Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас өнөөдөр /2018.08.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэх үер замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Мөн автобусны карт цэнэглэлтийн цэг ажиллахгүй, нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Бас орой 21.30 цаг гээд автобус зогсдог гэсэн иргэдийн гомдол их ирдэг байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тоог нэмж шугаманд явах цагийг нь 23.00 цаг хүртлээ сунгасан талаараа хэллээ.
Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автобусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдлын шалгалтыг энэ сарыг дуустал хийхээр болжээ. Шалгалтыг хоёр үе шаттай авто тээврийн улсын байцаагчид хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт гэхэд хариу гарах юм байна. Хэрвээ автобусны дотор тал заваан бохир, суудлын бүрээс урагдсан заваан байх зэрэг зөрчил дутагдал илрэх юм бол хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцох ажээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 карт борлуулах, цэнэглэх цэг ажиллаж байна
Улаанбаатар смарт карт компанийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал “Манай компани нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн систем, карт цэнэглэх цэгүүдийг хариуцаж ажилладаг. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 538 карт борлуулах гэрээт цэг ажилладаг. Эдгээр цэгүүд автобусны буудлын ойролцоо байрлалтай дэлгүүр, түцэнд байрладаг. Мөн сүүлийн үед 24 цагийн үйл ажиллагаатай Circle дэлгүүртэй хамтран ажиллаж иргэдэд карт цэнэглэх боломжийг олгож байна.
Автобусны энгийн картаас гадна нэмэлт дөрвөн төрлийн картаар төлбөрөө төлөх боломжтой. Тун удахгүй банкны картаар автобусны төлбөрөө төлдөг болно. Одоогоор Хаан банк энэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэхдээ өөрийнхөө дансанд мөнгө байршуулаад банкны салбараар картаа цэнэглүүлэх боломж бүрдсэн. Нийтийн тээврийн ачааллын үе эхэлж байгаа тул картаа урьдчилан цэнэглэхийг зөвлөж байна. Мөн бэлэн мөнгөөр зорчсон бол хуулийн дагуу 10 хүртэлх мянган төгрөгөөр торгох эрх зүйн үндэс бий” гэж мэдээллээ.
Э.Ариун