Хоёр жилийн өмнө буюу Ардчилсан намын засгийн үед Монголыг донсолгож, цөөнгүй хүүхдийн амийг авч одсон улаанбурханы тархалт Европыг айлгаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гаргасан судалгаанд Европт улаанбурхнаар 41 мянган хүн өвчилж, 37 хүн амь үрэгдсэн талаар дурджээ. 2016 онд улаанбурханаар Европт 5273 хүн өвчилж байсан байсан бол 2017 онд 23927 болж өссөн байна. Харин 2018 энэхүү тоо хоёроор үржигдсэн нь ДЭМБ-ын санааг зовоож эхэлжээ.
“Улаанбурханы дэгдэлт хүүхдүүд болон насанд хүрэгсдийн амь насанд аюул учруулж, бидний хэдэн жилийн турш ажилласан хөдөлмөрийг үгүй хийж байна” гэж ДЭМБ-ын эмч Марк Мускат мэдэгдсэн байна.
Тус байгууллагын мэргэжилтнүүд улаанбурхан халдвар дэгдэх шалтгааныг вакцинтай холбон тайлбарлаж байгаа аж. Хүмүүс хүүхдүүддээ улаанбурханаас сэргийлэх вакцин тариулаагүйн улмаас хурдацтай тархаж байгааг онцолсон байна. Сүүлийн жилүүдэд вакцинаас болж, хүүхдүүд элдэв төрлийн өвчин эмгэгт өвчлөмтгий болдог гэх ойлголт хөгжингүй орнуудад газар аваад байгаа аж. Энэхүү ташаа ойлголтыг залруулахаар улс орнуудын Засгийн газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд кампанит ажил эрчимтэй явуулж байсан билээ.
“Энэ бол байж боломжгүй эмгэнэл! Бидэнд энэ төрлийн өвчнөөс сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцинууд байна шүү дээ” хэмээн эмч Марк Мускат өөрийн санал бодлоо илэрхийлжээ.
Одоогийн байдлаар улаанбурхан халдварт өвчин Европын 53 улс оронд дэгдээд байгаагаас Украин, Серби улсуудад халдварынхаа тоогоор тэргүүлж байгаа аж. 2018 он гарснаар Украинд улаанбурханаар халдварласан 23 мянган өвчлөл бүртгэгдсэн бөгөөд Сербид 14 хүн уг өвчний улмаас нас баржээ. Мөн Европ тивийн хэмжээнд улаанбурхан туссаны улмаас 37 хүн амь насаа алдсан болохыг ДЭМБ-ыг мэргэжилтнүүд тогтоосон байна.
Улаанбурхан бол агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм. Шинж тэмдэг нь хамар битүүрэх, нүд улайж, өндөр хэмтэйгээр халуурч илэрдэг байна. 3-5 хоногийн дараагаар арьсаар улаан өнгийн юм туурдаг аж. Улаан бурхан бол үхэлд хүргэх аюултай халдварт өвчин бөгөөд эмчлээгүй тохиолдолд сүрьеэ болж хүндэрдэг. Улмаар тархины хавдартай болгох аюултай учир цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай. ДЭМБ-ын гаргасан судалгаанд улаанбурхнаас болж дэлхийд өдөрт 450 хүүхэд энддэг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: CNN
Г. Батмандах