СЕХ сонгох, сонгогдох эрхэнд халдсан, үгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

СЕХ сонгох, сонгогдох эрхэнд халдсан, үгүй

СЕХ сонгох, сонгогдох эрхэнд халдсан, үгүй

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд улс төрийн 14 нам оролцох хүсэлт хүргүүлсэн ч ИЗНН-ыг бичиг баримтын зөрчилтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ үзээд, хассан билээ. СЕХ-ны энэ шийдвэрийг ИЗНН-ынхан эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа юм. Харин СЕХ хуулийн дагуу шийдвэрлэсэн гэдэг тайлбарыг өгсөн юм. Ингээд VS буландаа ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатар нарын байр суурийг хүргэж байна.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг

 

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатар

Манай намыг 2016 оны УИХ-ынхаа сонгуулийн зарлагын тайланг хугацаандаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын тайлангаа аудитаар баталгаажуулаад хуулийн хугацаанд нь өгсөн байдаг. Намын хувьд орлого, зарлага ч гараагүй. Нэг ёсондоо хоосон данс гэсэн үг. Тайлан гаргах ямар ч шаардлагагүй. Гэхдээ ямар нэгэн зарлага байхгүй гэдэг мэдэгдлийг уг нь СЕХ-д өгчих ёстой байтал тухайн үед манай намын генсекээр ажиллаж байсан хүн хугацаанд нь өгөөгүй юм билээ. Бид үүний дагуу тухайн хүнд нам дотроо хариуцлага тооцсон. Ердөө намынхаа зарлагын тайланг өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо манай намын хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр юм л даа. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг улстөрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Сонгуулийн ерөнхий хороонд томилогдсон удирдлагууд нь хоёр намын гар хөл болж, тэднийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг ийм л байгууллага болж хувирсан. Уг нь бол СЕХ-ны үүрэг нь сонгуулийг будилаангүй, шударга явуулах үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Гэтэл төрийн үйлчилгээний байгууллага нь өөрөө өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, улстөрийн намын эрх чөлөөнд халддаг байгууллага болчихсон байна. 2016 оны сонгуулиар СЕХ манай намыг мөн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Шалтгаан нь улстөрийн агуулгатай. Энэ удаад дахин үүнийгээ давтлаа. 

 

 

Сонгуулийн тухай хуульд зааснаар нам эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, СЕХ-нд хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл УИХ-ын 2016 оны сонгуульд ИЗНН нь сонгуулийн зардлын тайлангаа СЕХ-нд дурдсан хугацаанд ирүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тиймээс хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам эвсэл нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин 

 

Бэлтгэсэн: Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж