авах болсон үндэслэлээ бүлгийн дарга О.Цогтгэрэл "Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн тогтвортой ажиллах ёстой УИХ-ын спикерээр гурав дахь хүнийхээ нэрийг хэлэлцэх гэж байна. Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагынхаа хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Төсөлд хэд хэдэн чухал заалт бий. Энэ хүрээнд  бүлэг ярилцах шаардлага байна.

Хоёрдугаарт,  танилцуулга хийгээд шууд санал хураалт гэлээ Энэ нь их учир дутагдалтай. Таван намын 126 гишүүнтэй УИХ-ын даргыг сонгох гэж байж асуулт, хариултгүйгээр явахаар УИХ-ын даргыг сонгохоор хуульчилсан нь процесс дээр олон асуудал байгааг харуулж байгаа. Асууж,  хэлж,  ойлголцож байж сонгох ёстой. Тийм учраас Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага хүсэж байна” гэв.

Харин хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өглөө. 

 

14 : 19
2026-4-2

УИХ: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан юм. 

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан танилцууллаа. Монгол Улсын хүн амын 36.2 хувь буюу 1.3 сая нь хүүхэд бөгөөд энэ хичээлийн жилд 820 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д суралцаж байна. ЕБСд суралцагчдын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан шүдний өвчлөл бол амьсгал, хоол боловсруулах замын өвчлөл өндөр, сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа юм. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 6-18 насны 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5 хувь буюу 33689 нь сургуулийн орчинд өртжээ. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт 55.3 хувь буюу 18620 тохиолдлоор уналт, хоёрдугаарт 18.3 хувь буюу 6149 тохиолдлоор амьгүй механик хүчинд өртөх, гуравдугаарт 14.1 хувь буюу 4735 тохиолдлоор амьтай механик хүчинд өртөх, дөрөвдүгээрт 9.1 хувь буюу 3062 тохиолдлоор хүчирхийлэл орж байна. Харин сургуулийн орчны осол гэмтлийн тэргүүлэх шалтгаануудад зам тээврийн осол, амиа хорлох болон хүчирхийлэл эрэмбэлэгджээ. 

НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2024 онд хийсэн судалгаанд ЕБСийн 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй автозамтай ойр, 76 хувь нь гадна орчинд цахилгааны ил задгай утасны эрсдэлтэй, 73 хувь нь аюулгүй байдал хангасан биеийн тамирын талбайгүй байна. Мөн ЕБС, цэцэрлэгийн барилгад засвар хийсний дараа будаг, бусад материалаас ялгардаг формальдегидийн хэмжээ зохих түвшингээс 2-3 дахин, бензол 3.5 дахин их, хар тугалга 2-5 дахин, хром 2.3 дахин хэтэрсэн байгааг орчны судалгаагаар тогтоосон байна. Эдгээр бодис хорт хавдрын эрсдэл, дархлаа сулрах, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх, астма, бронхит зэрэг амьсгалын замын архаг өвчин ихсэх эрсдэл дагуулж буй юм. Түүнчлэн PM2.5 тоосонцрын хэмжээ байх ёстойгоосоо 8-9 дахин их байгаа нь сурагчид өдөр бүр эрүүл мэндэд хортой орчинд суралцаж байгааг илтгэн харуулж буй үзүүлэлт гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт анхаарал татах түвшинд хүрээд байгаа ч өнөө хэр тодорхой зохицуулалтгүй байна. Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн бие махбодын хүчирхийллээр хязгаарлагдахгүй сэтгэл зүйн дарамт, доромжлол, гадуурхалт, мөн цахим орчин дахь дарамт зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Гэмтсэн, бэртсэн, нас барсныг тоон дүнгээр илэрхийлж болох боловч хүүхдийн сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүрийг тэр бүр илэрүүлж, хэмжиж, арга хэмжээ авч чадахгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан онцоллоо. Иймд ЕБС-ийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих эрх зүйн үндэслэл бий болгох шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ. 

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд дээрх харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн ялгаварлан гадуурхахгүй, тэгш, хүмүүнлэг, нууцлалыг хангаж, суралцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмаар зохицуулах, Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн нэгдсэн бодлого, түүний төлөвлөгөө, тогтмол үзлэг шинжилгээ, эрт илрүүлэлт, яаралтай тусламжийн бэлэн байдал болон бусад арга хэлбэрээр суралцагч, багш, ажилтны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэндийг системтэй хамгаалах, үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаталсан тогтолцоогоор сургуулийн орчны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн чадвар олгох, сэтгэл зүйн болон нөхөн сэргээх дэмжлэг үзүүлэх, орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэхүү хуулийн төслийг хэлэлцээд олонхи нь "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзжээ. 

10 : 40
2026-4-2

УИХ-ын чуулганы хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага хүслээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:30 цагийн орчимд эхэлсэн ч МАН-ын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргахаар хуралдаж байгаа, мөн тус хуралдаан өндөрлөсний дараа залгуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах тул үдээс өмнөх хуралдаанаас завсарлага хүсэж байна гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа мэдэгдлээ.

Иймээс чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэнгүүтээ завсарлуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийн оролцоог хангах нь чухал тул завсарлага хүсэж байна гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга онцолсон юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ удирдаж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. 

 Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-02 103.168.34.131

АН ынхан дараагийн сонгууль хүртэл завсарлага авчихвал энэ хүнд үед дээр ч юм шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж