Банкуудыг “дүүжлэх” нэг сарын тэнсэн

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Банкуудыг “дүүжлэх” нэг сарын тэнсэн

Банкуудыг “дүүжлэх” нэг сарын тэнсэн

АНУ-ын корреспондент банкууд Монголын арилжааны банкуудыг ам.долларын гүйлгээг хааж эхэлсэн талаар хэдийнэ мэдээлж, уг мэдээллийг баттай эх сурвалжаас лавлахад үгүйсгэхгүй байна. Энэ бол хамгийн муу дохио. Хэдийгээр “хар” биш “саарал” жагсаалт хэмээж буй ч ам.долларын гүйлгээ хаахаас муу дохио гэвэл юу байх билээ.

“Саарал жагсаалт”-ыг “цайруулах” үүргийг Монголбанк дангаараа хүлээдэггүй. Учир нь хууль тогтоомжийг сайжруулах, санаачлах, боловсруулах, батлах үүрэг Засгийн газар, УИХ-д бий.

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гишүүн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтай, тогтмол үнэлж, хянадаг. Тус байгууллагын Ази Номхон далайнбүсийн байгууллага болох (APG)-аас өнгөрсөн оны долдугаар сард Шри Ланка улсын Коломбо хотод болсон  жилийн чуулганаас гаргасан Харилцан үнэлгээний тайландаа 2018 оны аравдугаар сар хүртэл ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчноо яаралтай өөрчлөх “эрчимтэй хяналт” буюу саарал жагсаалтад багтаасан. 

Үүнээс урьтаж Монголын талаас гүйцэтгэх гол ажил нь санхүүгийн гэмт хэргээс эдийн засгаа хамгаалах, эрчимтэй хяналтаас үүдэж болзошгүй сөрөг үр дагавараас зайлсхийх, корреспондент банкуудтай харилцах харилцааг алдахгүй тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаар үүрэг хүлээсэн. Энэ үүргээ зохих түвшинд биелүүлэхгүй бол“саарал жагсаалт”-д орно.

“Саарал” жагсаалтын “хар” аюул

Саарал жагсаалтад орсноор санхүүгийн системд ноцтой эрсдэл учирч банкны гадаад гүйлгээ зогсох эрсдэлтэй. Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Тус зөвлөл нь хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Засгийн газрын хэлэлцэж батлахаар сайшаасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 2018-2020 онуудад хэрэгжих дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгө угаахтай тэмцэх асуудлыг тусгалаа. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон эдгээрийг үйлдэж буй гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн тогтолцоо бий болгох, хөгжүүлэх замаар санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хадгалснаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Ингэснээр Ази Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын зөвлөмжийн дагуу дараах хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага тавигдсан. Үүнд Зөрчлийн тухай хуульд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг авах хориг арга хэмжээ, Исламын улс, Аль-Каидагийн эсрэг авах хориг арга хэмжээний хүрээнд хөрөнгө битүүмжлэх үүргийг хэрэгжүүлэх,санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн төслийг боловсруулах тухай тусгаж 2018 оны есдүгээр сар гэхэд хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулалт хийх хэрэгтэй болсон. Мөн зах зээлд ажиллахад тавих шаардлага, шалгуурыг зохицуулсан шинэ журмуудыг боловсруулж хэрэгжүүлэх цаг хугацаа нарийвчлан заасан төлөвлөгөөний дагуу ажиллахаар үүрэг хүлээсэн юм.

“Саарал” жагсаалтаас гарахын тулд юу хийв?

Одоогоор Монголбанкны зүгээс ФАТФ-ын шинэчилсэн 40 зөвлөмжтэй хуулийн үг, үсгийн нийцлийг сайжруулсан, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлсэн, эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх нөхцөл бүрдүүлсэн гэх зэргээр чадах бүхнээ хийж байна. Мөн нэг шинэ зохицуулалт хийсэн нь НҮБ-ын Аюлгүйн Зөвлөлөөс гаргадаг хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилттэй уялдаатай эрх зүйн зохицуулалтыг сайжруулсан аж.  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой олон улсын түвшинд түгээмэл мөрдөх шаардлагатай үндсэн зарчмууд, шалгуур үзүүлэлтийг ФАТФ байгууллага тогтоож, хэрэгжилтэд нь Ази, Номхон далайн бүсийн байгууллага (АНДББ) тогтмол хяналт тавьдаг. Эдгээр шаардлагыг аливаа байдлаар хангаагүй улс орнуудад МУТС үйл ажиллагаа идэвхтэй оршин байх эрсдэлтэй гэж үзэн, ялангуяа хэд хэдэн зарчмыг ноцтой байдлаар зөрчсөн тохиолдолд тухайн улсыг зөрчлийн түвшингээс шалтгаалж “хар” эсвэл “саарал” жагсаалтад оруулдаг.  Монгол Улсаас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор 2013-2016 оны хооронд авч хэрэжүүлсэн бодлого, арга хэмжээ, үйл ажиллагаанд Ази, Номхон далайн бүсийн байгууллагын зүгээс ээлжит үнэлгээ хийсэн. Үнэлгээний үр дүнд илэрсэн дутагдлуудыг заасан хугацаанд багтааж арилгах, ажлын тайлангаа хүргүүлэх үүрэгтэй.  Тайланг хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдаанаараа “саарал” жагсаалтаас гаргах эсэх шийдвэрийг эцэслэж гаргана. Тэгэхээр дээрх  үнэлгээгээр гарсан дутагдлыг арилгаж, шаардлагыг биелүүлсэн тохиолдолд “саарал” жагсаалтаас гарах боломжтой аж.

Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор Ази, Номхон далайн бүсийн байгууллагын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, холбогдох төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангаад, одоогийн байдлаар 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ ажлын төлөвлөгөөний биелэлтийн тайланг Санхүүгийн мэдээллийн албанаас ирэх арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Харин одоо учраад байгаа гүйлгээ хаах “аюул”  төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хоёрын уралдаанд хэн нь түрүүлэх бол гэдэг хамгийн эрсдэлтэй асуудал болоод байна.  

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль цаашилбал, Гааль, Шуудан, Бүртгэлийн гэхчлэн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч энэ сэдэв зөвхөн банкаар тогтохгүй санхүүгийн бусад төрлийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах гээд олон салбарын огтлолцол дээр байдаг онцлогтой.

Банкны гүйлгээг хаасан гэх асуудал УИХ, Засгийн газарт “түгшүүр зарлах” уу

Хэдийгээр өнөөдөр банкуудын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой зохицулалтууд олон улсын стандарт, шаардлагатай хамгийн өндөр нийцтэй, хэрэгжилт сайтай, дээрээс нь Харилцан үнэлгээний тайланд бусад салбарын үнэлгээтэй харьцуулахад илүү байгаа ч бусад салбар дахь зохицуулалт, тавигдах шаардлага дутуугаас урган гарах үр дагавар нь банкуудад хамгийн түрүүнд мэдрэгдэж улмаар бодит эдийн засагт таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгааг Монголбанкны эх сурвалж өгүүлсэн байна билээ.

Асар богино хугацаанд 40 зөвлөмжийг гүйцэтгэх үүргийг Монголбанк, Засгийн газар, УИХ бүхэлдээ хүлээсэн. “Саарал жагсаалт”-ын асуудал хурцдаж сүйрэл рүү хөтлөх аваас хамтдаа хариуцлага хүлээх ёстой. Ямартай ч “Монголын банкууд ам.долларын хийх боломжгүй боллоо”, “Гүйлгээг шуурхай гүйцэтгэх  боломжгүй болсон тул Нью-Йоркийн хоёр ч том банк корреспондент дансаа хаалаа” гэсэн мэдээлэл найр, наадмаа дуусгаж, УИХ, Засгийн газар ажилдаа шамдаж эдийн засгаа аврах, шаардлагатай бол түгшүүр зарлах болсныг сануулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж