Г.Занданшатар: Архи илэрсэн ч хариуцлага тооцох эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Архи илэрсэн ч хариуцлага тооцох эрх байхгүй

Г.Занданшатар: Архи илэрсэн ч хариуцлага тооцох эрх байхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар төрийн байгууллагыг сахилга хариуцлагатай байлгах зорилгоор хийсэн шалгалтын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.

Шалгалтыг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ, Төрийн тусгай хамгаалалтын газарт хийжээ. Ингэхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 ширхэг шатамхай /салют, бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Шалгалтаар илэрсэн бензинийг шинжилгээнд өгөх зорилгоор Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хадгалж байсан бол салют нь Соёл урлагийн газраас илэрчээ. Уг шалгалтыг хүний эрхэнд халдсан, прокурорын зөвшөөрөлгүй үзлэг шалгалт хийсэн гэх мэт шүүмжлэл гарсан байна.  

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын хэлж байгаагаар төрийн байгууллага архи, согтууруулах ундаа хадгалсан тохиолдолд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүй учраас энэ удаад сануулаад өнгөрлөө. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх үед төрийн байгууллагаас архи, согтууруулах ундаа илэрвэл тухайн ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт үйлчилж эхэлнэ гэсэн юм. Мөн түр орлон гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулалтад оруулж, цэгцлэх үүргийг Засгийн газрын хуралдаанаар шийджээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтан албан өрөөндөө архидаж байхтай шалгалтын комисс таарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Шалгалтын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол илрээгүй. Хэрэв ийм тохиолдол илэрсэн бол шууд хариуцлага тооцох үүрэгтэй ажилласан. Цаашид ийм төрлийн шалгалт тогтмол явагдана.

-Төрийн албанд ажиллаж байгаа зарим хүмүүс төрийн жинхэнэ албан хаагч биш, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тохиолдол бий. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ вэ?

-Түр орлон гүйцэтгэгч яам тус бүр дээр 2-23, үүрэг гүйцэтгэгч 1-12 тохиолдол байгааг тогтоосон. Иймд есдүгээр сарын 20-ны дотор сонгон шалгаруулалт зарлахыг Төрийн албаны зөвлөлд даалгасан. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход дээрх тоо нь дийлэнх олонх гэсэн үг биш. Зарим яамны тухайд шүүхийн шийдвэрээс шалтгаалаад түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулахаас өөр аргагүй байдал үүсч. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч учраас түүний томилсон албан тушаалтан нь үүрэг гүйцэтгэгчээр байж байгаа. Тус яамны асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэнэ. Бусад газрууд дээр ч ажиллаж байгаа үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч нарыг төрийн жинхэнэ албан хаагч болгох, сонгон шалгаруулалтад хамруулах ажлуудыг хийнэ.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж