Төрийн яамдаас 115 ширхэг согтууруулах ундаа илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Төрийн яамдаас 115 ширхэг согтууруулах ундаа илрүүлжээ

Төрийн яамдаас 115 ширхэг согтууруулах ундаа илрүүлжээ

Зам тээврийн хөгжлийн яаман дээр архидан согтуурснаас хүн амины ноцтой хэрэг өнгөрөгч долдугаар сард гарсан. Ажлын байран дээрээ архидан согтуурсан газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн энэ хэрэг төрийн дарга нарын үнэн төрхийг харуулсан гэж хэлж болно. Олны дунд ам дамжсан “төрийн албаныхан ажлын байран дээрээ архиддаг, дарга нарын сейфэнд архи өрөөстэй байдаг” гэх ам дамжсан яриа өмнө ч байсан. УИХ-ын гишүүд нь төрийн ордонд архи ууж, нэгнийхээ эвгүй бичлэгийг ч олон нийтэд цацсан хэрэг өнгөрсөн парламентын үед гарч байв. Чухам энэ мэт ажлын байран дээрээ архиддаг, ажлын өрөөндөө архи хадгалдаг хандлагаа өөрчлөөгүй, ухамсарлаагүйгээс нэг яамны газрын дарга амиа алдсан гэхэд буруудахгүй биз.

Хэрэг гарснаас хойш Ерөнхий сайд үүрэг болгож, төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл өгснөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулж, бүх яамдад шалгалт хийжээ. Шалгалтыг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хийжээ. Түүний үр дүнд Төрийн тусгай хамгаалалттай 18 газар буюу төрийн байгууллагуудаас 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлжээ. Энэ бол нэг удаагийн гэнэтийн шалгалтаар хийсэн зөрчлүүд. Энэхүү шалгалтын үеэр нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга албан өрөөндөө архидан согтуурч байгаад баригдсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан ч албаныхан үүнийг үгүйсгэж байгаа юм. Шалгалтын дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хэрхэн шийдвэр гаргах, хариуцлага тооцохыг Засгийн газраас мэдээлнэ гэсэн.

Нэгэнт төрийн байгууллага дээр хүн амины хэрэг гарсан, дурын дарга, албан хаагчийн өрөөнд архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрсэн учраас хариуцлага тооцох нь ойлгомжтой. Харин энэ шалгалтыг нэг удаад хийгээд өнгөрөх бус цаашид ч сар бүр хийхээ Засгийн газар мэдэгдээд буй.  Мөн Төрийн ордонд, УИХ-ын гишүүдийн өрөөнд архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн оруулахгүй байх, хамгаалалтын камеруудыг нэмэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авах гэнэ. Мэдээж нэг удаа шалгааж, хариуцлага тооцоод өнгөрөх нь төрийн албаны бугшсан сурталд нөлөөлнө гэдэг юу л бол. Харин сар бүр, давтамжтай шалгалтуудыг хийж, тухай бүрт нь хариуцлага тооцож байж энэ асуудал цэгцрэх болов уу. Төрийн албанд сахилга, хариуцлагыг чангатгана гэж гарч ирсэн У.Хүрэлсүхийн үг уриа лоозон эхнээсээ ажил хэрэг болж, гэнэтийн шалгалтаар төрийн албаныхныг бүдрүүлэв. Цаашид ажил хэрэг болох уу, нэг л удаагийнх байх уу гэдгийг харж л байя.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж