Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 10 хоног үлджээ. Гэсэн хэдий ч хот хөл хөдөлгөөнд дарагдаж, зунжин нам гүмхэн байсан үзвэр үйлчилгээ, дэлгүүр хоршоод хөл хөдөлгөөнд дарагджээ. Орон нутгийн оюутнууд ирж, хүмүүсийн амралт зугаалгын цаг хумигдахтай зэрэгцээд Улаанбаатарын ачаалал нэмэгддэг ч үүнийг дагаад мөнгөний эргэлт сайжирдаг. Ингээд их хотын амьдрал эрчимжиж, эдийн засгийн эргэлт хэрхэн сайжирсан талаарх сурвалжлагаа хүргэе.
Зуны гурван сар уулзаагүй найзтайгаа хичээл эхлэхээс өмнө уулзаж, тохилог нам гүм орчинд тухлан суугаад амралтын сонин сайхнаа хуваалцахыг хүссэн залуус үйлчилгээний газруудаар дүүрчээ. Тиймээс Монгол Улсын их сургууль, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг олон их сургууль төвлөрөн байрладаг их сургуулийн гудамж, бага тойруу дахь үйлчилгээний газруудаар орж, үйлчлүүлэгчдийг дагаад орлого хэрхэн нэмэгдсэнийг сонирхлоо.
Их хотын амьдралд тавтай морил, залуусаа
Биднийг “Tse” ресторан, пабад ороход сул ширээ байсангүй. Тус пабаар оюутан залуус ихээр үйлчлүүлдэг нь нууц биш. Учир нь байрлалаас гадна үнэ хямд хэрнэ тохилог орчинтой, найзуудтайгаа уулзаад суухад тун тохиромжтой газрын нэг. Энэ талаар үйлчлүүлэгчид ч хэлж байлаа. Нэгэн үйлчлүүлэгч “Манай сургуультай ойр байрладаг болохоор ихэвчлэн энд сууж хооллонгоо найзуудтайгаа хөөрөлддөг. Тийм болохоор хичээл эхлээгүй байгаа ч найзуудтайгаа уулзахаар энд ирсэн юм. Хамгийн гол нь энд хоол, болон уух зүйлийн үнэ хямд хэрнээ тохилог орчинтой. Манай найзууд ч энд суух дуртай байдаг. Магадгүй төгссөн ч оюутан насны дурсамжаа хуваалцахаар энд үе үе ирэх байх” гэлээ. Тус газрын зохион байгуулагчийн хэлж буйгаар зуны улиралд цөөн байсан үйлчлүүлэгч яг энэ үед эрс нэмэгддэг гэнэ. Одоогоор дунджаар 500 гаруй хүн үйлчлүүлж байгаа бөгөөд хичээл эхлэхэд энэ тоо улам нэмэгддэг аж.
Түүнчлэн “Tse”-гийн хажууд “CU” сүлжээ дэлгүүр хэд хоногийн өмнө нээгдсэн бөгөөд үйлчлүүлэгч ихтэй байв. Тус дэлгүүр нь 24 цагаар ажиллах бөгөөд дэлгүүрийн гадна талбайд олон залуус сууж байв.
Кино театрууд хөл хөдөлгөөнд дарагджээ
Дараа нь “Өргөө-2” кино театр оров. Энд мөн л хөл хөдөлгөөн их байлаа. Театрын хүлээлгийн хэсэгт гараасаа атгалцсан хосууд болон элдвийг ярилцах найзууд кино эхлэхийг хүлээн сууж байв. Тус театрын зохион байгуулагчийн хэлж буйгаар “Өргөө-2” кино театр нь гурван танхимтай бөгөөд зуны улиралд 17.00 цагаас өмнө танхим дүүргэлт 30 хувьтай байдаг бол 17.00 цагаас хойш 80 хувьтай байдаг аж. Харин наймдугаар сарын сүүл үеэс үйлчлүүлэгч нэмэгдэж 17.00 цагаас өмнө танхим дүүргэлт 50 хувь болж, 17.00 цагаас хойш 100 хувь болдог ажээ. Мөн “Оюутнууд цонхолж буй цагууддаа найзуудтайгаа кино үздэг. Бусад кино театруудтай харьцуулахад манайхаар оюутнууд ихээр үйлчлүүлдэг. Баасан гариг бүр манайд шинэ кино нээлтээ хийдэг болохоор оюутан гэлтгүй үзэгчээр дүүрэн байдаг” гэж байлаа.
Энэ сарын 24-нд “Шөнийн худалдаа” зохион байгуулна
“Internom” номын дэлгүүрт ороход мөн л үйлчлүүлэгч олон байв. Тус номын дэлгүүрийн менежерийн хэлж буйгаар “Номоос гадна бичиг хэрэг худалдаалдаг болохоор хичээл эхлэх гэж байгаа энэ үед үйлчлүүлэгч эрс нэмэгдэж байна. Ерөнхийдөө зунаас бусад улиралд үйлчлүүлэгч олонтой байдаг. Мөн энэ сарын 24-нд “Шөнийн худалдаа” зохион байгуулна. Худалдааг Mobicom-той хамтран явуулах бөгөөд шөнийн 23.59 цаг хүртэл кэндитэй урамшуулал зарлах юм. Ингэснээр кэнди хэрэглэгчдэд манай салбарын бүх ном 10 хувь хямдрах юм” гэлээ.
Хэдийгээр үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдийн тоо болон орлогоо нууцалж байгаа ч үйлчлүүлэгч нэмэгдэхийн хэрээр орлого нь нэмэгдэж байна нь нууц биш. Их хотыг зорих оюутан залуус нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний газруудын орлог нэмэгдэж байна.
Р.Ренчиндулам