Дисковер Монголиа ба Зуудаг нохдоо гинжил!

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Дисковер Монголиа ба Зуудаг нохдоо гинжил!

Дисковер Монголиа ба Зуудаг нохдоо гинжил!

Уул уурхай салбарынханд зар түгжээ. Улаанбаатар хотноо ирэх сарын 6-7нд “Дисковер Монголиа” болох гэнэ. Жил бүр, тасралтгүй 16 дахь намраа зохион байгуулагдаж буй чуулганы гол зорилго нь хөрөнгө оруулагчдыг урин дуудахад чиглэгддэг. Энэхүү чуулга уулзалтын үр дүнд Монгол газрын доорх баялаг олон улсын сонирхлыг татах болсон.

Гэвч харамсалтай нь, төсвийн дийлэнхийг нь уул уурхайн салбар бүрдүүлдэг ч монголчуудын тархин доторх энэ салбарын ойлголт нойл хэвээр. Газрын доорх баялгаа зарахгүйгээр малаа маллаад сайхан амьдарна гэж ярьдаг нөхдүүд эсрэгээрээ энэ салбарт ажиллаж өндөр цалин авах сонирхолтой. Ийм атлаа уул уурхайг үзэн яддаг, гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж ичээдэг, дарамталж шаналгадаг манай эх орончид бол зуудаг ноход л гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бид гадаадын хөрөнгө оруулалтыг дуудаж, уул уурхайн салбарт мөнгө, ноу-хау оруулж ирье гэвэл хөрөнгө оруулагчдын өөдөөс дайрдаг зуудаг нохдоо гинжлэхээс өөр аргагүй.

Монгол Улсын экспортын 78 орчим хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр 4.9 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь 2016 оныхоос 41.6 хувиар илүү гэсэн үг. Чулуун нүүрсний экспорт 33 сая тонн буюу 2.3 тэрбум ам.долларт хүрч 2016 оныхоос 1.34 тэрбум ам.доллар, 7.3 сая тонноор өссөн гэсэн статистик бий. 2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37.8 ам.доллар байсан бол 2017 оны мөн үед 68.4 ам.долларт хүрч өссөн. Чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ руу гаргасан. Цаашид эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал Г.Ганболд ярьжээ.

           Эх орончид уу эсвэл шантаажчид уу?

Археологич Д.Эрдэнэбаатар саяхан Ноён уулаа нинжа нараас хамгаалахыг засаг төрөөс гуйжээ. Нэг, хоёр жилийн өмнө тэрбээр Ноён уулаа гадаадын хөрөнгө оруулагчдаас тэмцэх хөдөлгөөний нэг гишүүн байв. УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төслийг баталсан ч харамсалтай нь, хөрөнгө оруулагчийн эсрэг манай алдарт эх орончид, иргэний хөдөлгөөнийхөн, босоо хөх монголчууд тэмцэл өрнүүлээд  удаж буй.

Энэ бол зөвхөн нэг жишээ. Уул уурхайн хөрөнгө оруулагчид, компани руу зорилтот дайралт хийдэг эх орончид Д.Жагараас эхлээд тоологдоно. Бүр уул уурайн кемп дээр нь төдийгүй ажлын оффис дээр нь дайрч ороод хуурай агсам тавьдаг болсон.

Өнгөрсөн зун юм даг. Босоо хөх монгол нэртэй хэдэн нөхөд шатахууныхаа үнийг хандиваар нэхэж, уул уурхайн компаниудаар орно лайв хийнэ гэдгээ цацсан. Уг нь хууль эрх зүйт төрд энэ мэт эх орончийн нэрээр шантааж хийдэг нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой билээ.

                  Хууль эрх зүйн таатай орчин амлах хэрэгтэй

Мэдээж, Монголд хөрөнгө оруулагчдын зүг чиг Оюутолгой болсон. Оюутолгойн гэрээ хөдөлснөөр Монголын уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх шалтгаан болсон юм. Харин манай хууль эрх зүйн тогтворгүй байдал, хүнд суртал, иргэдийн хандлага эсрэгээрээ гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа үргээсээр л. Товчхондоо, уул уурхайн хууль эрх зүйн орчин хийгээд дурын босоо хөх монгол хөрөнгө оруулагчдад хуурай агсам тавьдаг байдлыг хумих асуудлыг энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд хэлэлцэх нэг сэдэв байгаасай гэсэн хүлээлт бий. Энэ асуудлыг энэ удаагийн Дискрвер Монголиа-гаар хэлэлцэхээр товложээ. Жишээлбэл, “Хүлээгдэж буй шинэчлэлүүд’, ‘Хайгуулаас ашиглалт хүртэл зөвшөөрөл олгох үйл явц’, ‘Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг тавихаар жагсаажээ.

Тавантолгой ба сурталчилгаа

Тавантолгой бол шинэ орд биш. Сэдэв нь шинэ биш. Харин УИХ-аас Засгийн газарт Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн шийдвэрийг өгсөн нь хөрөнгө оруулагчдын хувьд шинэ мэдээ. Тиймээс Тавантолгойн төсөл хөдөлнө гэсэн мессеж энэ удаагийн хөрөнгө оруулагчдыг даллах итгэл найдвар болж чадах болов уу. Ялангуяа Засгийн газар Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах мэдээ хөрөнгө оруулагчдад сайн мэдээ болж сонсогдох нь лав. Тэр тусмаа 30 хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаа, эндээс оруулсан хөрөнгөөр төмөр зам барихаа хөрөнгө оруулагчдад рекламдаж чадвал Тавантолгойн хувьцааны ханшид ч эергээр нөлөөлнө. Долоон тэрбумын нөөцтэй, дээр нь Хятад гэх нүүрсний мангасын хажууханд оршдог орд гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

          ‘Зах зээлийн чиг хандлага: Зэс, нүүрс болон төмөр ‘

Энэ сэдвээр Европын сэргээх босголт, хөгжлийн банкны төлөөлөгч илтгэл тавих юм байна. Энэ илтгэлд Монголын хөрөнгө оруулагчид, компаниуд, Засгийн газар, холбогдох агентлагийнхан суувал илүү үр дүнтэй байх болов уу. Учир нь Монгол Улсын экспортын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг зэс, нүүрс, төмөр эзэлдэг. Тиймээс дэлхийн зах зээлд ямар тоглолт хийж болох вэ, цаашдаа эдгээр ашигт малтмалын үнэ өсөх уу, буурах уу гэх шинэ мэдээллийг авахын зэрэгцээ бодлогоо тодорхойлж, санаа авахад дэмтэй юм. ‘Дэлхийн түвшний зэсийн нөөц, байршил болон зорилтууд’-ийн тухай ярих “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спрингийн илтгэлийн сонсоод үзэхэд ч гэмгүй биз.

Мөн сүүлийн үед хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болсон ‘Хармагтай төслийн тухай’ Занаду Майнс компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт мэдээлнэ гээд энэ удаагийн уул уурхайн чуулга уулзалтаас шинэ мэдээ, шинэ төсөл сонсохын сацуу хуучин зовлонгийнхоо шийдлийг ярилцахаар төлөвлөжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж