“Импортолсон хэмжээнээс илүү шатахуун борлуулж байна”

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

“Импортолсон хэмжээнээс илүү шатахуун борлуулж байна”

“Импортолсон хэмжээнээс илүү шатахуун борлуулж байна”

Агаарын бохирдол үүсгэгчдийн нэг нь автомашин. Улаанбаатарын автомашины тоо, төрөл, насжилт болон хэрэглэж буй шатахуунд судалгаа хийжээ. Энэ талаар “Эко Ази” байгаль орчин, менежментийн сургуулийн багш, судлаач Ц.Мөнхбатаас тодрууллаа.  


-Судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?

-НҮБ-ын Байгаль орчны санхүүжилтээр 2017 оноос эхлэн олон улсын байгууллагуудын судалгаа шинжилгээний үндэслэлээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хувийг эзэлж буй автотээврийн хэрэгсэлд судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс дурдахад, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тээврийн хэрэгсэлдээ Евро-5 стандартын бензин, түлш ашиглаж байхад Улаанбаатарт Евро-2 стандартын бензин, түлш ашиглаж байна.  Монгол Улс Евро-5 стандарт руу шилжихийн тулд ямар бодлого баримтлах шаардлагатай вэ гэдэгт тулгуурлан судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр Монгол Улсад 800 гаруй мянган автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 60 орчим хувь нь Улаанбаатар хотод байна. Улаанбаатарт байгаа нийт тээврийн хэрэгслийн 80 гаруй хувь нь хуучин, 10-аас дээш жилийн насжилттай байна. Мөн жилд 50 мянган автомашин хэрэглээнд нэмэгдэж байна. Автомашин нэмэгдэхийн хэрээр бензин, түлшний хэрэглээ нэмэгддэг. Хоёрт, бензин түлшний чанарын тухай асуудал яригдаж байгаа. Монгол Улс шатахууны хэрэглээний 98 хувийг ОХУ-аас импортолж байна. Үлдсэн хувийг БНХАУ-аас авч байна. Чанарын хувьд 2000 ppm хүхрийн агууламжтай буюу Евро-2 стандарттай түлш ашиглаж байна. Газрын тосны импортын 60 хувь нь дизелийн түлш, 40 хувь нь АИ 92-оос дээш төрлийн бензин эзэлж байна.

-Евро-5 стандартыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Шилжилт хийхэд төрийн зүгээс оновчтой бодлого явуулах шаардлагатай.  Засгийн газар өнгөрсөн онд Агаарын бохирдол бууруулах үндэсний хөтөлбөр баталсан. Мөн “Ногоон хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичиг гаргасан. Тиймээс  уг бодлогын баримт бичигтэй уялдуулан 2017 онд Евро-5 стандартыг баталсан. Баталсан стандартаа мөрдөх хэрэгтэй байна. Хоёрт, сайн чанарын бензин импортоор оруулж ирэхийн тулд татварын бодлого явуулснаар хамгийн богино хугацаанд, үр дүнтэйгээр шилжих боломжтой гэж судлаачийн хувьд харж байна.

-Импортоор орж ирж байгаа түлшний чанарыг яаж сайжруулах вэ?

-Газрын тосны импорт хийж буй аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах зорилгоор нефтийн анхан шатны бүтээгдэхүүнийг татваргүйгээр хилээр оруулж ирээд, мөн хольц буюу чанар сайжруулагч хэмээх актон өсгөгч бодисыг нэмэлтээр ашиглаж байгаа нь ажиглагдсан. Яагаад гэхээр, гаалиар орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүн, түүнийг орлох, чанарыг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүний импортын мэдээллийг нэгтгэж харахад, газрын тосны импортын хэмжээнээс  борлуулалтын хэмжээ их байгаа юм. Үүний зөрүүнд хольц бүтээгдэхүүн ашиглаж байна гэж дүгнэж байгаа юм. Бидний хийсэн судалгаа 2005-2016 оныг хамарсан. Судалгаанд холимгийн импорт их байсан бол 2018 оноос эхлэн А80, А92 актонтай бензин татваргүй болсноор ийм төрлийн бүтээгдэхүүний импорт багассан.

-Шатахууны үнийг бодлогоор тогтмол байлгах нь зөв үү, дэлхийн зах зээлийн ханшийг дагах ёстой юу?

-Шатахууны үнийн өсөлт, бууралт дэлхийн зах зээлийг дагадаг. Шатахууныг үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ байнга өсч байдаг. Энэ нь ард иргэдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс төрөөс шатахууны үнийг бодлогоор барьдаг. Хэрэв үнийг бодлогоор барихгүй бол бид дэлхийн зах зээлээс шалтгаалан одоо байгаа үнээс хямд, заримдаа өндөр үнээр шатахуун авах шаардлага тулгарна. Харин хэчнээн хугацаанд бага үнэтэй байх нь тодорхойгүй тул энэ нь нэлээд төвөгтэй асуудал.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж