Манай бөхчүүд Азийн “олимп”-оос хос алттай, нийт зургаан медальтай ирнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Манай бөхчүүд Азийн “олимп”-оос хос алттай, нийт зургаан медальтай ирнэ

Манай бөхчүүд Азийн “олимп”-оос хос алттай, нийт зургаан медальтай ирнэ

Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-21-нд Индонезийн нийслэл Жакартагийн “Jakarta Convention Center Assembly Hall” ордонд боллоо. Чөлөөт бөхийн тэмцээнд “Шар тив”-ийн 29 орны 174 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жингийн ангиллаар өрсөлдөв. Манай бөхчүүд бүтэн багаараа Жакартагийн дэвжээнд зодоглосноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа Индонезид эгшиглүүлсэн. Тэд чөлөөт бөхийнхөнөөс Азийн наадамд түрүүлсэн 11, 12 дахь тамирчин болсон юм.

Чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болсон. Тэднээс өмнө 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар аваргалж байв.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 68 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.

Эрэгтэйчүүдээс бөхийн орон Ираны баг гурван алт (Яздани, Карими, Хади), нэг хүрэл медаль хүртсэн бол манай улсаас гадна Узбекистан (Абдурахманов), Энэтхэг (Бажранг) нэг аварга “төрүүлсэн”. Харин эмэгтэйчүүдээс БНХАУ, БНАСАУ хоёр, Монгол, Энэтхэг нэг алтан медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд ноёрхдог Японы бүсгүйчүүд түүхэндээ байгаагүй тааруухан оролцож ганц ч аваргагүй (хоёр мөнгө+гурван хүрэл) нутаг буцаж байна.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг (19 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Кан Кум Сон (БНАСАУ) 3. Юки Такахаши (Япон), Реза Атри (Иран)
65 кг (21): 1. Бажранг Пунья (Энэтхэг) 2. Даичи Такатани (Япон) 3. Сирожиддин Хасанов (Узбекистан), Саятбек Окассов (Казахстан) ...5. Батчулууны Батмагнай (Монгол)
74 кг (21): 1. Бекзод Абдурахмонов (Узбекистан) 2. Данияр Кайсанов (Казахстан) 3. Гон Бюн Мин (БНСУ), Юки Фүжинами (Япон) …11. Ганзоригийн Мандахнаран (Монгол)
86 кг (19): 1. Хасан Яздани (Иран) 2. Доминик Абу Надер (Ливан) 3. Оргодолын Үйтүмэн (Монгол), Адилет Довлумбаев (Казахстан)
97 кг (13): Алиреза Карими (Иран) 2. Магомед Мусаев (Кыргызстан) 3. Магомед Ибрагимов (Узбекистан), Ким Жи Ган (БНСУ) …7. Өлзийсайханы Батзул (Монгол)
125 кг (13): 1. Парвиз Хади (Иран) 2. Дэн Живей (БНХАУ) 3. Давид Модзманашвили (Узбекистан), Кун Жин Нам (БНСУ) …7. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол)

Эмэгтэйчүүдийн 50 кг (11): 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Юки Ириэ (Япон) 3. Ким Сон Хиан (БНАСАУ), Ким Хьюн Жо (БНСУ) …7. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Монгол)
53 кг (13): 1. Пак Йон Ми (БНАСАУ) 2. Жюлдыз Эшимова (Казахстан) 3. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол), Харүна Окүно (Япон)
57 кг (12): 1. Жон Мьон Сук (БНАСАУ) 2. Пей Шинру (БНХАУ) 3. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол), Кацүки Сакагами (Япон)
62 кг (11): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 3. Рисако Кавай (Япон), Жон Сим Рим (БНАСАУ)
68 кг (12): 1. Зоу Фенг (БНХАУ) 2. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 3. Дивья Какран (Энэтхэг), Мээрим Жуманазарова (Кыргызстан)
76 кг (9): 1. Зоу Киан (БНХАУ) 2. Хироэ Минагава (Япон) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Айпери Медет-Кызы (Кыргызстан) …5. Очирбатын Насанбурмаа (Монгол)

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж