Хуванцар бол Ираны дайны далд өртөг

Хуванцар бол Ираны дайны далд өртөг

Хуванцар бол Ираны дайны далд өртөг

Ираны дайнаас улбаалаад төрөл бүрийн хуванцар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай байгааг шинжээчид анхааруулж байна. Хуванцрыг газрын тосноос гаргаж авдаг. Гэтэл хоёрдугаар сарын сүүл үеэс хойш газрын тосны үнэ 40 гаруй хувиар өсөөд байна. Үүний үр дүнд нэг удаагийн хоолны хэрэгсэл, хогны уут, хуванцар савтай ундаа зэргийн үнэ ч ойрын долоо хоногуудад өсөх бололтой.

Гэхдээ хуванцрыг эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл олон шат дамжлага дамждаг учир тухайн бүтээгдэхүүний үнийн өсөлт яг аль шат дамжлагатай нь хамааралтай вэ гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Хэрэглэгчид дэлгүүрийн лангуун дээрх үнийн өсөлтийг хараад толгой сэгсэрнэ. Гэсэн ч энэ өсөлт нь инфляциас болсон уу, түрээсийн өндөр үнээс болсон уу гэдгийг мэдэхгүй.

Компаниуд сав баглаа боодолдоо одоо байгаа нөөцөө эхний ээлжинд ашиглах учир үнийн өсөлт 2-4 сарын дараачаас ажиглагдаж эхэлж магадгүй юм. Харин автомашин үйлдвэрлэл гэх зэрэг салбарт түүхий эдийн үнэ ихэвчлэн урьдчилан тогтсон гэрээгээр шийдэгдсэн байдаг тул үнийн өсөлт шууд мэдрэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн өсөлт нэг жилийн дотор аажмаар бүтээгдэхүүний үнэд шингэнэ.

Дэлхий даяар хэрэглэж буй нийт хуванцрын 99 хувийг чулуужсан түлшнээс гаргаж авдаг. Тэгэхээр эрчим хүчний үнэ өснө гэдэг нь зөвхөн үйлдвэрлэлийн зардлаар тогтохгүй түүхий эдийн үнэд ч нөлөөлнө гэсэн үг.

Тухайлбал, полиэтилен болон полипропилен нь дэлхийд хамгийн өргөнөөр ашиглаж буй хоёр төрлийн хуванцар түүхий эд юм. Гэтэл Ойрхи Дорнод дангаараа дэлхийн нийт полиэтилен, полипропиленийн экспортын дөрөвний нэг орчим хувийг эзэлдэг. Тэр дундаа экспортын дийлэнх хувийг усан замаар гаргадаг.

"Resintel" платформын захирал Майкл Гринберг 25 жил хуванцрын салбарт ажиллахдаа хуванцар резины үнэ ингэтлээ өсч байхыг хараагүй гэдгээ хэлж байна. Дайн маргааш дууслаа ч хуванцрын нийлүүлэлтийн сүлжээг хэвийн болгоход цаг хугацаа шаардагдана гэдгийг мөн анхааруулж байна. Учир нь газрын тосны өндөр үнэ 3-4 сарын турш үргэлжилбэл хэрэглэгчид дахин 1-2 жилийн турш эцсийн бүтээгдэхүүнд өндөр үнэ төлөх болох ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж